Газын зурвасыг захирдаг Палестиний “Хамас” бүлэглэл Израилийн гал зогсоох саналаас албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. Харин оронд нь палестин хоригдлуудыг Израилийн барьцааны хүмүүсээс солилцох, Газын дайныг нэг мөр эцэслэх ганц удаагийн тохироо хийхэд бэлэн гэжээ. “Хамас”-ын гол хэлэлцэгч гэгдэж байгаа Халиль аль-Хаяа “Биньямин Нэтаньяхугийн улс төрийн ашиг сонирхлыг хангах хагас дутуу яриа хэлцэл хийхийг хүсэхгүй байна, гал зогсоох түр гэрээ асуудлыг хэсэг зуур шийдэхээс биш зөрчлийг намжаахгүй гэсэн байна.
“Хамас”-ын барьцаанд одоо Израилийн 59 иргэн байгаа бөгөөд тэдний ердөө 24 нь л эсэн мэнд байгаа гэж албаныхан таамаглаж байгаа аж. Израилийн Засгийн газраас хамгийн сүүлд 45 хоног гал зогсооё, харин оронд нь барьцааны 10 хүнээ авъя гэсэн санал тавьжээ. “Хамас”-ын дээрх мэдэгдлийн хариуд Израилийн улс төр дэх хэт барууны үзэлтнүүд тус бүлэглэлтэй яриа хэлэлцээ хийгээд нэмэргүй, шуудхан устгасан нь дээр гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Харин дайсагнагч талуудын зөвшилцөл ийнхүү мухардалд орох хооронд Газын зурваст өдөрт хэдэн арван хүн өлсгөлөн, агаарын халдлагаас болж амиа алдсаар байна. Хамгийн сүүлийн мэдээгээр өчигдөрхөн Израилийн агаарын халдлагад өртөн 37 хүн, түүний дотор бага насны хүүхдүүд амь үрэгджээ.