Японы гол телевизүүдийн нэг “Асахи” суваг ийм нэртэй манга цувралаас сэдэвлэсэн ижил нэрт анимэ кино бүтээж байгаагаа зарлалаа. Кино яг хэзээ дэлгэцэнд гарах нь тодорхойгүй ч анхны трэйлер нь хэдийн цацагджээ. Киноны болон манга цувралын зохиолч болох Tomato Soup гэх зохиогчийн нэртэй уран бүтээлч уг манга цувралыг 2021 оны есдүгээр сараас цахим хувилбараар цацаж, энэ оны эхээр томоохон манга сэтгүүлүүдэд мөн цувралаар нийтлүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр номыг англиар орчуулж гаргах эрхийг Америкийн манга хэвлэлийн газар Yen Press худалдаж авсан бөгөөд удахгүй цувралыг англиар эрхлэн гаргах гэнэ.
Манга сонирхогчдын дунд тун богино хугацаанд танигдаж, олны анхаарлыг татсан “Jaadugar: A Witch in Mongolia” цуврал нь 2023-24 онд хоёр жил дараалан шилдэг манга цувралын жагсаалтад багтсан байна. Цувралд Монголын эзэнт гүрэнд амьдрах Фатима хэмээх охины адал явдлыг өгүүлдэг аж. Tomato Soup бүр жаахан байхаасаа Монголын үүх түүхийг сонирхсон нэгэн гэнэ.