Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөрхөн Оросын армид тулалдаж байсан гэх хоёр хятад цэрэг баригдсан тухай мэдээлсэн. Энэ мэдэгдлийнх нь хариуд Хятадын албаныхан хэрэг явдлыг тодруулъя, иргэддээ Украин руу зорчихгүй байхыг сануулсаар байгаа, сайн дурын хэт үзэлтнүүд Оросын талд нэгдсэн байхыг үгүйсгэхгүй, харин албан ёсоор Хятадын талаас Орост цэрэг нийлүүлээгүй болно хэмээн хатуу мэдэгдээд байгаа.

Харин Украины талаас өнөөдөр Москвагийн хөлсөлсөн гэх 155 хятад цэрэг Оросын армид нэгдэн, оросуудтай мөр зэрэгцэн Украины нутагт тулалдаж байна, нэр ус нь ч ил болсон гэсэн тагнуулын мэдээ байгаа тухай зарлалаа. Түүгээр тогтохгүй тодорхой баримт хэлээгүй боловч баригдсан гэх дээрх хоёр хятад цэргийг Орост байгаа Украины олзны цэргүүдээр солих санал тавьжээ. Украинд тулалдаж байгаа Оросын армид Хойд Солонгосын цэргүүд хүч нэмж байгаа нь хэдийнээ ил болсон. Харин хятад цэргүүд Украины нутагт байгаа гэсэн анхны мэдээ энэ болж байна.

Хятадын талаас одоогоор Украины сүүлийн мэдэгдэлд хариу бариагүй байна.