Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох, эсэхийг УИХ хэлэлцэж эхэллээ.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор УИХ өнгөрсөн оны 4 дүгээр сарын 19-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Улмаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоол гаргасан билээ. Үүний хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд хилийн боомтуудаар оруулж ирэх гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаан буудайн дээд болон I гурил импортолжээ. Бас мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин ихэссэн байна. Иймд дээрх хууль нэгэнт зорилгодоо хүрсэн гэж үзэж хүчингүй болгох төсөл боловсруулсан нь энэ.

Уг төслийг өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.