“Шивээс Монголд хөгжихийн төлөө” үүсгэн байгуулагч Бямбацогтын Болорчулуунтай ярилцлаа.
-Шивээсэнд анх дурлах болсон шалтгаан нь юу байв?
-Нэг найз маань хэд хэдэн шивээстэй байсан юм. Тэр найз маань их гоё, нэг л онцгой харагддаг байсан. Удалгүй найзуудтайгаа хамт чоно шивүүлж байлаа. Миний анхны шивээс тэр байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг шивээсэнд дурлаагүй, сонирхож л эхэлж байсан үе. Чонын шивээсийг маань хараад хүмүүс гоё байна гэж их хэлнэ. Би өөрөө аливаа ажил хийвэл эцсийг нь үзэж байж салдаг сонин зантай юм шиг байгаа юм. Найзууд ч тэгж их хэлдэг юм. Тэр зангаараа л ер нь хэн ч харсан баавартай гоё шивээстэй болъё, өөрөө ч хэлсэн дээ хүрдэг баавартай эр байя гэж шийдсэн. Ингээд л улам шивээсэнд дурлаж эхэлсэн дээ.
-Шивээсээ нэмээд эхэлхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Аав, ээж болон эхнэр их эсэргүүцдэг байсан. Ажил хийж олсон хэдэн төгрөгөө шивээсэнд зориулаад байхаар хэн ч дуртай байх вэ дээ. Гэхдээ дуртай зүйлээ хийе, аз жаргалтай болоё гэж байгаа бол эхлээд орлогоо нэмэгдүүлэх, хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэй юм билээ. Тэгж байж дуртай зүйлээ хийх боломж илүү олдоно.
-Аав нь хүүгээ хараад шивээс хийлгэж эхэлсэн гэлүү?
-Одоогоос бараг 10 жилийн өмнөх явдал л даа. Би хоёр гараа, нуруугаа, гуяаа шивээсээр дүүргээд улам л аз жаргалтай болж байлаа. Тухайн үед аав төдийлөн сайшаадаггүй. “Миний хүү ямар их шивээс хийлгээд байна аа” л гэдэг байв. Гэтэл аав нэг удаа өрөөндөө ороод хоёр хоног таг чиг. Өрөөгөөр нь шагайхаар утасаа үзээд сууж байна. “Аав юу бодоод байгаа юм бол, яасан юм бол” гээд л гайхаад байлаа.
Тухайн үед таньдаг хүн маань шивээсний студи нээсэн гэхээр нь би сонирхоод яваад очлоо. Гэтэл аав шивээс хийлгэчихсэн сууж байдаг юм. Үнэхээр их гайхсан,. Эсэргүүцдэг байсан хүн өөрөө хийлгэчихсэн сууж байхаар зүүдэлж байна уу гэж боддог юм билээ. Аав юу болж байна аа гэсэн “Шивээс нь гоё харагдаад байсан юм” гэж билээ. Аав ахиад ч илүү гоё шивээс хийлгэсэн. Аав минь одоо 62 настай.
-Шивээсний студи нээе гэж яагаад шийдсэн юм бэ?
-БНСУ-руу гэрээт ажилчнаар явж байлаа. Аав, ээжийнхээ гарыг харахгүй зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгоё гэдэг зорилгоор БНСУ-г зорьсон юм. Тэнд байх хугацаандаа их зүйл ойлгосон л доо. Хүний нутагт насаараа ажиллаж, амьдарна гэж байхгүй юм байна, эх орондоо очиж ажиллъя, харин юу хийх вэ гэж бодсон. Бодоод үзэхэд надтай хамгийн ойр, миний дуртай зүйл нь шивээс л байсан. Тухайн үед Монголын шивээсний салбарыг анзаархад төдийлөн сайн хөгжөөгүй байсан.
2021 онд Монголдоо ирсэн. Бодож төлөвлөсөн ажлаа ч хийж эхэлсэн. Анх хүмүүс төдийлөн таатай хүлээж авдаггүй байсан. Шивээс, шивээстэй хүн гэхээр л нэг л танхай, үл бүтэх хүн гэж ойлгоно. Гэсэн ч аль болох олон хүнд зөвөөр хүргэхийг зорьсоор, хичээсээр л байлаа. Олон ч арга бодсон. Хүмүүстэй ч уулзаж ярилцсан. Тэр үедээ алдаатай шивээстэй хүмүүсийн шивээсийг аваръя, өөрчилье гэж шийдсэн. Шивээс хийлгэсэн 10 хүний долоо нь алдаатай шивээстэй байдаг юм билээ.
Хамт олонтойгоо алдаатай шивээсийг аврах ажлаа хийж эхлэхдээ олон нийтэд тийм гоё хүрнэ гэж бодоогүй. Алдаатай шивээсийг аварч байгаа анхны дугаараа хийж, цахим хуудсандаа цацчихаад хэдхэн цагийн дараа харахад 30, 40 мянган хүнд хүрсэн байсан. “Миний шивээсийг янзлаад өгөөч” гэсэн маш олон коммент бичсэн байсан. Мөн утас маань долоо хоног тасралтгүй дуугарч, хэдэн мянган чат ирсэн. Үүнээс Монголд асуудалтай шивээстэй хүн маш олон байдаг юм байна гэдгийг илүү ойлгож, энэ асуудлыг шийдэцгээе гээд л ажлаа үргэлжлүүлсэн дээ.
-Шивээсний студиэ нээгээд хэр удаж байгаа вэ?
