Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу зоогийн газар, бар, паб, караоке гэх мэт газраас худалдан авсан согтууруулах ундааг авсан газартаа хэрэглэж, үйлчлүүлэх ёстойг та мэдэх үү.

Өөрөөр хэлбэл, та зоогийн газар, бар, паб, караоке ажиллуулдаг, тэнд үйлчилгээ үзүүлдэг бол “Ахдаа, эгчдээ, анддаа ганц шил “юм” менюнийхээ үнээр өгчих, 10 пиво аваад явчихъя, алив зарчих” гэж гуйж шалдаг хүмүүст зоригтойгоор татгалзаж сураарай.

Дэлгүүр хоршоо хаасан цагаар архи эрэн бэдэрч, арга ядахдаа зоогийн газар, бар, паб, караокены хаалга татан халуурч яваа хүмүүст согтууруулах ундааг үйлчилгээнийхээ танхимд бус, үүдэндээ худалдан борлуулж, өвөртлүүлээд буцаавал тэд биш, та буруудаж, хууль зөрчсөн хэрэг болох юм шүү. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага”-ыг заасан бөгөөд 24.1-т “Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан, худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байна”, 24.2-т “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авсан согтууруулах ундааг энэ хуулийн 24.1-д заасан танхимд хэрэглэнэ” хэмээн зохицуулсан байдаг.

Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх шаардлагыг уг хуулиар тавьж буй.

Гэтэл зарим газарт халуун, хүйтэн зуушаар үйлчлэх нь байтугай халбага, сэрээ ч байхгүй гэж хээв нэг хэлээд зогсох нь энүүхэнд.

Ийм тохиолдол караокед нэлээд гардаг бөгөөд хүргэлт, захиалгын хоолоор үйлчлүүлэгчдээ аргалдаг хэрэг. Уг нь архи, шар айраг тэргүүтнийг аль болох хоолтой хамт хэрэглэх нь үйлчлүүлэгчийн согтолт, биеэ авч явах чадвар, цаашлаад эрүүл мэндэд нөлөөтэй учраас хуульд зориуд ийн тусгасан байлтай.

Тэгвэл эл хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үйлчлүүлэгчдийг ундны усаар үнэ төлбөргүй хангах ёстойг та мэдэх үү. Бар, шөнийн цэнгээний газрууд ихэвлэн ийм цагийн хуваариар ажиллаж буй бөгөөд тэдний хувьд үйлчлүүлэгчдээ үнэгүй ус өгдөг нь хэд бол. Харин ч үүр цайтал ажиллахдаа үйлчлүүлэгчийг унаж тустал нь согтох хэмжээнд хүртэл архи тэргүүтнийг шахан худалдаж, аваагүйг нь авсан болгож төлбөрийн баримт дээрээ бичиж, тооцоо хийлгүүлдгийг хэлэх хүн бишгүй. Угтаа үйлчлүүлэгч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрх тухайн үйлчилгээний газрын ажилтанд бий. Харамсалтай нь, хэд нь энэ эрхээ эдэлж, “Одоо танд нэмж архи өгөхгүй” гэж хэлдэг нь хэд билээ.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 27.1-т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцахаар заасан байдаг юм шүү.

Мэдээж энд зөвхөн үйлчилгээ эрхэлж буй талыг онцолж, тэдэнд л үүрэг, хариуцлага үүрүүлэх тухай ярих нь өрөөсгөл. “Аманд нь архи цутгаагүй шүү дээ, өөрөө л уусан” гэх хариу зөвтгөл үеийн үед байсан. Цаашид ч байх биз. Гэсэн ч ухаанаа “уучихдаг” үйлчлүүлэгчтэй ухаалгаар харилцаж, хуулиа баримтлах, эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэнд ажилладаг хүмүүсээс илүүтэй хамаарах юм.