Геополитик гэж юу вэ, геополитикийн онолын үндэслэгчид
Геополитикийг орон зайг, газар нутгийг хянах тухай нийгмийн шинжлэх ухаан гэж үздэг бөгөөд олон улсын харилцааны суурь ойлголтын нэг юм. Аливаа улсын тодорхой орон зай, газар зүйн хүчин зүйлд тулгуурласан гадаад улс төрийн бодлогыг геополитик гэнэ.
Геополитик нь олон улсын тавцанд аливаа улсуудын эвсэл, холбоо болон тэдгээрийн нөлөөний хүрээг дэлхий дахины орон зайд хуваарлих, дахин хуваарлих зүй тогтлын тухай олон улсын харилцааны шинжлэх ухааны үндсэн чиглэл юм. Тиймээс геополитик нь улс хоорондын, бүс нутгийн, олон улсын, дэлхийн бодлогод гол хүчин зүйл тул олон улсын харилцааны суурь ойлголт болдог. Түүнийг дотор нь уламжлалт геополитик, шинэ геополитик /геоэкономик/, шинэхэн геополитик /геофилософи/ хэмээн судлаачид ангилсан байдаг. Уламжлалт геополитик нь тухайн улс нь газар зүйн байрлал, түүний хүчин зүйлээ ашиглан цэрэг, улс төрийн хүчиндээ дулдуйдан бусдын газар нутгийг булаан эзлэх тал дээр голлож ирсэн бол геоэдийн засаг нь тухайн улс эдийн засгийнхаа хүчинд суурилсан улс төрийн бодлогод түшиглэж ирсэн. Геополитик, геоэдийн засгийн хүчиндээ дулдуйдан тэдгээрийн уламжлалт ойлголтыг өргөтгөх замаар, орчин үеийн хэрэгцээт шаардлагын дагуу оюуныхаа чадавхийг улс төрийн бодлогод өргөн ашиглахыг геофилософи хэмээн томьёолж болно. Иймээс геополитик судлал олон улсын харилцаа, аюулгүй байдал, эрх зүйн асуудлыг хамран дэлхийн улс төрийн байдлыг бүхэлд нь тодорхойлох шинжлэх ухаан болон хөгжиж байна.
“Геополитик” хэмээх ойлголтын мөн чанар, агуулгыг тодорхойлох олон тооны оролдлого байсаар ирсэн нь өнөөг хүртэл судлаачдын дунд маргааны томоохон “бай” болсон хэвээр байна. Учир нь түүнийг нэг хэсэг нь шинжлэх ухаан, нөгөө хэсэг нь судалгааны обьект, бүр зарим нь олон улсын харилцааны практик алхмын нэг хэмээн ч үзсээр байна. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын асуудлыг шийдэх түгээмэл арга хэмээн үзэж буй. Геополитикийн судалгааны обьектыг тодорхойлсон тодорхойлолт ч их олон янз. Энэ нь түүхэн нөхцөл байдал, голлох үзэл суртал, дэлхийн засаглалын асуудал зэрэгтэй нягт холбоотой. Геополитик нь тухайн улсын гадаад бодлогыг газар нутаг, хүн ам, төр улсын гэсэн 3 үндсэн хүчин зүйлийн хүрээнд авч үздэг. Эдгээр гурван хүчин зүйлийн аль нэгийг дангаар авч үзэх боломжгүй юм. Анхны энгийн бөгөөд нийтлэг тодорхойлолтоор бол геополитик гэдэг нь газарзүйн ямар орчинд “их гүрний” ямар бодлого хэрэгжиж буйн харилцан хамаарал, харилцан хараат байдлын тухай судалгаа аж. Уламжлалт зарим нэгэн ойлголтоор бол геополитик нь улс төрийн реализмын нэг салаа мөчир. Учир нь улс төрийн реализм нь олон улсын харилцааг “улс хоорондын хүчний харилцаа” ч гэж тодорхойлдог. “Геополитик гэдэг нь газарзүйг өргөн дэлгэсэн ойлголт биш бүр тодруулбал” улс төрийн газарзүй ч бус” харин газар зүйн хүчин зүйлийн нөлөөтэйгээр түүхэн үйл явдлыг улс төрийн хувьд удирдах үйл явц” хэмээн зарим онолчид тэмдэглэсэн байдаг ба үүнийг Д.А.Милютин, Г.А.Леер, А.Е.Снесарев нарын эрдэмтэд зөвшөөрсөн байдаг.
