Дампуурсан банкуудад Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлт нууц хэвээр буй. Үүнийг нууцаас гаргахгүй, ил тод болгохгүй байгаа шалтгааныг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Самбуунямаас тодрууллаа. Тэрбээр төрийн аудитын төв байгууллагын Аудитын нэгдсэн удирдлагын зохицуулалтын газрын захирал байхдаа дээрх аудит хийх ажлыг ахлан ажилласан юм. Тэрбээр “Манай байгууллага хуулиар төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл аудитын тайланд орсон бол нууцалдаг. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагуудын санхүүжилтийн тайлан нууц байдаг. Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрүүд нь нууцын ангилалтай байдаг юм билээ. Банкуудын зээлдэгч, зээл, түүний хэмжээ, барьцаа хөрөнгө зэрэг нь хуулиар хувь хүний болон байгууллагын нууцад хамаардаг. Тиймээс дампуурсан банкнуудын үйл ажиллагаанд хийсэн аудитыг нууцын зэрэглэлтэйгээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэн хэлэлцүүлсэн. Тус байнгын хорооноос манайд албан бичиг илгээж, эл дүгнэлтийг ил болгох боломжтой, эсэхийг судалж, хариу ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу бид Төвбанканд хандахад, Монголбалкны Хууль, эрх зүйн газраас судалсан. Энэ дүгнэлтийг ил болгохын тулд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулж байж Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан бүх шийдвэрийг ил болгож, түүнийгээ аудитын байгууллагад уламжилсны эцэст манайхаас тухайн тайланг ил болгох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын, Төвбанкны тухай хуулиар дээрх тайланд оруулсан мэдээллүүд нь нууц учраас үүнийг ил болгох боломжгүй” гэв.