-Студиэ 2023 оны дөрөвдүгээр сард нээсэн. Манай “Шивээс Монголд хөгжихийн төлөө”-г дэмждэг, шивээсэнд хайртай залуус олноороо ирж үйлчлүүлсэнд улам их урам авсан. Нэг зорилго, мөрөөдөлтэй найзуудтайгаа нийлж эхлүүлсэн ажил учир улам л илүү өргөжиж байгаа. Хамтдаа зүтгээд л явж байна даа. Ганц амьдрахдаа дуртай зүйлээ хийгээд явж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хүн бүхэн л дуртай зүйлээ хийдэг байгаасай. Болж өгвөл хэн нэгийг баярлуулдаг, баярлалаа гээд хэлчихдэг байх хэрэгтэй. Гэхдээ бидний хийх дуртай зүйлс хэн нэгнийг хохироодог, дургүйг нь хүргэдэг байж болохгүй. Миний дуртай зүйл энэ гээд хэн нэгний халааснаас мөнгө хулгайлж болохгүй. Тийм бодолтой хүмүүс байна лээ, тэгж болохгүй шүү. Бид залуу хүмүүс өөрсдөдөө болон хөдөлмөр гэдэг гоё зүйлд найдаад амьдрах хэрэгтэй. Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн. Энэ залуу чин үнэнчээр хөдөлмөрлөөд, хичээгээд явж байна, энэ худлаа ярихгүй байна үүнийг нэг дэмжчихье гэж боддог юм шүү. Сайхан шүү дээ.
-Шивээс бүхэн утга учир, билэгдэлтэй байдаг уу?
-Бүх шивээс утга учиртай байх албагүй. Гоо зүйн хувьд шивээс гоё харагдах ёстой. Хэт утга учиртай байх ёстой гээд хүн харахад ойлгомжгүй, онцгүй байгаад байж болохгүй. Гоё харагдъя л даа, тийм биз дээ. Хүн харахад гоё хэрнээ утга учиртай л байх хэрэгтэй.
Мөн шивээс чанартай байх ёстой. Шивээс таны бие дээр насан туршид тань үлдэнэ. Үхэхдээ ч авсандаа аваад орох учраас чанар, агуулга нь хамгийн чухал. Тэр хэрээрээ шивээс өөрөө маш үнэ цэнтэй зүйл юм.
-Шивээс лизингээр хийлгэх боломжийг бүрдүүлсэн нь сонирхолтой санагдсан шүү.
-Би амьдралынхаа тэн хагаст шивээс хийлгэчихлээ. Хэт үнэтэй байхаар хэцүү байдаг гэдгийг би сайн мэднэ. Миний хувьд том шивээсэнд дуртай. Хөл, нуруу, цээж, гар дүүргэлт гээд л. Над шиг том шивээсэнд дуртай хүмүүс нэг удаадаа 3-4 сая төгрөг зарцуулна гэдэг амаргүй. Хүн яагаад хүссэн шивээсээ таатай үнэ, нөхцлөөр хийлгэж болохгүй гэж. Тиймээс бид хүмүүст шивээсээ зах зээлийн ханшны яг дундаж үнэлгээгээр, лизингээр хийлгэх боломжийг бүрдүүлсэн. Шивээсэнд дуртай хүмүүстээ таатай нөхцлийг бүрдүүлэх гэж л зорьсон нь энэ. Шивээсийг Монголд хөгжүүлхийн төлөө энэ мэтчилэн л хичээж байна даа.
-Анх шивээс хийлгэж байгаа хүмүүст артистууд нь хэр сайн зөвлөдөг вэ?
-Манайхаас болоод шивээс сонирхдог хүмүүс ихээр нэмэгдэх болсон. Анх сонирхож байгаа учраас шивээс хийлгэхдээ алдаа гаргах нь бий. Зураг, хэмжээ, байрлалаа буруу сонгох тохиолдлууд байдаг. Тэр бүрт нь манай артистууд сайтар зөвлөдөг. Яагаад заавал анхны шивээс бүр алдаатай болж, даруулах ёстой гэж. Одоо тийм цаг үе ард хоцорсон. Анхнаасаа л гоё шивээстэй болох боломжтой болсон.
-Цаашдаа юу зорьж, төлөвлөж байгаа бол?
-Шивээсийг Монголд улам хөгжүүлнэ. Бүр цаашлаад дэлхийд монгол шивээсчдийг таниулах зорилготой. Одоо ч танигдсаар байна. Олон улсын фестивалиудад монгол шивээсчид оролцож, хэд хэдэн түрүүг хүртсэн. Энэ нь монголчуудад авьяас байна гэдгийг харуулж байгаа юм. Шивээс Монголд сүүлд л орж ирсэн болохоор ийм хэмжээнд байгаа болохоос биш яг адил цаг хугацаанд орж ирээд, хөгжсөн бол дэлхийд эн тэргүүнд л яваа.
Эрэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Н.Нансалмаатай эрэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар ярилцлаа.
Шивээс маш чанартай байх ёстой. Таны бие дээр насан туршид тань үлдэнэ. Авсандаа ч хамт аваад одох тул чанар, агуулга нь хамгаас чухал юм. Б.Болорчулуун
“Family optic” эмнэлгийн хараа зүйч эмч Т.Гэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2004 онд АШУҮИС-ийг нүдний эмчээр төгсөж, 2008 оноос хүүхдийн хараа зүйгээр дагнан ажиллаж буй.
Энэ удаагийн дугаарт бидний маш сайн мэддэг UBCAB үүсгэн байгуулагч, Enomad системийг үүсгэн байгуулагч үеийн залуусынхаа түүчээ болж хийж бүтээж яваа Н.Отгонбаяртай уулзаж ярилцла