Геополитикийн үндсэн ойлголтууд гэвэл: геостратегийн бүс, геополитикийн бүс, эвсэл улсууд, бамбай улс, геополитикийн холбоотон, их гүрэн, хүчний төв, туйл, халз өрсөлдөөн, г.м. Геополитик хэрхэн хөгжсөн, хөгжилд нь ямар хүчин зүйл нөлөөлсөн, шинжлэх ухааны бусад салбартай хэрхэн холбоотой, ямар үзэл санаанууд нь илүү үр ашигтай бөгөөд бодит үйл явцын шинжилгээнд ашиглах зорилгоор анхаарч байв гэдэгт бүрэн дүүрэн хариулах нь энэ салбарын судлаачдын үүрэг билээ.
Геополитикийн ойлголтыг орчин үед ашиглахдаа түүний олон талт ач холбогдлыг ерөнхий гурван төлөвт хуваадаг.
1. Ертөнцийг үзэх үзэл санааны шинжтэй бас орон зай дахь үндэсний сонирхлын олон улсын бодлогын батлан хамгаалах чиглэл буюу түрэмгийлэхэд үндэслэгдсэн үзэл санааны сургаал номлол юм. Ийм байдлаар геополитик нь янз бүрийн нэр хэлбэрээр хүн төрөлхтөний түүхэнд эрт үеэс мэдэгдэх болсон.
2. Дэлхийн хуучин гүрнүүдийн аль хэдийн эзэлсэн ба эзэмшлийн хүрээнд үндэслэсэн шинэхэн түүхийн улсууд ард түмний олон улсын бодлогын практик стратеги болсон олон улсын харилцааны шинжтэй.
3. Геополитик бол тухайн улс ард түмний хөгжил үйл ажиллагаа газарзүйн орон зай нөхцлөөс хамаардаг. Олон улсын харилцааг судалдаг өвөрмөц арга, ангиллын системтэй олон салбар ухааны талбар дээр бүрэлдсэн ойлголт юм. Үүнээс үзэхэд геополитик нь 20 дугаар зууны эцсээр системтэйгээр бүрэлдэн шинжлэх ухаан болсон.
ГЕОПОЛИТИКИЙН ОНОЛЫН ҮНДЭСЛЭГЧИД
19 дүгээр зууны сүүл гэхэд нийгмийн шинжлэх ухаанд үүссэн асуудлыг газарзүйн үүднээс тайлбарлахыг оролдох үзэгдэл өргөн тархсан нь геополитикийн үүслийн шууд урьдчилсан нөхцөл болсон гэж судлаачид үздэг. Гадаад бодлогын үзэл санааны энэхүү чиглэлийн анхдагч нь Германы газарзүйч Ф.Ратцель/18844-1904/, Шведын эрхзүйч, парламентын гишүүн Р.Челлен/1846-1922/ нар юм.
Ф.Ратцелийн оруулсан гол хувь нэмэр нь улс төр, газарзүйг хооронд нь уялдуулах, газарзүйн байрлалын орон зайнаас хамааруулан аливаа улс орны улс орны улс төрийн бодлогыг судлах оролдлого хийсэнд оршдог юм.
Тэрээр төр улсыг амьд организм гэж үзэн “Амьдрах орон зай” гэдэг нэр томьёог бий болгосон. Төр улс орон зайгаа тэлэх зүй тогтолд дараах зүйлүүд ордог, соёлын хөгжлийн хэрээр тэлэх, улс төрийн хувьд жижиг нэгжүүдийг устгах, уусгах, нэгтгэх, төр улс тэлэхдээ мөн хөгжлийн хамгийн чухал бүс нутгаас далайн эрэг орчим, тал хөндий ерөөсөө нутаг дэвсгэрийг эзлэн авахыг /экспансионизм/хичээх хэрэгтэй гэж үзсэн.Ф.Ратцель “орон зай бол улс төрийн хүч” хэмээн томьёолсон. Тэрээр бичихдээ “орон зай гэдэг нь зөвхөн аль нэг улсын газар нутаг бус харин түүний хүч чадлын чухал хэсэг” хэмээсэн.
Р.Челлен хүчирхэг улс гүрэн байгуулах удирдлагын тогтолцоог судалсны үндсэн дээр “геополитик” гэсэн нэр томьёоллыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, “Геополитикийг улс орны газар зүйн организм буюу орон зай дахь үзэгдлийн тухай сургаал” гэж тодорхойлсон. Тэрээр 1916 онд “улс төрийн бодлогын харилцан нөлөө бүхий өөр хоорондоо нягт холбоо бүхий таван элемент/хэсэг/ болох эдийн засгийн бодлого, хүн ам зүйн бодлого, нийгмийн бодлого, улс төрийн зураг зүйн бодлого, геополитикийг уялдуулан нэгэн цогц болгох нь зайлшгүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн “Геополитик гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна, орон зайд оршиж буй газарзүйн амьд бие болохынх нь хувьд төр улсыг энэ шинжлэх ухаан судалдаг” хэмээн анх удаа зарласан.
А.Махен /1840-1914/ нь Америкийн тэнгисийн цэргийн адмирал, түүхч хүн бөгөөд Америкийн геополитикийн судалгааны “эцэг” хэмээн тооцогддог. Түүний туурвисан “Далай тэнгисийн хүчний түүхэнд үзүүлэх нөлөө” бүтээл геополитикийн сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэхэд чухал байр эзэлдэг. А.Махен 19 дүгээр зууны сүүлчээр Их Британи өөрийн тэнгисийн хүч чадлаараа бусад улс орнуудаас давуутай байсныг тайлбарлаж, “тэнгисийн хүч чадал улс үндэстний түүхэн хувь заяаг ихээхэн тодорхойлдог” гэсэн санааг бүхий л бүтээлдээ дэвшүүлэн далай тэнгисийн гүрэн ноёлох тухай номлосон. А.Махен АНУ-ыг тэр үеийн хамгийн хүчтэй улс орнуудтай өрсөлдөхүйц том тэнгисийн цэргийн гүрэн болгон хувиргах санааг дэвшүүлсэн нь өнөөгийн АНУ-ын хүчирхэг байхын эхлэл болсон. Тэрээр “Америк нь өөрийн газарзүйн байршлаа ашиглан хоёр далайн гол гол зам дээр хяналтаа тогтоох нь түүнд эх газрын улсуудын өмнө давуу байдал бий болгоно” хэмээн үзэж байсан дүгнэлт өнгөрсөн зуунд батлагдсан.
Геополитикийн судалгааны түүхэнд Их Британий газарзүйч, улс төрч Х.Маккиндер/1861-1947/ “эх газрын орон зайн тодорхой хэсгийг хянадаг улс бусдыг бодвол давуу талтай”гэсэн санааг дэвшүүлснээрээ онцгой байр суурийг эзэлдэг. 1904 онд “Түүхийн газарзүйн тэнхлэг” илтгэлдээ “дэлхийн түүх, улс төрийн бодлогын тэнхлэг бүс нь Евразийн дотоод орон зай” хэмээн тэмдэглэсэн.Түүний томьёоллоор “энэ бүсэд ноёрхлоо хангаж чадсан улс дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөө өрсөлдөж чадах” аж. Х.Маккиндер энэ санаагаа үргэлжлүүлэн 1919 онд бичсэн “Ардчилсан үзэл ба бодит байдал” номондоо “Дорнод Евродт хэн ноёрхож байна тэр Хартлэндэд ноёрхоно. Хэн Хартлэндэд /Еврази/(Heartland) ноёрхож чадна тэр дэлхийд /Европ, Ази,Африк/ ноёрхоно. Дэлхийн энэ хэсэгт хэн ноёрхож чадна тэр бүх дэлхийг ноёрхоно” гэсэн томьёоллоо гаргасан. Үүгээрээ тэрээр Хартлэнд/Еврази/ буюу “Зүрхэн газар” хэмээх томьёоллыг геополитикт оруулж ирсэн. Х.