“Нийслэл”-ийнхэн Яармагт ямбалж байна. Төр, захиргааны байгууллагуудаас зайдуу одсон тэд задарч ч гүйцлээ. Нийслэлийн ИТХ, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд нь нийлж, холбогдоод нэгэн “Вант улс” болтлоо уусан ижилдэв.

Жишээ нь, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 28 нь албан тушаалаараа Засаг дарга Х.Нямбаатарт харьяалах, түүний өмнө ажлаа тайлагнах “давхар дээл” өмссөнийг доорх жагсаалтаас харж болно.

Уг нь нийслэлийн ИТХ бол Улаанбаатарын иргэдийн шууд сонголтын үр дүнд хамтаараа шийдвэр гаргахаар бүрдсэн байгууллага. Тэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сонгож томилуулах санал гаргахаас гадна бүрэн эрхийнхээ дөрвөн жилд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, тайланг нь хэлэлцэн, хэр ажиллав, хэлсэндээ хүрэв үү гэдгийг нь үнэлж, дүгнэх ёстой. Шаардлагатай бол түүнийг томилсон шигээ огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлах эрх нь ч нийслэлийн ИТХ-д бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хөгжил дэвшил, Улаанбаатарын иргэдийн амьдрал ахуйг авч явах хуулиар хүлээсэн үүргээ Х.Нямбаатар хангалтгүй биелүүлсэн гэж ИТХ дүгнэх л юм бол түүнийг огцруулах эрхтэй. Тиймээс ч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангаас авхуулаад “Төлөөлөгчтэй ингэж харьцахгүй ээ” хэмээн “томорч”, агсарч яваа биз.  

Гэвч ИТХ-аас томилолт авсан Х.Нямбаатарын тушаалаар ажилтай болж, түүнийгээ Засаг даргын өмнө тайлагнах төлөөлөгч ийм олон болчихож. Тэд нэг гараараа Х.Нямбаатарын өргөн барьсан төслийг баталж, нөгөө гараараа тэр төсвийг бүрдүүлж, зарцуулах Засаг даргын зарц, барлаг лугаа зүтгэж байна. Ийм нөхцөлд тэд Х.Нямбаатарыг ажлыг үнэлж, хариуцлага тооцно гэдэг нь “үлгэр” юм. Үнэхээр ч өнгөрсөн намрын сонгуулиас хойш нийслэлийн ИТХ-ынхан Х.Нямбаатар даргын ажилд алга ташиж, аялдан дагагчийн дүрийг илүүтэй бүтээж.

45 төлөөлөгчтэй ИТХ-ын 30 орчим нь буюу талаас илүү нь Х.Нямбаатарын шууд удирдлагад ажиллаж байгаа тохиолдолд тэр чигээрээ, А.Баяр даргатайгаа Засаг даргыг аялдан дагалдаж буйгаас өөрцгүй билээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөх, орлогч нар, орлогчийн эрэмбэтэй бүтээмжийн менежерүүд, Улаанбаатар хотын ерөнхий менежер, дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн харьяа байгууллагууд, төслийн удирдагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын захирал гээд бүгд (“Монголын хөрөнгийн бирж”-ийг эс тооцвол) ИТХ-ын төлөөлөгч байна шүү дээ.

1. Б.Ану-Үжин-“Улаанбаатар трамвай” төслийн удирдагч

2. А.Амартүвшин-нийслэлийн Засаг даргын орлогч

3. Л.Ариунтуяа-Соёлын төв өргөөний дарга

4. Д.Бадарсан-нийслэлийн бүтээмжийн менежер

5. Г.Батбаяр-Агро-сити эдийн засгийн тусгай бүсийн захирагч

6. Ц.Баттөр-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

7. Г.Батзориг-Улаанбаатар хотын ерөнхий менежер

8. Ч.Батзориг-нийслэлийн Засаг даргын зөвлөх

9. Т.Даваадалай-нийслэлийн Засаг даргын I орлогч

10. Б.Дөлгөөн-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч

11. С.Даваасүрэн-Багануур дүүргийн Засаг дарга

12. Г.Жаргалсайхан-Баянзүрх дүүргийн Засаг дарга

13. Н.Мандуул-Чингэлтэй дүүргийн Засаг дарга

14. Б.Мөнхбат-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга

15. Ч.Мэндбаяр-“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга

16. Б.Мягмар-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” компанийн гүйцэтгэх захирал

17. Д.Наянбаяр-Налайх дүүргийн Засаг дарга

18. Х.Нямбаатар-нийслэлийн Засаг дарга

19. Д.Отгонсүрэн-Шадар сайдын зөвлөх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн захирагч

20. Ү.Оюунзул-Гэрлэх ёслолын ордны захирал

21. Ж.Сандагсүрэн-"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал

22. Ө.Сумъяабаатар-Баянгол дүүргийн Засаг дарга

23. З.Төмөртөмөө-“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал

24. Ц.Төрхүү-Ус сувгийн удирдах газрын дарга

25. Г.Ууганбаяр-нийслэлийн Засаг даргын зөвлөх

26. Д.Ундармаа-“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга

27. Л.Хосбаяр-нийслэлийн бүтээмжийн менежер

28. Ж.Энхжаргалан-нийслэлийн Засаг даргын зөвлөх

33 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

33.1. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас