Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Ерөнхий эмч Ш.Мөнхдүүрэнтэй Дорноговь аймгийн зарим сумдад гарсан ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Дорноговь аймгийн зарим сумдад годрон өвчин гараад байна. Тус сумдад долоодугаар сараас эхлэн мал үхэж эхэлсэн байдаг. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори дээр хамгийн анх өвчний дээж хэзээ ирсэн бэ?
-Анх Бог малын Маеди-Висна өвчний онош тодруулах зорилготой дээж аймгийн мал эмнэлгийн лабораториос долоодугаар сарын 21-нд ирсэн.
-Малын ямар өвчин гарсан эсэхийг сум, аймагтаа илрүүлж чадахгүй үед төв лаборатори руу дээж илгээдэг үү. Эсвэл шинжилгээний дүнгээ нягтлуулах гэж явуулдаг уу?
-Улсын хэмжээнд гарч байгаа мал, амьтны бүх л өвчнийг Төв лаборатори оношлож баталгаажуулдаг.
Гэхдээ 21 аймаг, нийслэлд мал эмнэлгийн сүлжээ лаборатори бий, тэдгээр лаборатори бүр итгэмжлэлийн хүрээний арга зүйгээр шинжилгээ хийж, анхны оношийг тогтооно. Тэр ч утгаараа Дорноговь аймгийн мал эмнэлгийн лаборатори холбогдох шинжилгээ хийх, сорьц илгээх ажлуудыг хийсэн.
Төв лабораторийн хувьд сүлжээ лабораториудаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилдаг.
-Эхний шинжилгээг төв лаборатори юу гэж оношилсон бэ?
-Дорноговь аймгийн мал эмнэлгийн лабораториос долоодугаар сараас наймдугаар сарын хооронд гурван удаа сорьц ирүүлсэн. Хоорондоо тодорхой хэмжээний зайтай. Хатанбулаг сумаас хоёр удаа, Хөвсгөл сумаас нэг удаагийн сорьц ирсэн. Манайд 21 аймаг, нийслэлйин 330 сумаас дээж ирдэг. Дээжийг чухам ямар зорилгоор, ямар өвчин шинжлүүлэх вэ гэдэг нь дээжийн дагавар бичгэнд тусгагдаж ирдэг. Учир нь тухайн орон нутагт буюу анхан болон дунд шатанд өвчний нөхцөл байдлыг нүдээрээ харж, гараараа барьсан эмч л ийм өвчин байна, эсвэл байж болзошгүй гэж урьдчилсан оношийг тавьдаг. Дорноговь аймгийн мал эмнэлгээс маеди-висна гэсэн урьдчилсан онош тавьсан дээжийг шинжлүүлэхээр, дагавар хуудсанд тодорхойлж бичсэн байсан. Бид итгэмжлэлийн хүрээ, сүлжээ лабораторийн журмынхаа дагуу орон нутгийн мал эмнэлгийн лаборатори болон үйлчлүүлэгч байгууллагуудын хүсэлтээр ирж байгаа сорьц, шинжилгээг хүсэлтийн дагуу л шинжлээд аль болох богино хугацаанд хариуг гарган хүргүүлэх үүрэгтэй. Дээжийн дагавар хуудсан дээрх хүсэлтийн дагуу шинжилгээ хийхэд маеди-висна өвчнөөр эерэг гарсан. Маеди-Висна, цусан халдварт ялгаагүй уушиг барьж эмзэгшүүлдэг өвчнүүд. Бороо, салхи, агаарын чийг нэмэгдэх, орчны хэм тогтворгүй, шинэ ногоо ургах үед ч гэдэг юм уу мал сүрэгт цусан халдварт илрэх нь түгээмэл.
-Хоёр дахь удаагийн дээжийг шинжлээд ямар хариу гарсан бэ?
-Хатанбулаг сумын хоёр дахь удаагийн дээжийн шинжлүүлэх зорилго нь мөн л маеди-висна нэмээд бог малын мялзан өвчнийг шинжлүүлье гэсэн хүсэлт ирсэн. Тэр дагуу шинжлэхэд маеди-висна дахиад эерэг харин бог малын мялзан сөрөг гарсан. Улмаар наймдугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас гурав дахь сорьц ирж маеди-висна шинжлүүлсэн, оношлогдсон. Ингээд Дорноговь аймгийн хоёр сумаас ирсэн гурван удаагийн сорьцоор маеди-висна гарч байсан.
