Дэлхий дахинд тэргүүлэх гүрний байр сууриа хадгалах, нөлөөллөө нэмэгдүүлэх өрсөлдөөн АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн “худалдааны дайн” өргөжин БНХАУ төдийгүй бусад бүхий л улсын худалдаанд тавигдах тарифыг нэмэгдүүлснээр дахин хурцдаж эхэллээ. Энэ нь зөвхөн хоёр улсын харилцаанд нөлөөлөөд зогсохгүй, олон улсын худалдааны тогтолцоо, түүхий эд бараа материалын үнэ, нийлүүлэлт, тээвэр логистик сүлжээ зэрэгт хүчтэй цохилт болж байна. Үүний нотолгоо болж томоохон биржүүдийн индекс, хувьцааны үнэ хэдэн өдөр дараалан тасралтгүй унаж хаагдлаа. Худалдааны дайны сүүдэр дор Монгол Улсад ямар эрсдэл учрах вэ? Олон улсын геополитикийн харилцаанд нэг зэвсэг болж хувирсан худалдааны хориг, тарифын дэглэмд бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Энэ сэдвийг хүчтэй хөндөж, байр сууриа илэрхийлж буй хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.  

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн манай улсад ямар байдлаар хамааралтай вэ?

-Энэ зөвхөн хоёр улсын хоорондын асуудал биш болоод удаж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том улсын хоорондын худалдааны тэнцвэрийг хангах, өндөр технологийн бүтээгдэхүүн, түүнд шаардлагатай түүхий эд, үйлдвэрлэлийн технологийн хамаарлыг бууруулах өрсөлдөөн улам өргөжөөд олон улсын худалдааны тогтолцоог үндсэндээ “нурааж” өөрийн улсын эрх ашгийг тэргүүлэх байр сууринд тавьж, бүхий л улс руу чиглэсэн худалдааны бодлого болж хувирлаа. Монгол Улс ч үүнд хамаарч байна. Далайд гарцгүй, хоёр хөршөөсөө хэт хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд хүчтэй цохилтод өртөх нь гарцаагүй. Тиймээс бид олон улсын худалдааны бодлогын өөрчлөлт, түүний үр дагаврыг анхаарч, экспортын болон импортын бараа эргэлтийн аюулгүй байдлыг хангах худалдааны бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчныг яаралтай бий болгох шаардлагатай байна.

-Манай улсын худалдааны бодлого хааш чиглэж, хууль энэ бүхэнд яг ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Бид чинь түүхэндээ хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чаддаггүй, гаднаас л авдаг, байнгын гачигдалтай, бусдаас хамаарсан, өөрсдөө үйлдвэрлээд өрсөлдөх чадавх муутай, хавчигдмал байдалд амьдарч ирлээ шүү дээ. Худалдааны энэ эмзэг байдлаа хамгаалах, тэнцвэртэй, харилцан адил нөхцөлөөр хангагдах, худалдааны бодлого, үйл ажиллагаанаас үүдэн гарах маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэгдэн орж Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Гэтэл Дэлхий худалдааны байгууллагаас тогтоосон худалдааны зарчим, хэм хэмжээ, зах зээлийн либералчлах хэлэлцээ, гишүүд хоорондын худалдааны бодлого, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо үр ашигтай байж чадах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Энэ нэн шинэ дэглэмд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад худалдааны хуулийн зорилго чиглэх ёстой.

-Худалдаанд тавих тарифыг нэмэгдүүлж, түүгээр дамжуулж өөрийн эрх ашгийг хамгаалахыг зорьж байна. Тэгвэл манай улс тарифын зохицуулалтаа хэрхэн шийдэж байна вэ?

-Маш чухал асуулт байна. Бид худалдааны тарифын үр ашигтай, уян хатан, зорилгодоо нийцсэн тогтолцоогүй гэж хэлж болно. Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн жил цемент, гурилын хэрэгцээг хангахуйц барааны хомсдол үүсэж, үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Засгийн газар импортын татварыг тэглэх санал гаргасан. Энэ саналыг тойрсон багагүй ч улс төр өрнөөд авсан. Худалдааны салбарт маш олон тоглогч, оролцогч байдаг. Тэдгээр бүгд л өөр өөрийн эрх ашигтай. Түүнийгээ хамгаалах нь зүйн хэрэг.

Засгийн газрын хувьд иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэрийг цаг алдалгүй гаргаад явах учиртай. Гэтэл тийм эрх зүйн орчин байхгүйгээс багагүй улс төржилт, лобби, эрх ашиг нь хөндөгдсөн хэсгийн эсэргүүцэл дундуур УИХ-аар оруулж, хуульд өөрчлөлт оруулж байж шийдвэрлүүлсэн.

Шийдвэр гаргах процесс маш хүндрэлтэй, удаан болсон. Гэтэл зах зээл, эрэлт хэрэгцээ гэдэг хурдтай өөрчлөгдөж байдаг зүйл. Улирлын хамааралтай, стратегийн ач холбогдолтой түүхий эд, бараа материал байдгийн хувьд цемент, гурилын импортын татварыг сэргээх, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой гээд салбарын яам төдийгүй бизнес эрхлэгчид бүхий л мэдээллийн хэрэгслээр яриад явж байна. Тарифын зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгосноор дээрх асуудал шийдэгдэх юм.

