Reporter
Search Icon

Дүр тод

МУУГЗ, Дүрслэх Урлагийн Академийн хүндэт профессор зураач С.Дагвадоржтой ярилцлаа.

-Танд огт зураг зурмааргүй үе байдаг уу?

-Заримдаа бүр хэдэн сараар ч зурахгүй байх тохиолдол бий. Өдөр, шөнөгүй зурдаг зураачид байдаг. Гэхдээ тэдний бүтээлийг харахаар яг нэгэн хэвэнд орчихсон санагддаг. Энэ нь нэг ёсондоо үйлдвэрлэл. Соёлын яам бүтээлч үйлдвэрлэл гэж их ярьдаг. Энэ үг надтай яагаад ч зохицдоггүй. Ер нь уран зургийн урлаг дээр үйлдвэрлэл байж болдоггүй юм.

-Зураг зурхыг бясалгалтай дүйж болох уу?

-Бясалгалгүй бүтээл хэзээ ч хүнд хүрэхгүй. Хүнд хүрсэн бүтээл бүр минь бясалгалаас үүдсэн байдаг. Бясалгал нь он удаан хугацаанд үргэлжилсэн байх нь ч бий. Хоромхон зуур бясалгана гэж надад лав байхгүй. 20-иод жилийн өмнө эхэлсэн хэр нь дуусаагүй зураг ч надад байдаг. Зарим бүтээл тийм урт хугацааны бясалгал шаарддаг юм.

-Зураач бүр өөрийн өнгөтэй байдаг гэдэг. Таны өөрийн өнгө юу вэ?

-Би Дүрслэх урлагийн дунд сургууль, Суриковын нэрэмжит Москвагийн уран зургийн академийг уран зургийн мэргэжлээр төгссөн юм. Уран зураг гэдэг бол өнгө дүрс. Будгаар бичнэ гэдэг ойлголт бий. Бичнэ гэдэг нь өнгөөр өнгө гаргаж зурахыг хэлж байгаа юм. Будгаар дүрсэлнэ гэж ч бий. Хар зургаар, будгаар бол чамайг зурна. Харин бичнэ гэдэг нь чамд байгаа өнгөнүүдийг гаргаж ирнэ гэсэн үг. Үүнийг суурь уран зураг гэдэг. Дүрслэх урлагийн бүх мэргэжилд суурь хэрэгтэй. Тэр нь энэхүү уран зураг юм. Дархан, барималчин болсон ч суурь урлагийг эзэмшсэн байх ёстой.

Уран зураач хүн будгаас өнгө гаргадаг. Тэр нь миний өөрийн гэсэн өнгө болж гардаг. Өөрийн өнгө их олон бүтээлийн дараа ялгарч гарч ирдэг. Би ийм өнгөтэй юм байна гэдгээ тэр олон зургийн дараа мэддэг хэрэг. Минийх хэдэн үндсэн өнгөндөө л багтдаг. Гэрэл, сүүдрийг л амьд гаргасан байдаг нь миний онцлог юм уу даа.

-Ийм өнгөтэй болъё гэж зорьсноор бус цаанаасаа л тэр өнгө урган гардаг байх нь.

-Тийм. Дуучин бүр өөрийн гэсэн өнгө аялгуутай байдагтай л адил юм. Гэхдээ зураачдын өнгө хоорондоо тун төстэй болчихсон. Будаг үйлдвэрлэгчид үндсэн өнгө үйлдвэрлэхээ болиод бүх төрлийн өнгийг гаргадаг болсон. Тэгэхээр дэлгүүрт байгаа будгийн өнгө л хавтан дээр гарч байгаа. Зураач өөрийн өнгийг хайж, боловсруулж олох биш шууд л бэлэн өнгөөр будаад эхэлчхэж байгаа хэрэг. Үзэсгэлэн үздэг хүмүүс ч эрэгтэй, эмэгтэй зураачдын өнгө ялгагдахгүй болсныг анзаарах болсон байна лээ. Угтаа мэргэжлийн уран бүтээлчид, сайн зураачид будаг болгоныг шүүрч аваад байдаггүй. Үндсэн өнгийг л авч ашигладаг.

-Та зурах авьяасаа хэрхэн нээж байв?

