Испанийн нийслэл Мадрид хотын ерөнхий боловсролын сургуулиудыг хариуцдаг орон нутгийн боловсролын газар бага ангийн сурагчдад долоо хоногт ердөө хоёр хүртэлх цагаар гар утас, таблет ашиглуулах сургалтын шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулснаа зарлалаа. Бага насны хүүхдүүд цахим ертөнцөд хэт эрт донтож, дэлгэцийн хамааралтай болж байгаа нь олон талаар сөрөг нөлөөтэй байгаа тул ийм шинэчлэл хийхээр зориглолоо гэж албаныхан онцолсон байна.
Ирэх есдүгээр сараас хэрэгжих энэхүү шинэ журам Испанидаа анхдагч бөгөөд Мадрид хот дахь улсын мэдлийн бараг 2000 дунд сургуулийн нийт 500 мянга гаруй хүүхдэд хамаарах аж.
Уг журмыг батлахад оролцсон мэргэжлийн хүмүүс гурав хүртэлх насны хүүхэд дэлгэц огт харахгүй байх хэрэгтэй, 3-6 насныхан том хүний хяналттайгаар долоо хоногт нэг цаг дэлгэц ашиглаж болно; харин бага сургуулийн гурав, дөрөвдүгээр ангийнхан долоо хоногт 90 минут, тав болон зургадугаар ангийнхан долоо хоногт хоёр л цаг дэлгэц үзэхэд хангалттай гэж зөвлөжээ.
Испанийн эрх баригч социалист эвсэл сошиал медиа хаяг нээх хүүхдийн насыг 14-өөс 16 болгон нэмэхийг хүсэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар үе шаттайгаар ажиллахаа мөн мэдэгдээд байна.