Маккиндер 20 дугаар зууны 2 дугаар хагасын дэлхийн улс төрийн хөгжлийн хандлагыг нилээд түлхүү тодорхойлсон. Гэхдээ тэр өөрийн геополитикийн санаагаа эргэн харсан.Тэрээр Хойд Атлантикийг “дэлхийн тулгуур цэг Газар дундын тэнгис” хэмээн үзээд, түүний эрэг хавийн улсууд нь Хартлэндэд ноёрхож буй улстай хүчээ тэнцвэржүүлэх боломжтой хэмээн үзсэн. Энэ нь НАТО-гийн эхлэл байсан хэмээн судлаачид тодорхойлсон байдаг. Өнөөдөр олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлуудыг Х.Маккиндерийн томьёоллоор дүгнэж үзвэл 3 дахь жилдээ үргэлжилж буй ОХУ-Украины хямрал мөргөлдөөний цаад учир нь тодорхой харагдана. Украин ялна, Орос ялна гэж хуваагдах, эсвэл В.Путин, В.Зеленский нарын өнөөгийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар өнгөц дүгнэх бус Хартлэндэд нөлөөгөө тогтоохын төлөөх их гүрнүүдийн олон жилийн тэмцлийн үргэлжлэл явагдаж буйг бид ойлгох нь зүйтэй юм.
Германы геополитикийн үзэл санааг үндэслэгчдийн нэг К.Хаусхофер/1869-1946/ бол хошууч генерал цолтой офицер хүн бөгөөд Ф.Ратцелийн “өөрийн газар нутгаа өргөжүүлж буй улс л амьдрах чадвартай” хэмээх санааг хөгжүүлсэн. Германы геополитик нь Их Британий нэгэн адил өөрийн гадаад бодлогын чиглэлд онолын үндэслэл өгөхийг оролдсон ба тухайн үеийн Германы гадаад бодлого нь нээлттэй эзлэн түрэмгийлэх шинжтэй байсан нь геополитикт ч тийм шинжийг агуулсан байв. Тэрээр “амьдарлын орон зай” хэмээх ойлголтыг бий болгож, “түүнийг өргөжүүлэх нь их гүрний статусын төлөө өрсөлдөж буй аль ч улсын оршин тогтнох нөхцөл” хэмээжээ. Эх газрын болон далайн улсуудын сөргөлдөөн зайлшгүй гэж үзээд эх газарт орших Германы хувьд №1 дайсан бол их далайд орших Их Британи гэж тодорхойлсон. Германы “амьдрах орон зайг” Дорно зүгт өргөтгөх боломжтойг “олж харсан ч” тэрээр Орос, Германыг холбоотон байлгах талыг баримталж байв. Түүний “Хил хязгаар, түүний газар зүйн үндэс болон улс төрийн ач холбогдол” /1927/, “Геополитик дахь пан үзэл”/1931/, “Статус-кво ба дэлхийн шинэчлэл”/1939/, “Эх газрын эвсэл”/1941/ зэрэг бүтээлүүд нь геополитикийн талаар нилннд өргөн ойлголтыг бий болгосон. Хэдийгээр К.Хаусхоферийн олон олон үзэл баримтлалууд нь Германы национал-социалистуудын гадаад улс төрийн бодлогод нөлөө үзүүлж байсан ч түүний үзэл бодол, зам нийлээгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
“Геополитик хэмээх нэр томьёо тийм ч муухай зүйл биш зөвхөн Герман нь дэлхийн хоёр том дайнд оролцохдоо өөрийн үйл ажиллагааг зөвтгөх гэж түүнийг ашигласан нь ингэж ойлгогдоход хүрсэн” хэмээн Германы “геополитикийн эцэг” К.Хаусхофер бичсэн байдаг.
