Пакистанд Израилийг болон гол холбоотон нь болох АНУ-ыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал цуглаан газар авч, Америкийн нийгмийн бэлгэдэл гэгдсэн KFC түргэн хоолны сүлжээ рүү халдах тохиолдол нэмэгджээ. Сүүлийн ганц  долоо хоногт гэхэд Пакистаны хэд хэдэн хотод тус сүлжээний 20 гаруй салбарууд руу халдсан хэрэг бүртгэгдсэн байна. Харин өчигдөрхөн Карачи хотод KFC-ийн хоёр салбарыг галдан шатааж, нэгнийх нь гадаа үймээн бужигнаан дэгдэн, иргэд цагдаа нартай мөргөлдсөнөөс болж олон арван хүн бэртэж гэмтсэн бол Шейкупура хот дахь салбарын нэгэн ажилтан, 45 настай эрэгтэй буудуулан амиа алджээ.

Пакистаны Дотоод хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж, KFC буюу Кентакийн шарсан тахиа брэнд нь хэдий Америкийнх боловч бүх салбарт нь пакистан хүмүүс ажиллаж, ашиг орлого нь ч Пакистанд үлдэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй гэж хатуу анхааруулсан байна.

Газын дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хэдэн сард исламын шашинт орнуудад олноороо гарч, ялангуяа шашны хэт үзэлтнүүд Израиль-“Хамас”-ын зэвсэгт зөрчилтэй холбоотой бүхий л бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг олон нийтэд уриалах болжээ. Энэ мэт бойкотоос болж МакДональдс, Старбаксын салбаруудын ашиг орлого тодорхой хэмжээгээр буурсан мэдээ бий.