-Анх нэгдүгээр ангидаа зураач гэх нэр зүүж байлаа. Би Жанжин Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийг төгссөн юм. Нэг өдөр Багшийн дээд сургуулиас ирсэн оюутнууд дадлага хийж байх үедээ манай ангид орж ирээд сургуулиас зургийн уралдаан зарлаж байна, дуртай зургаа зураарай гэв. Хүүхдүүд ч юу юугүй зураад эхэллээ. Надад зурах гэсэн санаа орж ирдэггүй. Хичээл завсарлах цаг дөхөөд, өнөөх оюутнууд шавдуулаад байдаг юу зурахаа шийдэж чаддаггүй. Ээж намайг мундаг гэж магтаад л байдаг худлаа магтжээ. Би ч тэнэг толгой юм даа гээд л өөрийгөө чамлаастай.

Эцэст нь бодож бодож сургуулиа зурахаар шийдлээ. Хичээл завсарлаж хүүхдүүд ч гараад гүйцгээлээ, ганцаараа үлдлээ. Оюутнууд зургийг маань ихэд тоож байгаа нь илт. Тэд сандралгүй зургаа дуусга гэсэн учир ганцаараа тайван гэг чинь зураад дуусгалаа. Хэд хоногийн дараа сургуулийн спорт зааланд дууддаг юм байна. Миний зураг удаах байранд шалгарчээ. Будгийн харандаа, зургийн дэвтэр, ватум цаас бэлгэнд авч, бас болоогүй захирал маань ханын сонины коллегийн гишүүн болгосныг дуулгав. Яг үнэндээ ханын сонин тэр дундаа коллеги гэдгийг ч ойлгохгүй жаал явлаа даа. Тэр цагаас хойш хүүхдүүд “зураачаа” гэж дууддаг болсон. Тухайн үед хүүхдүүд хоорондоо их зодолдоно. Ямар ч учир шалтгаангүй л зодолдчих нь.

Харин “зураач” гэх нэртээ болсноос хойш хүүхдүүд үнэлдэг болсон ч юм уу надтай зодолдохоо больчихож билээ.

-Та 1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулиа дүүргэчхээд Москва руу явсан. Таныг багш нар тань лидер гэж дууддаг байсан гэдэг. Авьяас чадварыг тань бодитоор үнэлдэг байж ээ дээ.

-Намайг анх очиход багш нар маань “Чи Ленинградаас шилжиж ирсэн юм уу” гэж асууж байсан. Дунд сургуулиа төгсөөд гурван жил ажиллачхаад Москвад очсон нь зөвджээ гэж боддог юм. Дээрээс нь дандаа зөвлөлтөд сурч төгссөн багш нараар хичээлээ заалгасан болохоор суурь нь чамлахааргүй сайн тавигдсан хэрэг л дээ.

Би орчин үеийн контемпорари урлагаар бүтээлээ туурвидаг. Энэ урлагийг маш хурдан ойлгож, хийсэн бүтээл минь олон улсад үнэлэгдэж, дандаа шилдгээр шалгараад байгаагийн учир нь миний Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог гэж хүнтэй холбоотой. Багш маань маш гоё натурморт тавина. Натурморт гэдэг нь эд юмсыг хараар зурдаг гэсэн үг. Сүүлдээ надаар их натурморт тавиулдаг болсон юм. Тухайн үедээ би багш залхуурч байна даа л гэж боддог байв. Яг үнэндээ багш надад туршлага суулгаж байсан юм билээ.

-Та ирэнгүүтээ Дүрслэх урлагийн дунд сургуульдаа багшилсан байдаг билүү?

-Том бүтээлүүд хийе гэж бодож Монемунталь чимэглэлийн газарт орох санал өгсөн ч Дүрслэх урлагийн сургууль манай бэлтгэсэн хүүхэд юм аа гээд шууд авчихсан. Хэсэг багшилж байгаад Урчуудын эвлэлд ажиллаж эхэлсэн. Сонин түүх хуваалцахад, 1988 онд Урчуудын эвлэлд ажиллаж байхдаа 45 мянган төгрөгийн цалин авч байлаа. Миний дараа Ардын зураач Ш.Чимиддорж 25 мянган төгрөгийн цалин авч байсан. Хүн бүр 50, 100 хамгийн ихдээ 5000 төгрөгийн өртэй байхад бид хоёр тийм өндөр цалин авч хүмүүсийг ихэд гайхшруулсан даа.