Харин есдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хатанбулагийн нутаг дэвсгэр дээр намаржиж байгаа айлын ямаа өвчиллөө гэж, Өмнөговь аймгийн МЭГ-ын дарга утсаар ярьсан. Мөн яг энэ өдрөө Дорноговь аймгийн лабораторийн эмч над руу холбогдоод “Хатанбулаг суманд ямааны өвчлөл зогсохгүй байна. Олон зуугаар ямаа үхлээ гэж дуулгасан. Энэ өдрөөс эхлэн маеди-виснагаас гадна давхар асуудал байх магадлал өндөр байгаа тухай Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын өвчин хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож “Дорноговь дээр ийм асуудал үүсчээ, энэ бол хойшлуулашгүй ноцтой асуудал, төв лабораториос энэ асуудлаар нэн даруй Дорноговь аймагт ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж хариу шийдвэр ирүүлнэ үү” хэмээн хүссэн.
Тухайн мэргэжилтэн “Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газраас наймдугаар сарын 23-нд манай Мал эмнэлгийн ерөнхий газарт мэргэжлийн баг томилж өгнө үү гэсэн бичиг ирүүлсэн” гэж хэлсэн. Тийм бол яагаад манай лабораторид мэдэгдээгүй байна вэ гэсэн байр сууриа ч илэрхийлсэн. Үүнээс хойш буюу есдүгээр сарын 11-ээс хойш хэд хэдэн удаа шийдвэр асууж ярьсан. Есдүгээр сарын 28-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас ажлын хэсэг томилж Дорноговь руу явуулсан. Тэрхүү ажлын хэсэгт манай лаборатори сорьц, дээж авах материал, хэрэглэгдэхүүнээ базаагаад зөвлөх эмч Сугирыг томилж явуулсан. Зөвлөх эмч хашир туршлагатай, онолын болоод практикийн өндөр мэдлэгтэй, манай лабораторид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн л дээ. Ажлын хэсгийнхэн Хатанбулаг, Хөвсгөл сумдын дөрвөн өрхийн дөрвөн ямаанд задлан шинжилгээ хийсэн. Дөрвөн ямааны сорьцыг аравдугаар сарын 1-нд лабораторид хүлээлгэн өгсөн.
-Тэдгээр ямааны сорьцод шууд годронгийн шинжилгээ хийж эхэлсэн үү?
-Шууд л годронгийн чиглэлийн шинжилгээ хийж эхэлсэн. Учир нь манай зөвлөх маань годронгийн шинж тэмдэг тун байж болзошгүй байна гэсэн урьдчилсан оноштой ирсэн, түүний дагуу шууд л ямааны годронгийн шинжилгээ хийсэн.
Өмнө ярьснаар есдүгээр сарын 18-нд өвчний голомттой залгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумаас нэг ямааны дээж ирсэн. Бид түүн дээр ажлын хэсэг явахаас өмнө ямааны годронгийн үүсгэгчийг өсгөвөрлөх нян судлалын шинжилгээг эхлүүлсэн байсан. Өсгөвөрлөх шинжилгээ хийхэд багагүй хугацаа шаарддаг. Энэ шинжилгээг хийхэд ашигладаг үүсгэгчийг сонгомлоор ургуулдаг хоёр төрлийн тэжээлт орчин бэлэн байсан.
-Годрон болохыг оношлох бэлэн байдал хэр хангагдсан байв. Гаднаас оношлуур захисан гэдэг нь үнэн үү?
-Ямааны годрон өвчнийг нян судлалын, эмгэг эд судлал, молекул биологийн аргуудаар оношилдог. Өвчний үүсгэгчийг олон аргаар шинжилж болдог. Цусны ийлдсэнд эсрэгбием илрүүлэх урвал, эмгэгтэж өвчилсөн эд эрхтнээс үүсгэгчийн генийн хэсгийг ПГУ-аар оношлох арга гэж байна, мөн энэ өвчний үүсгэгч микоплазмийг өсгөрвөлөх шинжилгээний аргаар ялгаж авах гэх мэт.
