Манай улсын нэг иргэнд 5-7.4 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа нь олон улсад өндөрт тооцогдох тоо. Тэгвэл НЭМҮТ-өөс 2023 онд хийсэн сурагчдын эрүүл мэндийн судалгаагаар хүүхдүүдийн 42.3 хувь нь 14 наснаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэнээ хэлжээ. Уг судалгаанд 8-12 дугаар ангийн 3311 сурагчийг хамруулсан бөгөөд бараг тал хувь нь үүнийг уусан хэрэг. Мөн 13-17 настай долоон сурагч тутмын нэг нь олон удаа согтсоноо хэлжээ.
Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд 15-24 настай 1002 хүнийг хамруулсан судалгаагаар 13 хувь нь архи, согтууруулах ундааны “эрсдэлтэй хэрэглээтэй” гэсэн үр дүн гарсан байна.
Нарийвчлан ангилбал, үүний 6.2 хувийг 15-17 насны сурагчид эзэлжээ. Архи, согтууруулах ундаа хэрэглэж буй шалтгаанаа тэдний олонх нь нийгэмшиж, хөгжилтэй байх, хэн нэгэнтэй танилцаж, дотносох, тэмдэглэлт арга хэмжээнд оролцсон зэргээр тайлбарласан байна.
Уг нь 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон заалт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд бий, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дээр дурдсан хоёр судалгааны үр дүн үндсэндээ эл зохицуулалт үйлчлэхгүй, хэрэгжихгүй байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа залуучуудад олдоц ихтэй, элбэг байна гэсэн үг. Энэ тухайд НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга , анагаах ухааны доктор М.Ундрам “Аливаа үйл ажиллагаа эрүүл мэндэд үр нөлөөтэй байгаа эсэхийг жагсаагаад үзвэл хамгийн үр дүнтэй, илүү олон хүнийг хамардаг ажил нь нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа байдаг. Хувь хүний онцлог, зан үйлийн ялгаатай байдал, гэр бүлээс нь үл хамааран худалдааны, хуулийн болон бодлогын гэх мэт орчин, нөхцөлийг нь өөрчилвөл илүү олон хүнийг аливаа эрсдэлээс хамгаалах боломж бүрддэг. Жишээ нь, дэлхий дахинд архины эсрэг SAFER хэмээх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгодог. Уг товчлол дахь S үсэг нь согтууруулах ундааны олдоцыг бууруулах үр дүнтэй арга хэмжээнд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгчийн насны доод хязгаарыг хуулиар тогтоох тухай агуулгыг багтаасан байдаг” хэмээн өчигдөр тус төвөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Иймд НЭМҮТ-ийнхөн “Нууцлаг үйлчлүүлэгч” тандалтын арга хэмжээ явуулж иржээ. Уг тандалтыг зохион байгуулсан “Эрүүл мэнд-амьдралын гүүр” ТББ-ын эмч Ө.Жаргалтулга танилцуулсан. Тандалтын эл аргыг олон улсын хэмжээнд 1940-өөд оноос эхлэн үйлчилгээний байгууллагын чанарыг сайжруулахаар зорилгоор хэрэглэж ирсэн бол сүүлийн үед нийгмийн эрүүл мэндийг хангахын тулд ашиглаж байгаа аж. Тус тандалтын багт АШУҮИС болон ШУТИС-ийн оюутнууд буюу 21 нас хүрээгүй залуус багтан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт харьяалах найман нэрийн зарим дэлгүүр, согтууруулах ундаагаар үйлчлэгч байгууллагад “нууцаар” ажилласан байна.
Энэ явцад 83.9 хувь нь тухайн дэлгүүр, үйлчилгээний газрын “тандсан” 21 нас хүрээгүй хүнд иргэний үнэмлэхийг нь шалгаж, насыг нь асуулгүй шууд согтуулах ундаа борлуулж, үйлчилжээ.
Цаашлаад 16.1 хувь нь тухайн “нууцлаг” үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгасан ч 90.3 хувь нь согтууруулах ундааг худалдаж, үйлчилсэн байна. Өөрөөр хэлбэл, 21 насанд хүрээгүйг нь мэдсээр атал худалдан, үйлчилж, хууль зөрчиж.