Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш түүний бодлогоор Америкийн хөгжлийн хөтөлбөр тэргүүтэй олон улсын тусламжийн байгууллагуудын санхүүжилт танагдан, зарим улсад бүр нэг мөр тасраад байгаа. Энэ нь олон талаар сөрөг нөлөөтэй, сая сая хүнийг үхэлд ч хүргэж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тэгвэл Өмнөд Судан улсад яг энэ шалтгаанаар булчин задрах тахал буюу холероор өвдсөн таван хүүхэд, гурван том хүн нийт найман өвчтөн Америкийн тусламжаар ажиллаж байсан ойролцоох эмнэлэг нь үүдээ барьснаас хэдэн цагийн зайд байх өөр нэг эмнэлэг рүү алхах замдаа нас барсан хэрэг гарчээ.

“Save the Children” байгууллагаас мэдээлснээр Өмнөд Суданы зүүн хэсэгт орших үерт нэрвэгдсэн Жонглей мужид энэ явдал болсон байна. Трампын Засгийн газрын олон улсын тусламжийг танах бодлогоос болж зөвхөн тус мужид гэхэд эрүүл мэндийн долоон төв үүдээ барьж, 20 гаруйнх нь санхүүжилт танагдан, зөвхөн сайн дурынхан л үйл ажиллагааг нь хариуцан үлджээ. Ингэснээр хүнд өвчтөнүүдийг өмнөх шигээ шаардлагатай газар нь хүргэж чадахаа больсон байна.

Зүүн Африкийн орнуудад үеэр усны аюул нүүрлээд байгаагаас зөвхөн Өмнөд Судан улсад гэхэд өнгөрсөн аравдугаар сараас хойш булчин задрах тахлын 46 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Тэднээс 871 өвчтөн нас бараад байна.