НҮБ-ын тооцоогоор өдгөө дэлхийн хүн ам 8.2 тэрбумд хүрээд байгаа. Судлаач, мэргэжилтнүүдийн дийлэнх олонх 2080-аад оны дунд гэхэд дэлхийн хүн ам урьд хожид байгаагүй хамгийн өндөрт буюу 10 тэрбумд хүрнэ гэж үздэг. Харин “Nature Communications” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгааны дүн мэдээнд онцолсноор 1975-2010 оны хооронд хийгдсэн хүн амын ихэнх тооллогод хөдөө буйд, алслагдсан бүс нутгийн иргэдийг бодит тооноос нь 53-84 хувь бууруулж тоолсон байх магадлал өндөр гэнэ. Хэрэв энэ тооцоо үнэн бол дэлхийн хүн амыг хоёр юм уу, гурван тэрбумаар дутуу тоолж ирсэн, дэлхий дээр өдгөө хүмүүсийн боддогоос хэдэн тэрбум илүү хүн, магадгүй 10 тэрбум хэдийнээ давсан тооны хүн амьдарч байгаа болж таарах нь.
Жишээ нь Парагвайд гэхэд 2012 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн дөрөвний нэгийг орхигдуулсан нь олон жилийн дараа илэрчээ.
Дээрх судалгааг хийсэн багийн ахлагч Финландын Аалтогийн их сургуулийн профессор Хосиас Ланг-Риттерийн тайлбарласнаар дэлхийн нийт хүн амын тооцооллыг гаргадаг ерөнхий аргачлалыг 35 улсын нутагт баригдсан нийт 300 гаруй далангийн ажлын үеэр хийгдсэн орон нутгийн тооллогын аргачлалтай харьцуулж үзэхэд дээрх зөрүү гарсан аж. Хөдөө орон нутгийн иргэдийн нүүдэл, суудлыг хянах нь хэзээнээсээ амаргүй байж ирсэн. Харин 1975-2010 оны хоорондох томоохон далангийн ажлын судалгаа, дүн мэдээг цуглуулахад энэ хугацаанд бүр нэг ч тооллого явуулаагүй улс орон нэлээд олон байж. Тиймээс уг судалгааг хийсэн эрдэмтэд зөвхөн нэг салбарын тооллогын аргачлалд төвлөрөн харьцуулалт хийхэд ийм байгаа тул алслагдсан газар нутгийн иргэдийн тоог дэлхийн хэмжээнд бүр тэн хагасаар ч дутуу тоолж ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж. Гэвч Ланг-Риттерийн баг нарийн тоо хэлэхээс түдгэлзжээ.
Дэлхийн хүн амын 40 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэсэн тооцоо бий.