-Худалдааны бодлогын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Худалдааны бодлого зөвхөн үйлдвэрлэгчдийн хамгаалахад чиглэдэггүй. Худалдааны харилцаанд маш олон оролцогч талууд байдаг. Гадаад улс орнууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгчид, импортлогч, экспортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, эцсийн хэрэглэгч төдийгүй тээвэр логистикийнн гэх мэт бусад салбарт ч нөлөөлж байдаг. Тодорхой тохиолдол, үүссэн нөхцөл байдал бодит үнэлгээ хийн Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, зохицуулалтын аргыг  (тариф тогтоох) тодорхойлж хэрэглэгч төдийгүй дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах тэнцвэртэй механизм дээр суурилсан байх ёстой.

-Тарифын бодлого хэрэгжүүлэхэд анхаарах гол асуудлууд?

-Эхний ээлжид бодлогын уялдаа, судалгаанд үндэслэсэн шийдвэр байх ёстой. Тариф нэмэх эсвэл бууруулах бүрд холбогдох яамд, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн төлөөлөл оролцоог хангасан нээлттэй зөвлөлдөх процесс хэрэгтэй. Мөн тарифын нөлөөлөлд мониторинг хийх тогтолцоо байхгүй нь том дутагдал юм. Монголын худалдааны бодлого илүү уян хатан, өгөөжтэй байхын тулд тарифын зохицуулалтыг ил тод, хариуцлагатай болгох хэрэгтэй. “Тарифын зөвлөл”-ийн шийдвэрийг олон талын төлөөлөл хэлэлцдэг байх, бодлого боловсруулалт судалгаа, өгөгдөлд тулгуурлах ёстой. Мөн үндэсний үйлдвэрлэлээ зөв хамгаалж, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал.  

-Гэтэл зарим оронд шийдвэр гаргах хурд маш өндөр байдаг шүү дээ?

Тийм ээ. АНУ-д Ерөнхийлөгч нь зарлиг гаргаад тарифт өөрчлөлт оруулаад явж байна. Хятад, Орос хоёрын хувьд ч ялгаагүй. Тэдний худалдааны хууль “эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхлоо хамгаалах зорилготой” гээд шууд тусгасан байдаг. Тэгэхээр тэд эдийн засгийн ашиг хараад биш, улс төрийн бодлогодоо нийцүүлж худалдаа хийх, зогсоох, тариф өөрчлөх шийдвэр гаргаж чаддаг.

-Монгол Улс ийм нөхцөлд хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

-Дэлхий даяар худалдааны дайн өрнөж байгаа үед бид хөндлөнгөөс харж суух биш, өөрийн тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатай. Бидэнд эдийн засгийн аюулгүй байдлаа хангах хууль эрх зүйн орчноо бий болгох, шийдвэр гаргах хурд хэрэгтэй байна.

Энэ бол ганц нэг барааны асуудал биш, үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх хэрэгтэй сэдэв.

-Боомтын сэргэлтийн бодлого худалдааг дэмжсэн ч бас дутагдалтай гэж үзэж байна уу?

-Боомтын сэргэлтийн бодлого бол зөв эхлэл. Гэвч энэ нь худалдааны харилцааны зөвхөн дэд бүтэц, ложистикийн хэсгийг хамарсан бодлого. Үйлдвэрлэл, өрсөлдөөн, тариф, гадаад зах зээл, гэрээ хэлцэл, стандарт зэрэг худалдааны бүх харилцааг хамарсан цогц бодлого, хууль хэрэгтэй байна. Энэ бол дараагийн том алхам байх ёстой. Дахин хэлье. Худалдаа бол өнөө үед зүгээр нэг бараа солилцох харилцаа биш. Энэ бол геополитикийн зэвсэг болчихоод байна. Дэлхийд худалдааны дайн болж байна гэж үзвэл бид хуульгүй, хамгаалалтгүй, тогтолцоогүй байх нь маш том эрсдэл юм. Тиймээс Монгол Улс яаралтай Худалдааны хуультай болох ёстой.  

-Манай улс Худалдааны хуультай болох гээд өнгөрсөн 32 жил судалжээ гэж байна. Тэгвэл яаг юунаас эхлэх ёстой вэ?

- Худалдааны хуультай болоод авъя гээд олон ч ажлын хэсэг ажиллаж байж. Гэвч үр дүн байхгүй. Худалдааны яам байгуулж үзсэн ч татан буулгаад авсан. Бидний сонгон авч судалгаа хийсэн 8 улс бүгд худалдааны яамтай байгаад зогсохгүй бодлогын хамгийн чухал яам нь байна.  Дэлхийн түүх чинь ерөөсөө худалдааны түүх юм байна. Худалдааны замаа хамгаалах, зах зээлээ хамгаалах, татвар, алба гувчуур төлөгчид, тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдийг өөрсдийн хяналтад байлгах зорилготой дайн бүх цаг үед болж л байж. Их Монгол Улсын үед энэ ач холбогдлыг олж харж чадсанаараа худалдааг дэмжин их ашиг олж, хүчирхэг улсыг байгуулж байжээ гэдэг түүхчид. Бидэнд түүхэн уламжлал бол бий.