Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр АН-ын гишүүн Ж.Баярмааг үг хэлэх үеэр С.Баярцогтын үгийг дамжууллаа гэсэн агуулгыг илэрхийлсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа олон нийтэд хандан байр сууриа илэрхийлэхдээ “С.Баярцогт үгийг нь зааж өгөөд явуулж байна гэж гүтгэж байна. Миний үгийг С.Баярцогт зааж өгч байгааг Ерөнхий сайд нотлох хэрэгтэй. Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байна. Засгийн газар УИХ буюу төлөөллийн байгууллагынхаа дээр гараад суучихаж. УИХ-ын гишүүдийг тоохгүй юм байна. Энэ хүн үнэхээр вакумд орсон байна. УИХ-ын индэр бол улстөрждөг талбар биш иргэдийн үгийг хүргэдэг. Иргэд амьдрал сайн байна гэж байгаа юм уу” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөх үеэрээ зохисгүй авирлаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаад хүндэтгэлгүй хандсан талаар хэлэлцсэн байна. Улмаар сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг уучлал гуйх хүртэл хугацаанд байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авахаа мэдэгдлээ. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор парламентын ардчиллыг бэхжүүлэх, бататгах чиглэлээр УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхээр болсон байна.

Бүлгээс гаргасан шийдвэрийг Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэх, чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардах юм.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг уучлал гуйхгүй бол парламент, байнгын хорооны хуралдаанд суухгүй хэмээн бойкот хийж эхэллээ. Харин сөрөг хүчний бойкотонд Засгийн газрын тэргүүн бөхийх үү гэдэг нь сонин байна. Хэрэв аль аль талдаа гэдийх юм бол тэр хэрээр төрийн ажил гацах шинжтэй болоод явчихлаа. Энэ долоо хоногт хэн нь түрүүлж бууж өгөх вэ гэдэг нь тодорхой болно.