-1988 оны 45 мянган төгрөг гэдэг их мөнгө. Яаж тийм өндөр цалин авах болсон юм бэ?

-Захиалгаар л олсон хэрэг. Захиалгыг өөрөө л олдог үе байсан. Нэг өдөр ажил олохоор Чимидээ найзыгаа хүчээр шахам дагуулаад л гарлаа. Төрийн соёрхолт, Ардын зураач, УГЗ Ш.Чимэддорж шүү дээ. Хүнсний 20 дэлгүүрийн наад талд Хоршоолол-2 гэх гуанз байсан юм. Гаднаасаа ч, дотроосоо ч тэр их муухан өнгө төрхтэй. Довжоо нь гэж хэдэн тавын банз, хаалга нь төмөр пүршин татуургатай тас, няс хийнэ гэж жигтэйхэн. Тэр гуанз руу ороод юу ярихаа ч бодоогүй хэр нь шууд эзэнтэй чинь уулзъя л гэлээ. Эзэн нь гээд нэг эмэгтэй хоол идээд сууж байна. “Хүүхдүүд юу гэж явна” л гэв. “Урчуудын эвлэлийн зураачид явж байна. Бид сая хуралдаад нийслэл хотоо орчин үеийн болгох үүрэг амлалт авчхаад явж байна. Танай гуанзнаас эхэлж болох уу” л гэлээ. Өнөөх эмэгтэй “Эгч нь бас хуралд суугаад гуанзныхаа өнгө үзэмж, тохижилт, үйлчилгээгээ сайжруулах үүрэг авчхаад сууж байна. Насаараа энэ гуанзнаасаа холдоогүй эгч нь яаж гоё болгохыг үнэндээ мэдэхгүй юм. Та хоёрыг яг бурхнаас илгээжээ” гэх нь тэр. Бид ханан дээр тань уран зураг зурж, хаалгыг тань шилэн болгоно. Эхний ээлжид эскиз зургаа гаргаад зөвлөлөөрөө батлуулаад ажил эхэлнэ гэдгийг хэлэв. Үнэ ханш хэд болох вэ гэхэд 110 мянган төгрөг гээд л хэлчихлээ. Одоогийн 100 сая төгрөгтэй л тэнцэх үнэ хэлсэн хэрэг. Эгч ч зөвшөөрлөө. Том ажил олсон хоёр Урчуудын эвлэлийнхээ уран сайхны зөвлөлөөр орлоо. Зөвлөлөөс 110 мянга гэдэг хэтэрхий өндөр байна 90 мянган төгрөгөөр л хийж гүйцэтгэ гэж билээ. Бид хоёр ч хийлгэ гэж зөвшөөрсөн нь их юм гээд л гуанзныхаа тохижилтын ажил руу шамдсан. 20 гаруй хоногт яг ярьснаараа хийж гүйцэтгэсэн дээ. Дараа нь өнөөх гуанз маань хүнээр тасрахаа больсон. Шагайх бүрд л битүү байдаг болсон доо. Тав тух гэдэг хүнд тийм л их нөлөөлдөг юм билээ.

-Таныг дөрөө “Дагва” гэж нэрлэх хүн олонтоо байдаг. Дөрөөтэй хэрхэн холбогдсон юм бэ?

-“Ногоон морь” нийгэмлэг гэж байлаа. Тэднийх модерн арт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг сургуультай байсан юм. Захирал нь “Манайх элсэлтгүй болчихлоо. Элсэлт аваад өгөөч” гээд хандсан. 1990-ээд онд бүхий л сургуулиуд оюутангүй болсон. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үед эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ дагуулаад ганзагын наймаанд явахыг л илүүд үздэг байлаа. Ямартаа ч элсэлтээр цөөнгүй хүүхдүүд элсүүлж авсан. Намар нь аравдугаар сарын үед Японоос гурван уран бүтээлч Монголоос Зүүн Азийн фестивальд оролцох хүмүүс шалгаруулахаар ирлээ. Тэр үед би өнөөх сургуулийнхаа захирлаар ажиллаж байлаа. Өнөөх япончууд манай сургуулийн нөхцөл байдалтай танилцаад буцаж очсоныхоо дараа бидний гурван нөхдийг өнөөх том фестивальдаа урьсан. Фестивальд оролцох бүтээлээ эх загвараар нь явуулж ч амжив. Тухайн үед хүмүүс барууны уран бүтээлчдийг л их дуурайдаг байсан.

