Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын эхний 10 хоногт улс орнуудын ардчиллыг үнэлэн тайлагнаад ес дэх жилтэйгээ золгов. Энэ нь “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас зарладаг авлигын төсөөллийн индексийг тооцох томоохон эх сурвалж болдог төдийгүй ардчиллын үндсэн зарчмуудыг баримталж буй, эсэхийг зургаан индексээр хэмждэг тус тайланг ардчиллын олон талт байдлын үнэлгээ гэх нь ч бий. 179 орныг хамруулсан “Ардчиллын тайлан 2025”-д манай улс нэг индескийг эс тооцвол огт ахиц гаргаагүйгээр үл барам хоёр үзүүлэлтээр 5-9 байр ухрав.

Тодруулбал, либерал ардчиллын индекс (liberal democracy index)-ээр 81-90, сонгуулийн ардчиллын индекс (electoral democracy index)-ээр 85-90 дүгээр байрт жагсаж, доошилжээ.

Өнгөрсөн онд мөн эл хоёр үзүүлэлтээр тус бүр дөрвөн байр уруудсан бол 2023 онд аанай л дээрх индексүүдээр бүр 16 байр ухарсан юм. Бид таван жилийн өмнө сонгуулийн болон либерал ардчиллын индексээр 57 дугаар эрэмбэлэгдэж байж.

Эдгээр нь үндсэндээ агуулгын хувьд хамгийн баялаг, голлох үзүүлэлт гэж хэлж болно. Жишээ нь, либерал ардчиллын индексийг үнэлэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөө, мэдээллийн олон ургальч эх сурвалжууд бий, эсэхийг тодруулах есөн индикаторын дагуу судалж, тооцдог. Тэгвэл сонгуулийн ардчиллын индексийг гаргахдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий, эсэхийг нэлээд өргөн хүрээнд харах жишээтэй. Тухайлбал, хэвлэл мэдээлэл болон интернэт орчинд Засгийн газраас тавьж буй цензур, сэтгүүлчдэд хүч хэрэглэж буй байдал гэх мэт 10 орчим шалгуур үзүүлэлтийг багтаадаг аж.

Тэр дундаа олон улсад Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслэд цензур тавих нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилогч томоохон хүчин зүйл болсныг сүүлийн бүх тайланд онцлон анхааруулж буй.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас ч Монгол Улсын эрх баригчид, төр, засаг нь ардчиллын үндсэн зарчим болох иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж ажиллах үүргээ хангалттай биелүүлэхгүй байгааг сануулж ирсний сацуу шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчныг одоо болтол бүрдүүлээгүй, хуулийг нь батлаагүй талаар өнгөрсөн оны тайландаа “Монголын топ эрсдэл” хэмээн тодотгосон удаатай.

Нөгөө талаас өнгөрсөн онд УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан. Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс сонгууль явуулах орнуудад тулгарч мэдэх эрсдэлүүдийн хоёрдугаарт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлэх хуурамч, ташаа мэдээлэл тараах аюул бийг онцолсон байдаг. 2024 онд гаргасан ардчиллын олон талт байдлын индексээр ч Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралд байна, нийгмийн сүлжээгээр цацаж байгаа мэдээлэл нь боловсрол, мэдлэг багатай хүмүүсийн тархийг угаах, манипуляц хийх хандлагатай, иргэдийн мэдэх эрхийг зөрчих, сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүйг анхааруулж байв.  

Ийнхүү сүүлийн долоон жилийн турш манай ардчиллын үнэлгээ үндсэндээ тасралтгүй буурч, 2023 онд “ардчиллын индекс нь мэдэгдэхүйц доошилсон” орнуудын нэг болсон бол өнгөрсөн онд сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжсэн.

“Саарал бүс” бол ардчилсан бус дэглэм рүү халтирч мэдэх эрсдэлтэй, тодорхойгүй, дундын ангилал бөгөөд өнгөрсөн жилээс бий болгосон нэр томьёо, ойлголт юм. Тэгвэл энэ удаа манайх “саарал бүс”-ээс сонгуулийн автократ буюу ардчилсан бус дэглэмтэй улсуудын ангилал руу уначихлаа.