Америктай худалдаа наймааны харилцаатай нийт 180 орчим улсаас орж ирэх импортын бараа, бүтээгдэхүүнд долоо хоногийн дотор 10-104 хувийн тарифын нэмэгдэл ногдуулсан Трампын бодлогын хариуд Хятад улс Америкийн бараа, бүтээгдэхүүнд 84 хүртэлх хувийн тариф ногдуулахаа зарлалаа. Ингэснээр дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын дунд худалдааны дайн улам ширүүслээ гэж ажиглагчид үзэж байна.
Трампын шинэ тарифын бодлого хэрэгжиж эхэлснээс хойш газрын тосны үнэ 2021 оны хоёрдугаар сараас хойш анх удаа нэг баррель нь 60 ам.доллароос буусан, Европын холбоо мөн хариу арга хэмжээ болгож Америкийн экспортод 25 хувийн тариф ногдуулахаар ярилцаж эхэлсэн, Британийн хувьцааны зах зээлд ойрын хэдэн жилд гараагүй уналт болсон, Энэтхэгийн төв банк бодлогын хүүгээ бууруулсан зэрэг өөрчлөлт гараад байна. Английн банкнаас мөн Трампад хандан гэнэтийн тарифын өсөлт дэлхийн санхүү, эдийн засгийг хямраана гэдгийг албан ёсоор анхааруулжээ.