УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний талаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нарын гишүүд имэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулснаар сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглож байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож буй юм. Мөн дээрх хугацаанд аливаа этгээд сонгогчдын санал татах зорилго агуулахгүйгээр хурал, уулзалт, цуглаан зохион байгуулж болно. Цаашид УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнд давуу байдал олгосон, хүний эрхийн зөрчилтэй, эрх тэгш байдлыг алдагдуулсан  заалтыг өөрчлөх шаардлага бий гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцоллоо.

Харин Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүгчийн тэтгэвэрт гарах нас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 55 нас гэж заасан нь 60 нас байхаар хуульчлагдаж байгаа юм.