Их Британийн Сангийн дэд сайд Даррен Жонс ийн мэдэгдлээ. Тэрбээр Америкийн засаг захиргаанаас Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн тарифын шинэ журмыг “даяарчлалыг эцэслэсэн үйлдэл” гээд олон нийт дэлхийн эдийн засаг цаашид улам хүндэрнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, айсуй хямралд бэлэн байх хэрэгтэйг сануулжээ. Мөн “түргэн хувцас” гэгддэг хурдан эргэлттэй хямд бэлэн хувцас, өртөг зардал багатайнхаа хэрээр зах зээлд хямд зарагдаж ирсэн зурагт, цахилгаан барааны эрин үе ч шувтарсан хэмээн онцолсон байна. Гэхдээ олон улс, тэр дундаа Британи тэргүүтэй Европын орнууд Трамптай хэзээд яриа хэлэлцээ хийхийг илүүд үзнэ, удахгүй ямар нэг тохироонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.

Гадаадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифын хэмжээг хамгийн багадаа 10 хувь байлгах, зарим улсад бүр 50 хүртэлх хувийн тариф ногдуулах бодлогоо Трамп дотоодын эдийн засгаа дэмжих, сэргээх гэж тайлбарласаар байгаа. Харин энэ нь олон улсын санхүүгийн зах зээлийг хямрааж, худалдааны эргэлтэд сааж учруулах нь баттай болоод байна.

Трампын тарифын хуулийг эсэргүүцэн улс орнууд өөр өөрсдийнхөөрөө хариу үйлдэл үзүүлж эхэлсний дотор Хятад тэргүүтэй орнууд хариу тарифын нэмэлт хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Хятадын Худалдааны яам Америкийн “дээрэнгүй бодлого”-ыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн бол Трамп Бээжингийн хариу арга хэмжээнд мөн хариу барьж, тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифын нэмэгдлийг 104 хувьд хүргэнэ гэж сүрдүүлээд байна.