“Дүнжингарав” худалдааны төвийн урд газ ачсан машин дэлбэрч, онцгой байдлын гурван албан хаагч, явган болон машинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум им төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Мөн одоог хүртэл хохирлыг барагдуулахгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байгаа юм.

Тэгвэл тус хэрэгт яллагдагчаар татагдсан “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренчиндорж нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. "Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.

Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн гэж тогтоожээ. Мөн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн автомашин нь ХАБ-ын дүрэм журам мөрдөөгүй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй зэрэг зөрчил илэрчээ.

Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр газын машины жолооч Ч.Ренчиндорж болон Дашваанжил компанийн өмгөөлөгчийн хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Өмгөөлөгч Даваахүү “Ренчиндоржийг замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Том оврын машин давуу эрхтэй. Ниссан Патрол машин зам тавьж өгөх ёстой.

Ниссан Патрол маркийн машин зам тавьж өгөөгүй, зогсох үйлдэл хийхгүй явах байсан. Гэтэл Ниссан Патролын жолоочийг яагаад яллагдагчаар татаж оруулж ирээгүй вэ? Үүнд Батлан хамгаалах яамнаас төлөөлөл оролцох ёстой байсан гэж яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гал хаанаас гарав. Галын ослоос үүдэн энэ олон хүн хохирсон. Тэгэхээр Ч.Ренчиндорж галаас үүдэлтэй ослыг хариуцах үүрэггүй. Гал хаанаас гарсныг тогтоох ёстой. Хоёр жолооч шалгагдаж байгаад нэг нь яагаад байхгүй болчхов. Э.Мөнхнаран хаана байна вэ гэдгийг бүрэн гүйцэд тогтоох ёстой. Осол гарах үед Э.Мөнхнаран албаны машинаар ямар ажил хийж явсан нь тодорхойгүй. Түүнийг ослын үед ур чадвар дутсан гэж яриад байгаа ч уулзвараар баруун гар тийш эргэх үед замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн талаар ерөөсөө дурдаагүй. Шударга ёсны зарчмын хувьд ч тэр Э.Мөнхнаранг одоо хаана байгааг тогтоох хэрэгтэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаар шалгах хэрэгтэй” гэв.

Мөн “Э.Мөнхнаран гэж хүн том оврын машины араас орж ирсэн. Сохор бүс рүү орсон. Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-ыг зөрчсөн байхад үүн дээр дүгнэлт гараагүй. Гурван үндэслэлээр прокурорт хэргийг буцаах хүсэлтэй байна. Э.Мөнхнаран гэж хүн байгууллагын машин ашиглах ямар ч эрхгүй байсан. Тэр хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох байсан. Гэтэл Эрүүгийн хуулиар ч хариуцлага тооцоогүй. Бусад ямар ч хуулиар хариуцлага тооцоогүй. Тиймээс бусад өмгөөлөгч нарын адил Э.Мөнхнаран хаана байна вэ. Тэр хүнд яагаад хариуцлага тооцоогүй вэ. Гэм буруугүй бол шүүхийн шийдвэр нь гарч гэм буруугүйг нотлох ёстой” гэдгийг Дашваанжил компанийн өмгөөлөгч Сайнбаяр хэллээ.

Харин уг дэлбэрэлтэд өртөж хохирсон иргэдийн өмгөөлөгч “Хохирогчид гэр оронгүй, түрээсийн байр дамжаад жил боллоо. Энэ хүмүүст эд хөрөнгөөс гадна сэтгэл санааны хувьд маш их хохирол учирсан.

Эдгээр хүний сэтгэл санааны хохирлыг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Мөн “Дашваанжил” компани хохирогч нарын эд хөрөнгийн хохирлыг барагдуулах талаар ямар ч шийдвэр, хариу алга. Бид хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

Прокурор, “Дүнжингарав дэлбэрэлтийн үед амиа алдсан онцгой байдлын 3 алба хаагч гал түймэр унтраах үедээ амь эрсдээгүй. Өөрөөр хэлбэл тухайн галыг унтраах зорилгоор эд зүйлээ янзалж байх явцад, том тээврийн хэрэгслийн юмкс дэлбэрч ирээд 3 алба хаагчдыг гэмтээсэн байгаа юм.Тэгэхээр гал түймрийг унтраах үедээ амь эрсэдсэн биш, олон эрхтний дутагдал буюу олон тооны гэмтэл авч тухайн юмкст дарагдсаны улмаас амь эрсэдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Онцгой байдлын 3 алба хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал болон, тухайн галыг унтраах үедээ амь эрсэдсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.