Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл энэ удаа Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ сарын 28-нд Булган аймагт зохион байгуулах гэж байна.
Хойд бүсийн зөвлөлийг энэ жил Булган аймгийн Засаг дарга даргалах бөгөөд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр батламжлах юм. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах аж.
Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус бүсэд ирэх дөрвөн жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдыг хамруулсан “Түншлэл хамтын ажиллагаа” арга хэмжээ, Хойд бүсийн хоршоологчдын зөвлөгөөн, брэнд бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, Хойд бүст хэрэгжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга зэрэг арга хэмжээнүүд болох юм.
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.