20 дугаар зууны 40-50-иад оноос геополитикийн судалгааны томоохон төвүүд АНУ-д төвлөрөх болсон. Энэ үеийн Америкийн геополитикт Н.Спайкмен/1893-1943/ онцгой байр суурь эзэлдэг. Түүний Х.Маккиндерээс ялгаатай нь гэвэл дэлхийд ноёрхох гол түлхүүрийг Хартлэнд бус Римлэнд (Rimland) хэмээн үзсэн. Н.Спайкмены ойлголтоор Римлэндэд евразийн өмнөд эрэг хавийн “хавирган сар” хэлбэртэй бүс нутаг, өөрөөр хэлбэл, тэнгисийн эрэг хавийн Европын улсууд, Ойрхи Дорнод, Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Хятадыг хамарсан бүс байх аж. Энэхүү бүсэд хяналтаа тогтоосон хэн боловч нилээдгүй давуу талыг олж авах нь бодитой юм. Ийнхүү Н.Спайкмен Х.Маккиндерийн томьёоллыг зарим талаар өөрчилж, “Римлэнд буюу далайн эргийг хэн хянаж эрхшээнэ, тэрээр Евразид ноёрхож чадна, евразид ноёрхогч нь дэлхийн хувь заяаг шийднэ” хэмээн томьёолжээ. Америкийн геополитикч эрдэмтэд дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхий дахинд америк улс ноёрхлоо тогтоох ёстой гэсэн үзэл санааг үндэслэж, бататгах байр суурь баримталж байсан. Н.Спайкмений төсөөллөөр АНУ-ын газарзүйн байрлал нь Хартлэндийн хувьд ч Римлэндийн хувьд ч Америкт ихээхэн ач холбогдолтой бөгөөд Европт бүхэлд нь хяналтаа тогтоож, хүчний тэнцвэрийг хадгалах боломжийг олгох ажээ. Бүр дэлхийн 2 дайны үед Н.Спайкмены дэвшүүлсэн үзэл санаа нь АНУ-ын гадаад бодлогыг дэлхийн баруун хагасаас гадагш чиглэсэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох бодлогыг онолын хувьд гаргаж ирсэн.
Н.Спайкмены үзэл санаа цаашдаа дэлхийг геостратегийн ба геополитикийн бүсүүд болгон хуваасан АНУ-ын өөр нэгэн геополитикч С.Коэны үзэл санаанд шингэн хөгжсөн. Геостратегийн бүс гэдэг нь түүнийхээр бол дэлхийн улс төр, эдийн засагт тодорхойлогч үүрэгтэй бүсүүд. С.Коэн тийм бүсэд зөвхөн хоёр бүсийг хамруулсан. Үүнд: далайн худалдаанаас хамааралтай тэнгисийн гүрнүүд болон Евразийн эх газрынхан. Тэнгисийн гүрнүүдийн гол цөм нь дэлхийн гол гурван далай болох Атлант, Номхон, Хойд мөсөн далайд шууд гарах гарцтай АНУ өөрөө юм. Евразийн эх газрын гол амин судас нь Оросын аж үйлдвэрийн бүс, хуучин ЗХУ-ын Европын бүс, Урал, Баруун Сибирь, Хойд казахстан, Баруун болон Хойд Европын далайн эрэг орчмын улсууд нэгдүгээр бүсэд, Хятад 2 дугаар бүсэд багтах аж.
С.Коэны геополитикийн энэхүү концепци нь “хүйтэн дайны” үеийн хоёр туйлт дэлхийн улс төрийн бодит байдлыг тусгаж байсан.
Оросын геополитикийн чиглэлүүдээс хамгийн хүчирхэг нь Еврази юм. Оросын түүх соёлын өвөрмөц үндсийг хамгаалах, Орос ба дэлхийн түүхийг шинээр харж боловсруулах нь Евразийн геополитикийн зорилго байв. Евразийн геополитикийн төлөөлөгчид Оросыг Ази-Европын дундах орон зайг эзлэх өвөрмөц угсаатан зүй, соёлын ертөнц гэж авч үздэг. Орос улс нь түүх газарзүй, угсаа гарвал, соёл, шашин, иргэншлийн хувьд Европ-Азид нэгэн зэрэг хамаарах хоёрдмол харьяалалтай улс болохыг геополитикч Н.Данилевский, Н.Трубецкий, М.Вернадский, П.Савицкий, түүхч Н.Гумилев нар үе дамжуулан бичиж номлосон бөгөөд өнгөрсөн зууны 20-д онд үүсч эдүгээ үзэл баримтлал болон хөгжсөн. Тэд Евразийг газарзүйн онцлогт тулгуурласан төр улсуудын нэгдэл, нэгдмэл геополитикийн орон зай гэж авч үздэг. Мөн Еврази бол өвөрмөц тэнхэлгийн үүрэг гүйцэтгэдэг дэлхийн бөмбөрцгийн хэт том газар нутаг ба дэлхийн бодлого, эдийн засгийн цар хүрээнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гэж үздэг. Шинэ Евразичлалын урсгал/неоевразичлал/ нь Атлантын далайн хоёр эргийн соёл буюу Америк, баруун европын соёл дэлхийд давамгайлж, геополитикийн сонирхол, стратегийн чиг шугам нь нэгдмэл бодлогод захирагдах ёстой гэсэн Атлантизмын онолыг ч , геополитикийн нэгдмэл нэг ертөнцийн тухай Мондиализмын онолыг ч, тэдний хувьд завсрын бодит байдлыг төлөөлдөг континентализмыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Оросын геополитикийн гол онолч А.Вандамын “Манай байршил” бүтээлд болон Оросын армийн генерал-фельдмаршал Д.Милютин нарын бүтээлд Оросын геополитик, геостратегийн өрсөлдөгч нь Англи улс болох үзэл бодлыг гаргаж, үүгээрээ Англо-саксонуудын дэлхийд ноёрхох замд гол өрсөлдөгч нь Оросын ард түмэн гэж дүгнэсэн байдаг. Эндээс үзэхэд өнөөдөр дэлхийн олон улсын харилцааны тавцанд өрнөж буй олон зөрчил, мөргөлдөөнийг геополитикийн онолын тэмцлийн үр дагавар гэж дүгнэж болохоор юм.
Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого судлал, түүний дотор геополитикийн судалгаа, боловсруулалтад тухай үед тогтсон дэлхийн хоёр туйлт дэг журам, АНУ,ЗХУ хоёр том их гүрэн, тэдгээрийн нөлөө, хяналтад орж байсан орнуудын эвсэл, бүлгүүдийн хоорондын олон талтай тэмцэл, зөрчилдөөн ихээхэн нөлөөлж, геополитикийн бодлого хийгээд геополитикийн ухаанд нилээдгүй шинэ зүйл, үзэл санаа гарч ирсэн нь геополитикийн шинжлэх ухааны хөгжилтөд зохих хувь нэмрээ оруулсныг тэмдэглэх нь зүйтэй.
Ашигласан эх сурвалжууд:
1.Икэда Норихико, Евразийн том тоглоомын 150 жил, Алслагдсан улсын геополитик, УБ, 2019
2.Нартов.Н.А, Геополитика, УБ, 2003
3.Геополитик судлал Монгол, УБ,2020
4.Ф.Гэнко, Хамгийн хүчирхэг зэвсэг геополитик, УБ, 2023
5.П.Цацрал, Олон улсын харилцааны онолын үндэс геополитик судлал, УБ,2024
6.П.Нямбаяр, Төв Азийн геополитик, УБ, 2022
7.К.Дэмбэрэл, Олон улсын харилцааны онол, үйл ажиллагааны үндэс, УБ, 2018
8.С.Хантингтон, Иргэншил хоорондын мөргөлдөөн, УБ,2018
9. Аюулгүй байдлын тулгуур асуудлууд, УБ,2019
10. Д.Баярхүү, Евразийн геополитик, өнгөрсөн, одоо, ирээдүй, УБ,2004
Орос улс нь түүх-газарзүй, угсаа гарвал, соёл, шашин иргэншлийн хувьд Европ, Азид нэгэн зэрэг хамаарах хоёрдмол харьяалал бүхий улс болохыг геополитикч Н.Трубецкий, В.Вернадский, П.Савицкий, түүхч Л.Гумилев нар үе дамжуулан бичиж, номлосон.