Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт өндөр байгааг ХӨСҮТ-өөс өдөр бүр анхааруулсаар, эмч мэргэжилтнүүд борви бохисхийх завгүй, амралтгүй ажиллаад хэдэн сар болж байна. Өнөөдөр ч адилхан, эрсдэл ачаалал улам ихэссэн үү гэхээс буурсангүй. Улаанбурханы халдвар хоногт 30-40 бүртгэгдэж өвчний хавьтал 10 мянга давлаа. Мөн салхин цэцэг, менингококкт халдвар ихсэж байгааг сэрэмжлүүлсээр буй. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд сурагчдыг нэг бүрчлэн вакцинжуулах ажлыг эхлүүлж анги танхим болгоноор орж хүүхдүүдийн ягаан дэвтэр нэхэж байгаа. Хэрэв вакцин хийлгээгүй бол нөхөн дархлаажуулж байгаа хэрэг. Улаанбурхан өвчний тархалтаас болж Өмнөговь, Дундговь аймгууд сургууль, цэцэрлэгээ цахимд шилжүүлээд байсан нь саяхан.

Тэр тусмаа ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчнийг ерөнхий боловсролын сургуульд голомтлон тархаж байгаа нь илүү өндөр эрсдлийг дагуулж байгаа. Магадгүй зарим үед менингококкт халдвартай хавсрах вий гэсэн айдас болгоомжлол бий. Ийн эрүүл мэндийн салбарынхан халдварт өвчинтэй тэмцэж өдөр шөнөгүй нойр, хоолгүй зүтгэж байхад нөгөө талд эрх мэдэлтэй дарга нар иргэдийг хэдэн мянгаар нь цуглуулсан эвент арга хэмжээг тасралтгүй хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-нд НИТХ-аас Сүхбаатарын талбайд 3333 сурагч зогсоож байгаад "Тусгаар тогтнол" шүлгийг уншууллаа. Хүүхдүүдээ хүргэж ирсэн гэр бүл, найз нөхөд, үзэж харахаар цугларсан хүмүүс гээд тоолж барамгүй томоохон цугларалт улс орон даяар болсон.
Гэтэл эл үйл явдлаас хоёр хоногийн дараа гэхэд улаанбурхан өвчний хавьтал даруй 2000-аар нэмэгдэн есөн мянга давж, 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэв.
Үргэлжлүүлээд НЗДТГ-аас төв талбайд битүү асар барьж байгаад хотын хоолны фестивалийг зохион байгуулаад гурав хонож байна. Бүр шөнө орой болтол урлаг соёлын тоглолт болж байна. Цаашид ч энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Энэ бүх цуглааны үеэр халдвар хамгааллын дэглэм ярих боломжгүй нь ойлгомжтой байна шүү дээ. Харамсалтай нь нийслэлийн дарга нар төв талбайд хүмүүсийг хэдэн мянгаар нь цуглуулж байтал нөгөө талд хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд халдварт өвчний тархалт эрчээ авлаа.
Тодруулбал, НИТХ-аас 3333 хүүхдийг төв талбайд шүлэг уншуулахаас өмнө буюу энэ сарын 3-нд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 253, эмнэлэгт 116, хавьтал 7220 байсан бол долоо хоногийн дараа өнөөдрийн байдлаар батлагдсан 479, эмнэлэгт 166, хавьтал 10346 боллоо. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн дотор халдварт өвчний батлагдсан тохиолдол хоёр дахин өсөж, хавьтал 3000 гаруйгаар нэмэгдэж 10 мянган давлаа. Даваа гарагт сургуулийн хүүхдүүд цугларна. Ийм өндөр эрсдэлтэй нөхцөлд сурагчдаа хүлээж авах нь. Эрсдэл өндөр байгааг анхааруулж шаардлага, зөвлөмж хүргүүлэх учиртай Нийслэлийн эрүүл мэндийн газар нь ч таг чиг. НЭМГ яамны биш НЗДТГ-ын харьяанд байдаг болохоор нийслэлийн удирдлагуудыг дэмжихийн тулд энэ олон хүний эрүүл мэндийг хөсөр хаяж болохгүй байлтай.
Хамгийн гол нь цаашид тархалт улам бүр нэмэгдэж эрүүл мэнд, амь насны асуудал яригдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хэдэн өдөр дараалан мянга мянгаар нь цуглуулж өөрсдийгөө сурталчилсан хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр нар үүрэх үү.
Улаанбурхан нь агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь буюу тэр дундаа хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.Тиймээс бүгд амны хаалтаа буцаад зүүх цаг ирлээ гэдгийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлсээр байгаа юм.