Энэ утгаараа төв лабораторит Ямааны годрон өвчнийг оношлох бэлэн байдал байсан. Энэ нь нян судлал, гистологи аргууд дээр. Мөн бид 2016 оноос Олон улсын цөмийн энергийн агентлагийн шугамаар ямааны годрон өвчнийг оношлох хамгийн сүүлийн үеийн молекул биологийн арга техникийг эзэмшээд ирчихсэн байсан, тэр үедээ хэрэглэж байсан ПГУ-ын оношлуур ч хадгалагдаж байсан. Тус арга зүйд манай шинжлэгч эмч нар жил бүр Австри руу явж дадлагажиж, эх орондоо түүнийгээ нутагшуулдаг, өөрөөр хэлбэл манайх бүхий л цаг үед боловсон хүчний болон аргазүйн нөөцийг бэлтгэж байдаг юм. Тэгэхээр ямааны годрон өвчнийг оношлох хамгийн сүүлийн үеийн молекул биологийн арга өдгөөгөөс есөн жилийн өмнө манай лаборатори дээр тогтворжсон гэсэн үг. Харин бидэнд байсан оношлуур маань багагүй хугацаанд буюу 2018 оноос хойш гэхээр бараг зургаан жил хадгалагдчихсан тул үнэмшил багатай байсан. Тиймээс яаралтай Австри болон БНХАУ-ын мал эмнэлгийн лаборатори, судалгааны хүрээлэнгүүдтэй холбогдож молекул биологийн оношлуур захьсан, хариу ирэх хүртэл нян судлал, гистологийн шинжилгээнд анхаарлаа хандуулж хийгдсээр л байсан. Аль аль нь хугацаа зарцуулдаг аргууд юм.
-Захьсан оношлуур нь хэзээ ирсэн бэ?
-Аравдугаар сарын 2-нд Австри болон БНХАУ-руу оношлуураа зэрэг захьсан. БНХАУ-аас аравдугаар сарын 9-нд, Австриас 10-нд ирсэн. Үндсэндээ долоо хоногийн дотор олон улсын хоёр лаборатори, хүрээлэнгийн олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгдсөн, баталгаатай оношлуурыг хүлээж авсан. Оношлуур ирээд л шинжилгээ хийхэд хариу нь гурван цагийн дараа гарсан. Годрон болох нь аль аль оношлуураар батлагдсан, манай эмч нар ч сайн бэлтгэгдсэн байсны бас нэг томоохон үзүүлэлт юм даа. Мөн нянгийн шинжилгээгээр ургаж байсан өсгөврийг ПГУ-аар ч баталгаажуулсан, гистологийн хариу ч гарсан.
-Тэрхүү оношлуур годронгоос өөр төрлийн өвчин байвал илрүүлэх үү?
-Үгүй. Зөвхөн ямааны годрон өвчин үүсгэгчийн генийг өвөрмөцөөр таньж үр дүнг гаргаж ирдэг.
-Долоодугаар сард гарсан өвчинг аравдугаар сард оношилж илрүүлжээ. Багагүй хугацаа алджээ гэсэн шүүмж байна л даа.
-Олон нийт ингэж харах нь зүйн хэрэг. Дээр дурдсан шалтгаанууд байлаа. Гэхдээ лабораторийн онош зөрсөн, эсвэл огт буруу оношилсон асуудал үүсээгүй. Дорноговь аймгаас энэ годрон өвчин шинжлүүлэх хүсэлт, урьдчилсан онош тавьсан байхад төв лаборатори энэ өвчин годрон биш, маеди-висна байна гээд байсан бол оношын зөрүү, алдаатай оношлогоо гэж ярьж болно.
Лаборатори бол годрон байж болзошгүй гэдэг сэжиг, мэдээлэл авсан үеэс шуурхай ажиллаж оношилсон. Түүнийг онцгой цохож хэлмээр байна. Олон тооны ямаа үхээд байгаа тухай мэдээллийг эрт мэдэгдсэн бол, мөн эмгэг хувирал, тархварзүйн нөхцөл байдлыг тодорхой дурдсан бол бид арай эрт илрүүлэх боломж байсан.
-Годрон өвчин Ховд аймагт 70 гаруй жилийн өмнө бүртгэгджээ. Тийм урт хугацааны дараа говьд гарсан нь их анхаарал татаж байна л даа.
