Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим маргааш их хурлаараа ерөнхийлөгчөө нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. Чамгүй өрсөлдөөнтэй уг сонгуульд нийт есөнхүн нэр дэвшжээ. Ямар хүмүүс горилж буйг хүргэе.

1. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар багагүй хугацаанд ажиллаж буй Т.Дүүрэн нэр дэвшжээ. Тэрээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Түүнийг нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалын хүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

2. “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан. “Таванбогд” групп 1995 онд байгуулагдсан. Өдгөө бизнесийн найман салбарт, 20 охин компани, хоёр хөрөнгө оруулалттай компани, 12,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ц.Баатарсайханы хувьд электроникийн инженер мэргэжилтэй нэгэн юм.

3. “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр 2014-2019 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.  

4. МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр. “ХасБанк”, Монголын банкны холбоо, “М Банк”, “Ашид капитал” ХХК, “Монгол даатгал” ХХК-д ажилласан туршлагатай.

5. Эдийн засагч, шинжээч Б.Лакшми. “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран моторс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.

6. “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг түүнийг “Хогны Бямбаа” гэж нэрлэх нь бий.

7. “Монголбрэнд” холбоо, Мэргэжлийн боловсролын дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг Ш.Отгон-Өлзий. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

8. “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар. “Oxford” клуб англи хэлний сургалтын төв, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг.

9. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх. Хөдөө аж ахуйн ухаан болон Хууль зүйн ухааны доктор.