Украины албаныхан Хятад улсыг Орост зэр зэвсэг нийлүүлүүлээд зогсохгүй тус улсын нутагт зэвсгийн үйлдвэрлэл эрхэлж, Украины эсрэг явуулж байгаа Оросын дайныг дэмжиж байна хэмээн буруушаалаа. Украины Ерөнхийлөгч Зеленськи энэ талаарх нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл хангалттай бий, тагнуулын мэдээллээ удахгүй дэлгэнэ гэжээ. Харин Бээжингийн зүгээс одоогоор Зеленськийн мэдэгдэлд хариу бариагүй байна. Украины Зэвсэгт хүчин мөн өнгөрсөн долоо хоногт хөлсний хятад цэргүүд оросуудтай зэрэгцэн Украины эсрэг тулалдаж байна, нийт 155 хятад цэргийн нэрийг тодруулаад байна хэмээсэн юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр Оросын талаас Украины эрчим хүчний станц, байгууламжууд руу халдах нь багассан ч Харкив, Суми зэрэг газарт энгийн иргэдийн дэд бүтцийг онилох нь нэмэгджээ. Өнгөрсөн шөнө гэхэд эдгээр хот хэд хэдэн агаарын довтолгоонд өртөж, хоёр хүн амь эрсдэн, 27 хүн шархадсан байна.