Дэлхий нийтээр жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Харин энэ жил аравдугаар сарын 10-нд тохиож байна. Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn нь дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хөндөж байна.
Өнөө цагт орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалж хүүхдүүдийн нүдний хараанд огцом өөрчлөлт орж байгааг дэлхий нийтээр анхааруулсаар байна. Үүний хамгийн наад захын жишээ бол хүүхдийн хараа тогтох хамгийн чухал үед нь дэлгэцийн хэт их хэрэглээ, байгалийн гэрэлд тогтмол гаргахгүй байх, тодорхой хугацаанд мэргэжлийн эмчид үзүүлж хэвшихгүй байгаагаас үүдэж зөвхөн хараа муудаж гажиг үүсэх бус хялар харах, болор цайрах, нүдний зовхины буулт, дотор талын бүтцийн өөрчлөлт гэмтэх цаашлаад хараагаа бүр мөсөн алдах эрсдэл дагуулж буйг нийтээрээ анхаарах цаг болжээ. Судалгаа харвал, өдгөө дэлхий даяар 450 сая хүүхэд эмчилгээ шаардагдсан харааны асуудалтай байгаа бөгөөд олонх нь тусламж үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд байна. Бага дунд орлоготой орнуудад харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд орох магадлал 2-5 дахин багассан. Зөвхөн энэ оны байдлаар нүдний эмчид үзүүлсэн долоон настай хүүхдүүдийн 45 хувь нь харааны ямар нэг асуудалтай нь нийгмээрээ, нийтээрээ хүүхдүүдийнхээ харааг хамгаалах цаг болсны дохио юм.
ХҮҮХДИЙНХЭЭ ӨДӨР ТУТМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ АЖИЖ ХАРААГ НЬ ШАЛГААРАЙ
Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах хамгийн эхний алхам хорвоо ертөнцийг тод томруун харах нүд нь байх учиртай. Тиймээс хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш нийтийг хамарсан, нийгмийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд, багш нар, нийгмийн ажилтнууд гээд ойр байгаа хэн ч байсан хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөнийг ажиж байгаад эхний ээлжинд харааг нь оношлох боломжтой юм. Тухайлбал, хүүхэд гэлжийх, хэт их тонгойж эвгүй харах, нуруугаа бөгтийлгөж суух, зурагт ойроос үзэх, шугам давуулж хазгай муруй бичих, онийж, буландаж харах, нүдээ нухах, нулимс гоожих зэрэг наад захын шинж тэмдэг илэрвэл хараанд нь асуудал үүссэний шинж. Тэр бүү хэл бага насны хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Юм ингэж л харагддах юм байх гэсэн төсөөлөлтэй байдаг аж. Тиймээс энэ мэтээр хүүхдээ ажиглаад “сэжигтэй” зүйл илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Эцэг эхчүүд хариуцлагатай байх, сургууль, цэцэрлэгт хүүхдийн харааг шалгадаг тогтолцоо руу шилжсэнээр хүүхдийн харааны эмгэгийг эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой.
Хүүхдийн хараа муудах үндсэн шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүсдэг аж. Сүүлд хийсэн судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 70 орчим хувь нь шилээ зүүдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл эцэг, эхчүүдийн нүдний эрүүл мэндийн талаарх боловсрол дутмагаас болж хүүхдийн харааны бэрхшээл хожим оношлогдох нь олонтоо байдаг аж.
Олон улсын стандартаар хүүхэд 0-2 настай бол зурагт, утас харуулж болохгүй. Харин 3-4 насанд нь өдөрт ердөө 15 минут, 5-7 настай бол 35-40 минут, түүнээс дээш бол нэг цагаас илүүгүй хугацаанд дэлгэц хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна. Үүнээс олон цагаар утасны өмнө уях нь бие, физиологид ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Бага насны хүүхэд удаан хугацаанд дэлгэц ширтсэний улмаас хамгийн түрүүнд нүдний хараа мууддаг. Учир нь зурагт улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван өнгөний давтамжтай дүрс ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь нүдний эсийг гэмтээдэг аж.
ХҮҮХЭД ТАНЬ ХИЧЭЭЛДЭЭ ДУРГҮЙ БАЙГАА НЬ НҮДНИЙХ НЬ ХАРААНААС БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Эцэг эхчүүд хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хичээл сурлагад нь хамгийн их анхаарал хандуулдаг. Тэр хэрээр өндөр төлбөртэй сургуульд сургахыг эрмэлзэж байна. Ингэж хүүхдээ “онц” сурахыг байнга шаарддаг хэрнээ эрүүл мэнд, сурлага, амьдралынх нь чанарт хамгийн их нөлөөлдөг нүднийх нь харааг хаячихдаг гэмтэй. Тэгвэл таны хүүхдийг хичээлдээ сайн байх, өсөж, хөгжихөд хамгийн чухал нь нүдний хараа юм. Өөрөөр хэлбэл, сурлага тааруу хүүхдүүдийн 80 хувь нь харааны ямар нэг бэрхшээлтэй байгааг судалгаа харуулж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ сайтар анзаарч тохирсон шил зүүлгэх, эсвэл шаардлагатай эмчилгээг хийлгэж чадахгүйгээс сурч, боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгааг дэлхий нийтээрээ ярьж, анхааруулсаар байна.
ДЭМБ-ын судалснаар засагдаагүй хугарлын гажиг нь сургуулийн хүүхдийн хараа муудалтын тэргүүлэх шалтгаан болдог байна. Энэ нь ойрын жилүүдэд огцом ихсэх хандлагатай байгаа нь ч судалгаагаар тогтоогджээ. 3-5 насны хүүхдүүдийн 15-20 хувь, ахлах ангийн сурагчдын 75 хүртэлх хувь нь харааны асуудалтай байдаг нь тогтоогдсон. Нүд тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг. Энэ ч утгаараа хэр сайн харна төдий чинээ илүү сайн өөрийгөө бүтээнэ. Харин эрт үзүүлж оношлуулж чадвал сохрол, хараа алдалтаас 90 хувь урьдчилан сэргийлэх боломжтой.
“Орбис” эмнэлгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ч.Чимгээ:
НҮД ЭРҮҮЛ БАЙСНААРАА ХҮҮХЭД САЙН ХАРНА, БИЕЭ АВЧ ЯВАХ БАЙДАЛД НӨЛӨӨЛНӨ
- Манай “Орбис” олон улсын байгууллага Америк зөвлөхтэйгөө хотын төвийн нэг ангид үзлэг хийсэн юм. Долоон настай 35 хүүхдэд үзлэг хийхэд 16 хүүхэд нь харааны асуудалтай байсан. Эдгээрээс гуравхан хүүхэд нь л харааны шилтэй байсан. Үлдсэн 13 хүүхэд нь үзлэгт хамрагдаагүй, шилгүй байсан. Тэдгээр хүүхдүүдэд холын хараа муу, бүр -4 шил зүүх шаардлагатай хүүхэд ч байсан. Ойрын хараа муутайгаасаа болоод уншиж, бичихэд хүндрэл учирдаг хүүхэд ч байсан. Эргээд эцэг, эхчүүдтэй нь уулзаж, ярилцахад хүүхдээ хараа муутайг огт мэдээгүйн дээр гайхаж хүлээж авсан. Зарим эцэг, эхчүүд нь “Хүүгээ эрэгтэй хүүхэд болохоор хичээл хийх дургүй, тийм болохоор хичээл хийдэггүй юм байна гэж ойлгодог байлаа” гэж байсан. Аав нь өөрөө шил зүүдэг хэр нь “Хүүхэд маань долоохон настай хэр нь ийм өндөр хасах шил зүүх ёстой юм” уу гэж гайхаж хүлээж авсан нь ч бий. Хотын төвийн, эцэг, эхчүүд нь хүүхдээ багагүй анхаардаг сургуулийн нэг ангийн дүр зураг ийм байсан. Яг ийм байдлаар харааны асуудалтай хүүхдүүдийн 80 хувь нь оношлогдоогүй, илрээгүй явж байна.
Хамгийн гол нь нүд эрүүл байснаараа хүүхэд сайн харна, биеэ авч явах байдалд нөлөөлнө. Хоёрдугаарт, сурлагад шууд нөлөөлнө. Харааны асуудал нь ганц самбар дээр бичсэн зүйлийг харах тухай бус унших, бичих, ойлгох зэрэгт ч нөлөөлдөг. Эргээд сурлага ямар байх нь тухайн хүүхдийн амьдралын чанарт шууд нөлөөлнө.
“Family optic” эмнэлгийн хараа зүйч эмч Т.Гэрэл:
ХҮҮХДИЙН НҮДИЙГ ЖИЛД НЭГ УДАА ЗААВАЛ ҮЗҮҮЛЖ ХЭВШЭЭРЭЙ
-Хүүхдийн нүдийг жилд нэг удаа заавал үзүүлж хэвшээрэй. Тэр тусмаа түрүүнд хэлсэнчлэн онийж, хялайж харах, наранд гарахаараа нэг нүдээ анидаг бол заавал үзүүлээрэй. Ер нь бага ангид байхдаа хүүхдүүдийн хараа сайн байдаг нь урьдчилан сэргийлэх үзлэгээр харагддаг. Харин дунд, ахлах ангид хараа нь муудаж, шил зүүх хүүхдийн тоо нэмэгддэг. Энэ нь нөгөө л ойрын харааны ачаалал нэмэгддэгийн илрэл гэж хэлж болно. Сүүлийн үеийн судалгааны нэгэн сонирхолтой үр дүн бий. Хүүхдийг гадаа гаргах нь хүүхдийн хараа муудахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм. Тодруулбал, өдөрт хүүхдийг хоёр цаг гадаа байлгавал хараа муудах магадлал нь бага байгааг тогтоосон
Иргэн С.Мөнхзолбоо:
ХҮҮХЭД САМБАР ДЭЭРХИЙГ ТОД ХАРАХГҮЙ БОЛОХООР ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ДУРГҮЙ БОЛДОГ ЮМ БАЙНА
-Миний хүү зургаан настай. Өнгөрсөн намар нэгдүгээр ангид орсон. Сүүлийн жил орчмын хугацаанд л хараа нь муудсан. Хичээл дээр суухдаа самбарт бичсэн юмыг тод харахгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан. Эхний ээлжид нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Ингээд л энд ирлээ. Дэлгэцийн хамаарлаас хүүхдийн нүд муудаж байгааг хэлж байна. Удаан хугацаагаар зурагт үзэх, утас оролдох зэрэг нь хүүхдийн харааг амархан муутгадаг юм байна. Эцэг эхчүүд ажилдаа яваад хүүхдэдээ тэр бүр анхаарахгүй байх нь бий. Эзгүй үеэр л дэлгэцийн хамааралтай болж, нүд нь муудсан бололтой. Эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон үед нь л мэдлээ. Хүүхдийн хараа эмзэг, амархан мууддаг юм байна. Хүүхэд самбар дээрх юм аа тод харахгүй болохоор хичээлдээ ч явах дургүй болдог юм байна.