Амьдрал гэдэг хоржоонтой. Д.Амарбаясгалан дарга өөрийнхөө гаргасан журамгүй жим, бурангуй замыг туулж явна. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр “Засгийн газар “яаралтай горим” гэдэг нэрийн дор маш том хууль, асуудлуудыг оруулж ирж байна. Зөвшөөрлийн хуулийг дагалдуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьдаг нь ариун явдал мөн юм уу” хэмээн ундууцаж, санаачлагчид нь буцаана хэмээн бухимдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас “яаралтай горим”-оор өргөн барьсныг хэлэлцэх үеэр ийм явдал болсон юм.  

Сүүлийн арваад ажил эрх барьж буй Ардын намын өнгөн дээр, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаарч байгаа “яаралтай горим” ажиллагаанаас Д.Амарбаясгалан ангид байгаагүй.

Ер нь бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой хууль тогтоомжийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ агуулгыг нь нягтлахгүйгээр шууд хүлээн авч хэлэлцэн баталдаг жишиг тогтоосон нь үнэн. Эрх баригч Ардын намынхан, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимынхан, Ерөнхий сайдын баруун гар, Засгийн газрын “гал тогоо”-г атгаж явсан Д.Амарбаясгалан нар үүнд “үнэтэй” хувь нэмэр оруулсантай маргашгүй. Өдгөө тэдний тогтоосон жишгийг Засгийн газрынхан баримталж, түшмэд нь гүйцэлдүүлж байна.

Засгийн газраа дэмжих, дэмнүүлэх нэрээр зальжин загнаж, хаалттайгаар, хайрцаглаж шийддэг арга барил амь бөх оршиж байгаатай Д.Амарбаясгалан нүүр тулав.

Тиймээс ч хууль, тогтоолын төслийг хүлээн авч, хэлэлцэн батлах “байршил”-д ирсэн спикер Д.Амарбаясгалан “УИХ Засгийн газрын Хуулийн тасаг шиг ажиллахгүй” хэмээснээ хэрэгжүүлэхэд хэлсэн шиг нь амар байхгүй болов уу.

Түүний хэлснээр Засгийн газраас яаралтай горимоор хуулийн төсөл өргөн барихад хууль зүйн талаас нь Хууль зүй, дотоод хэргийн яам (сайд), төсөв, санхүү талаас Сангийн яам (сайд), захиргааны хяналт талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газар (сайд) хяналт тавьж, зөвшөөрсөн гарын үсэгтэй хамт мэдүүлдэг. Д.Амарбаясгаланг 2022 оны наймдугаар сарын 29-нд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон бөгөөд үүнээс хойш Засгийн газар яаралтай горимоор өргөн мэдүүлсэн төслүүдээс сонирхъё.

Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхад гүйцэтгэх засаглалын зүгээс 13 төслийг яаралтай горимоор өргөн барьж, олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй богино хугацаанд баталсан байна.  

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хаах үр дагавартай уг хуулийн төслийн шүүмжлэлийн “гал” тухайн үеийн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг чиглэсэн ч “Өргөн барихад асуудалгүй” гэж гарын үсэг зурсан хүн нь Д.Амарбаясгалан. Олон нийтийн хэлэлцүүлэг огт хийлгүй баталсан уг хуулийг олон улсын хүний эрхийн байгууллагуудаас шүүмжилсний сацуу Ерөнхийлөгч хориг тавьснаар хүчингүй болгосон юм.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга

2022 оны арваннэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл төслийг өргөн барьж байв. Гэхдээ бараг хагас жилийн дараа баталсныг нь бодохоор олон нийтийн хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээгүйгээр яарч өргөн барьсныг гайхаж, хардмаар. Тус төсөлд аялал жуулчлалын тур оператор, агент нь аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэх нийтийн эрх зүйн этгээдэд заавал бүртгүүлэхээр заасан байх бөгөөд энэ нь Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн суурь үзэл баримтлал, зохицуулалттай хэрхэн уялдахыг судлаачид асууж байв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль

Урт нэртэй уг хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн барьж байлаа. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг хязгаарлах, иргэний өмчийн газрыг нийтийн хэрэгцээнд дайчлан авахаас авхуулаад хүний эрх, эрх чөлөөг олон талаар хязгаарлаж, зөрчсөн зохицуулалттайгаар өргөн барьсан эл төсөл “яаралтай горим”-ын гажуудлыг илэрхийлэх сонгодог жишээ болсоор буй.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль

Урт нэртэй уг төслийг бас л Д.Амарбаясгалан өргөн барьж, ердөө есөн өдрийн дотор УИХ баталсан. Өнгөрсөн жилийн өдийд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнөхөн баталсан эл хуулиас “Шинэ хоршоо” хөдөлгөөн мэндэлсэн юм. Мэдээж малчдын амьжиргааг дэмжиж хоршоо байгуулах зорилготой эл хөдөлгөөн эрх баригч Ардын намынхны сонгуулийн гол “хөзөр” болсон. Тэр дундаа сонгуулиар Д.Амарбаясгалан нэр дэвшсэн баруун бүсийнхэн “Шинэ хоршоо”-ны шим, охийг нь хүртсэн гэх нь ч бий. Ямартай ч малчдад хэдий хэмжээний дэмжлэг, урамшууллыг, хэрхэн, яаж олгосон талаарх үйл явц хардлага дагуулсаар л байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Өмнөх парламентын үед хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж хийх шинэчлийн хуулийг хав дарсаар дөрвөн жилийн дараа яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Бас л өнгөрсөн жил сонгуулийн “сурталчилгаа” хэдийн эхэлчихсэн үед хэлэлцүүлсэн эл төслийг Засгийн газрын тэргүүн, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр өргөн барьж, сүрийг үзүүлсэн.