Тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Ойрх Дорнодод энхийг тогтооход Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй явдал, тиймээс ч улс орон нь ойрын хэдэн сарын дотор, магадгүй ирэх зургаадугаар сард Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр “France 5” сувагт өгсөн ярилцлагадаа Израиль-Палестиний зөрчлийг хэлэлцэх НҮБ-ын дээд хэмжээний чуулганыг Франц улс Саудын Арабын хамт ирэх зургаадугаар сард даргалахыг сануулаад, мөнхүү уулзалтаар олон улс ямар нэг шийдэлд хүрэх хэрэгтэй, үгүйдээ л ямар нэг чухал шийдвэрийн эхний алхам тавигдах ёстой гэсэн байна. Тэгэхдээ “Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь хэн нэгэнд, аль нэг улсад тал зассан хэрэг биш. Харин хэзээ нэгэн цагт зөв зүйтэй алхам болох нь тодорхой болох учраас л би энэ алхмыг хийнэ” гэж онцолжээ.
Харин Макроны мэдэгдлийн хариуд Израиль улс Палестинийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх нь “Хамас” тэргүүтэй исламын хэт үзэлтнүүдийг дэвэргэсэн явдал болно хэмээн сэрэмжлүүлсэн бол Палестиний талаас одоогийн зэвсэгт зөрчлийг эцэслэхэд Францын дэмжлэг ихээхэн тус болно гэсэн байна.
Одоогоор НҮБ-ын гишүүн 193 улсын 146 нь Палестинийг бүрэн эрхт тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөг юм. Өнгөрсөн онд гэхэд Армен, Словен, Ирланд, Норвеги, Испани, Багамын арлууд, Тринадад ба Тобаго, Ямайк, Барбадос улс эдгээр орны эгнээнд нэгджээ. Гэхдээ АНУ, Австрали, Их Британи, Франц, Герман зэрэг дэлхийн томоохон хүчнүүд Израиль-Арабын орнуудын зөрчил шийдэгдэхээс нааш Палестинийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм. Барууны орнууд Саудын Араб, Иран, Ирак, Сири, Иемен зэрэг орныг Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс нааш Палестинийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдаг. Харин хэзээнээсээ хоёр улсын шийдлийг дэмжиж ирсэн Франц улс олон улсын харилцаанд гол тоглогч гэгддэг орнууд Палестинийг хүлээн зөвшөөрвөл Израилийг хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч даруй шийдэгдэнэ гэсэн найдлага тээж байгаа аж. Макрон саяхан Египетэд айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч болон Иорданы хаан нартай уулзаж, Газын иргэдийг болон Израилийн хяналтанд байгаа Баруун эргийн иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.