Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны дөрөвдүгээр сарын 09-15-нд нийт 10 өргөдөл гаргаснаас дөрвийг нь хүлээн авч, зургаад нь татгалзсан байна. Цахим системд дараах дөрвөн өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний гурав нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ. Тодруулбал,
- Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,
- Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,
- Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.
Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг энэ сарын 21-ний байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100 033 иргэн дэмжиж, санал өгчээ.
УИХ-ын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой.