Хойд мөсөн далай болон ойр орчмынх нь цас мөс бүрэн гүйцэд хайлж, Хойд туйл тэр чигтээ цас мөсөн давхаргагүй болох түүхэн дэх анхны өдөр эрдэмтэн, судлаачдын өмнө нь таамаглаж байснаас хавьгүй өмнө буюу 2027 онд тохиож мэднэ гэсэн шинэ тооцоо гарчээ. Дэлхийн одоогийн жилийн дундаж температурыг цельсийн 1.5 градусаас илүү нэмэхгүй байхад л ийм үр дагавар гарна гэхээр дулаарал улам нэмэгдсээр байвал туйлын цас мөс бүр ч ойрхон хайлж, үгүй болж мэдэх юм.

Өмнө нь эрдэмтэд Хойд туйлын мөсгүй болох анхны сар, мөсгүй болох анхны зун хэзээ болох магадлалтайг тооцоолж байсан бол тэр чигтээ мөсгүй болох анхны өдрийг анх удаа нарийн тооцоолсон нь энэ аж. Өмнөх судалгаагаар Хойд туйлын цас мөсгүй анхны сарыг 2030-аад тохионо гэсэн тооцоо гарсан юм.

Сүүлийн судалгааг хийсэн Шведийн Готенбургийн их сургуулийн уур амьсгал судлаач Селин Хэюзийн хэлснээр Хойд туйлын цас мөсгүй хамгийн анхны өдөр 2027 оны найм юм уу, есдүгээр сард тохиож мэдэх гэнэ. Харин анхны мөсгүй сар, анхны мөсгүй зуныг тооцоолж байсан хэдхэн жилийн өмнөх судалгаануудад Хойд туйлыг есөөс хорин жилийн дараа л цас мөсгүй болж эхэлнэ гэсэн тооцоо гарч байжээ.