Шинийг эрэлхийлэгч, хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг форматаа дотооддоо болон олон улсад танилцуулах боломж олгодог “Falling Walls Lab” форумын энэ оны сонгон шалгаруулалт эхэлжээ. Оролцогчид https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia хаягаар 2025 оны зургадугаар сарын 9-ний 23.59 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. “Falling Walls Lab Mongolia’25” форум ирэх есдүгээр сарын 12-нд МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд цахим-танхим хосолсон хэлбэрээр болох юм.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Та өргөдөл илгээх үедээ 18 нас хүрсэн байх шаардлагатай, насны дээд хязгаар байхгүй. Боловсролын хувьд дор дурдсан болзлын аль нэгийг хангасан байх ёстой:
• Одоогоор их сургуульд суралцаж байгаа, эсвэл пост доктор судлаач
• Бакалаврын зэргээ 10-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан
• Магистрын зэргээ 7-гоос дээшгүй жилийн өмнө хамгаалсан
• Докторын зэргээ 5-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан бол өөрийгөө сориорой.
*MD зэрэг (докторын диссертацигүй) нь магистрын зэрэгтэй дүйцнэ.
**Dr.med. зэрэг (докторын диссертацитай) нь PhD зэрэгтэй дүйцнэ.
Академик зэрэг цолны олон улсын ялгааг хүлээн зөвшөөрдөг.
Харин өмнө нь Монголын болон өөр аль нэгэн улсын, эсвэл олон улсын “Falling Walls Lab”-д оролцож байсан бол бүртгүүлэх боломжгүй.
Энэ тохиолдолд та гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “Falling Walls Venture”, шинжлэх ухааныг олон нийтэд таниулах төслийг дэмждэг “Falling Walls Engage” зэрэг “Falling Walls”-ийн бусад форумд оролцох нь нээлттэй. Ташрамд дурдахад, өргөдлийг заавал англи хэлээр бөглөх шаардлагатай.
Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор “Falling Walls Lab” форумыг зохион байгуулж ирсэн бөгөөд оролцогчид тус бүр гурван минутад багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүд, шүүгчдэд, басхүү олон нийтэд танилцуулдгаараа онцлогтой.
Орон орны үндэсний ялагчид нь жил бүрийн 11 дүгээр сарын 7-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлдөж, “Falling Walls Science Summit”-д оролцох эрхийн бичгээр шагнуулдаг билээ.
Өнгөрсөн жилийн форумын тэргүүн байранд О.Эрдэнэчимэг “Biodegradable polymer" судалгааны төслөөрөө шалгаран, үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдсөн юм.
Форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Германы эрдмийн солилцооны алба (DAAD), МУИС, Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо (INWES), MонЦаМэ агентлаг, хэвлэлийн түншээр “MongoliaPress” мультимедиа агентлаг, “Energy Insight” сэтгүүл хамтран ажиллаж байна.
