Олон улсад нэр хүндтэй, байгаль орчны салбарын томоохон шагналын нэг гэгддэг Голдманы нэрэмжит шагналын  энэ оны ялагчдын нэгээр манай улсын иргэн, энэ жил 81 настай Лувсандашийн Батмөнх шалгарчээ. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат тэрбээр тэтгэвэрт сууснаасаа хойш буюу сүүлийн 20 гаруй жил байгаль орчны салбарт хүчин зүтгэж, нутаг орныхоо бараг 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад оруулахад, нэн ялангуяа уул уурхайн салбарын үйл ажиллагааг эсэргүүцэхэд  жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Энэ жил Голдманы шагналыг долоон хүн хүртсэний дотор Монголоос гадна Тунис, Перу, Албани, АНУ-ын байгаль хамгаалагчид багтжээ. Жил бүр зургаан тивээс тус бүр нэг ялагч тодруулдаг энэхүү шагналыг 1989 онд Ричард Голдман, Рода Голдман нар санаачлан бий болгосон байна. Шагналыг өнгөрсөн 36 жилийн хугацаанд нийт 98 орны 233 хүн хүртжээ.

Харин Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байна. Л.Батмөнх шагналынхаа талаар“Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж, байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс. Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэжээ.