УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн байр суурийг сонслоо. Тэрбээр “Их хурлын гишүүд сонгуулийн жил давуу эрх эдэлж тайлан сэтгүүл тарааж байгааг болиулж өгөөч гэсэн маргааныг иргэдийн зүгээс цэцэд гаргасан юм билээ. Үүнийг би дэмжиж байгаа. Ер нь гишүүд давуу эрх эдэлж тайлан сэтгүүл тараах шаардлагагүй. Ер нь бөөн зардал шүү дээ. Хүн бүхэн тэгш эрхтэй оролцох ёстой. Гэтэл үүнтэй зэрэгцүүлээд Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс аливаа этгээд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс иргэдтэй уулзаж хийсэн ажлынхаа тайланг тавьж болно гээд бүхэлд нь нээж өгөх санал гаргасан. Ингэж харвал сонгуулийн сурталчилгааны 18 хоног ямар ч утгагүй болно шүү дээ. Нэгдүгээр сарын 1-нээс хойш ямар ч хүн далд хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулж болно гэдэг агуулгыг нээж өгнө гэдэг нь хагас жил сонгуулиар амьсгалах, асар их хөрөнгө мөнгөний уралдаанаас өөрцгүй. Хэрэв ийм өөрчлөлт оруулах юм бол сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг бүр байхгүй болгоё, ижил тэгш сурталчилгаа хийе. Дүр эсгэсэн 18 хоногийг больё гэсэн саналыг хэлсэн.

Дээр нь Их хуралд нэр дэвшихийн тулд 800 хүний санал цуглуулдаг байдлыг болих хэрэгтэй. Монгол Улсын иргэн хэнбугай ч байсан улсынхаа сонгуульд нэр дэвшихэд ямар нэг даваа гүвээ шаардах ёсгүй. Тухайн хүн өөрөө өөрийгөө УИХ-д нэр дэвшинэ гэж үзэж байгаа бол чөлөөтэй боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ бол ардчилсан зарчим” гэлээ.