Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Стандарт, хэмжил зүйн газар,Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамтарсан хяналт шалгалтын баг Дархан-Уул аймгийн “Дархан” захад ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажилтнууд “Дархан” захын хүнсний лангуунаас төмс, манжин, ногоон чинжүү, слив жимснээс 10 төрлийн дээж авч импортын хоёр, дотоодын хоёр хүнсний ногоонд шинжилгээ хийхэд импортоор оруулж ирсэн ногоон чинжүүнээс пестицидийн үлдэгдэл илэрсэн тухай Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хими хор судлалын лабораторийн эрхлэгч Л.Уранчимэг хэлж байна. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн пестицидийн үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүн удаан хугацаанд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний эх үүсвэр болох эрсдэлтэй юм гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дархан-Уул аймагт хоёр зах, гурван томоохон худалдааны төв байдаг бөгөөд 800 гаруй худалдаачин хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын байцаагчид лангуун дээр зарж байгаа махнаас дээж авч, мах махан бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгахад ноцтой зөрчил илрээгүй тухай холбогдох албаныхан мэдээлж байна. Иргэд мах махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа гарал үүслийн гэрчилгээг тогтмол шаглаж, QR код уншуулан, худалдан авч буй мах нь аль аймгийн ямар сумын хэн гэдэг малчнаас ирсэн болохыг мэдэх боломжтойг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд анхаарууллаа. Хяналт шалгалтаар Стандарт, хэмжил зүйн газраас худалдаачдын жин хэмжүүр, хэмжих хэрэгслүүдийн баталгаажуулалт, бүрэн бүтэн байдал зэрэгт шалгалт хийхэд ноцтой зөрчил илрээгүй байна. Хүнсний худалдаа эрхлэгчид жин хэмжүүрийн төрлөөсөө шалтгаалан 6 сар эсвэл 1-2 жил тутам жин хэмжүүрээ стандартад нийцсэн эсэхийг хянуулж, баталгаажуулах шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан сануулж мэдээллээр хангаж ажиллалаа.