Миний хувьд монголчууд бид нүүдэлчин ард түмэн юм чинь энэ онцлогоо харуулах нь зүйтэй гэж бодсон. Ингээд дөрөөнүүдийг сураар дүүжилж, дор нь элс асгаад зохиомж хийсэн. Энэхүү гурван холбоо нь уг зохиомжийн утга, агуулга, цаг хугацааны хувьд хязгааргүй орон зайг илэрхийлж байгаа юм.

Бүтээл маань 1998 онд Япон улсын Нийгата мужид зохион байгуулагдсан зүүн хойд Азийн орнуудын II фестивальд Монгол Улсын контемпорари урлагийг төлөөлөн оролцсон анхны инстоляци болсон.

Мөн 2000 онд Кванжу олон улсын биеннальд Ази тивийг төлөөлөн оролцож тэргүүн байрт шалгарсан. Ингэж л дөрөөтэй анх холбогдсон түүхтэй. Хүмүүс тэр үед дөрөөг төмрийн хогонд их өгчихдөг байсан. Тохиолдлоор ч юм уу намайг Кванжу олон улсын биеннальд оролцоод ирсний дараа Улсын Их дэлгүүр дөрөө, нум сумны тасагтай болчихсон байсан. Дараа нь 2003 онд авдартай зохиомж хийж үзэсгэлэн гаргасан. Зөвхөн авдар ч бус унь, хана, тооно гээд л. Гэтэл тэр үед авдар их үнэд орсон. Авдраа тагт, амбаартаа тоос даруулж хураадаг байсан айлууд угааж, цэвэрлээд хоймортоо тавьдаг болсон. Нэрийн тухайд хэлэхэд дөрөөнөөс гадна модерн, контемпорари, лонх Дагва гээд л хийсэн бүтээлийнхээ нэрээр их нэрлэгдсэн дээ.

-Кванжу биенналь бол таван тивийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг том наадам. Энэ наадамд тэргүүн байрыг эзэлсэн анхны монгол хүн болно гэдэг амаргүй даваа байсан байх.

-Таван тивийн шилдгийг тодруулдаг Кванжугийн биеннальд би Азийг төлөөлөн оролцож, тэргүүн байрын шагнал хүртсэн. Энэ шагналыг яагаад хүртчихэв гээд бодохоор Суриковын нэрэмжит Москвагийн уран зургийн академид суралцахдаа олж авсан туршлага минь их нөлөөлсөн байдаг. Би гурваас тавдугаар курс хүртлээ Оюутны зөвлөлийн Конкурс эрхэлсэн секторт ажиллаж байлаа. Зөвлөлтийн холбоотон улсууд бүгдээрээ уран зургийн их, дээд сургуулиудтай. Тэдгээрийн хооронд уран зургийн уралдаан их зохион байгуулагдана. Түүнд манай сектор онцгой үүрэгтээ оролцож, өөрийн сургуулийн оюутнуудаа уралдаанд амжилттай оролцуулах, ухуулга сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулдаг байлаа. Тэмцээний талаар ухуулга сурталчилгаа хийж байх үедээ өөрөө ч утга учрыг нь сайн ойлгочихдог байв. Энэ нь ч хэд хэдэн удаа амжилт гаргахад минь нөлөөлсөн. Товчхондоо оюутан ахуй цагтаа ямарваа нэгэн тэмцээн уралдаанд оролцохдоо зохион байгуулагч тал яг юу хүсээд байна вэ гэдгийг сайн ойлгодог болж чадсан байдаг.

-Та өөрийн бүтээлээ хамгийн ихдээ хэдээр үнэлж байв?

-Хамгийн хэцүү нь үнэ тогтоох асуудал байдаг. Үнэнд хэмжээ дамжаа нэг их нөлөөлдөггүй.

Миний хувьд 15 мянган ам.доллароор бүтээлээ зарж байсан.

Надад ирсэн үнэ нь л тэр. Цаашаа хэдэн төгрөгөөр зарагдсаныг би хэлж мэдэхгүй юм.

Дүр тод булангууд

Боловсрол

Холбоотой ярилцлага олдсонгүй.

Бусад мэдээ