-Годрон бол манай улсад хэзээнээс ч юм байсан өвчин. Өвчин үүсгэдэг, үүсгэдэггүй маш олон сая амьд биетүүд бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа. Хэзээ, хаана ил гарч ирэх вэ, далд байх вэ гэдгийг хэн ч таашгүй. Баруун бүсийн аймгуудад 1950-иад оноос өмнө годрон гарч байсан тухай баримт байдаг юм байна. Эрдэмтэн Занаа гуай судалж, үйлдвэрлэлийн болон онол, практикийн өргөн ажлуудыг хийж байсан юм билээ. Ховд аймагт вакцины уусмал бэлтгэж, тарьж, оновчтой тэмцэж ажиллаж байгаад гаралт нь зогссон бололтой. Тэр он жилүүдээс хойш годрон өвчин гарсан бүртгэл байхгүй. Годрон үхэл хорогдол, халдварлалтын хувь өндөртэй учраас гарсан бол заавал мэдэгдэнэ. Тэгэхээр энэ өвчин Монголд устчихсан байсан гэж хэлж болохоор байгаа юм.
Годрон өвчин яагаад гарсан бэ гэдгийг олон талаас нь харах ёстой. Хамгийн эрсдэлтэй байж болох хувилбаруудыг бид судлах хэрэгтэй. Мэдээж энэ өвчин тэнгэрээс унаагүй. Хөрсөнд голомтолдог үүсгэгч бас биш. Гадаад орчинд тун тэсвэр муутай. Хавьтал халдвар буюу заавал өвчтэй мал эрүүл малтай хавьтаж байж халдвар дамждаг. Олон янзын таамгууд байна. Яг халдвар хаанаас орж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Мал эмнэлгийн ерөнхий газрын тархвар судлалын баг ажиллаж байна.
-Зэрлэг амьтны хөлөөр дамжиж өвчин халдсан байж болох уу. Хэд хэдэн хулан үхсэн гэх мэдээлэл байна. Энэ тухайд?
-Дорноговь аймаг тэр дундаа Хатанбулаг, Хөвсгөл сумд бол зарим зэрлэг туруутан амьтдын үндсэн тархац нутаг юм. Энд хулан, хар сүүлт, цагаан зээрийг нэрлэж болно. Тэр утгаараа зэрлэг амьтан өвчин халдаасан гэх таамаг яриа бий байх. Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас харахад тийм боломжгүй байна.
Дэлхий дээр зэрлэг амьтнаас гэрийн тэжээвэр малд ямааны годрон өвчин халдсан гэх судалгаа олдохгүй байна.
Нотлогдоогүй байхад зэрлэг амьтнаас халдвар авсан байж болзошгүй гэдэг нь эргээд тухайн амьтдад хандах хандлагын нөлөө, бусад ойлгомжгүй сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй зүйл. Мөн зэрлэг амьтан гэрийн тэжээвэр амьтантай холилдоно гэдэг харьцангуй ойлголт. Харин ус, бэлчээрийн давхцал улирлын онцлогоос хамаарч тодорхой хугацаанд үүсч байдаг. Гэхдээ ямааны годронгийн халдварын хэлхээнд Хулан огт хамаагүй. Мэдрэмтгий амьтны тухайд цагаан зээр, хар сүүлтийг таамаглаж болно. Хэдий тийм ч энэ хоёр амьтны годронгийн халдварт өртдөг эсэхийг хэн ч мэдэхгүй болов уу. Мөн хоёр улсын хилийг гатлан зэрлэг амьтан болоод гэрийн тэжээвэр амьтан давах боломжгүй мэт санагддаг. Харин хүний оролцоотой санаатай үйлдлээр мал, амьтанг тээвэрлэхийг үгүйсгэж болохгүй юм. Энэ талын хяналт шалгалтыг чиглэлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа байх.
-Зориудаар тараасан гэх таамаг байна. Энэ хэр ортой бол?
Аль нэг улсаас өвчин үүсгэгч тээвэрлэгдэж эсвэл зөөвөрлөгдөж орж ирсэн гэдэг нь тодорхой хэрэг. БНХАУ нь энэ өвчнөөр тайван бус байна, 2011-2013 оны үед годрон гарч байсан гэх мэдээлэл бий.
Дээрээс нь энэ өвчин хил орчимд үүссэн учраас тэр орчмоос үүссэн байх магадлал хамгийн өндөр юм. Үүнээс цаашхыг нарийн судалж ярихгүй бол одоо ярихад эрт байна. Халдвар дамжих хамгийн гол зам нь өвчтэй мал амьд малтай нийлэх гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй.
-Хонь огт өвчлөөгүй юу?
-Африк, Европ, Азийн заагийн зарим орнуудад хонь болоод зэрлэг гөрөөс, бугын төрлийн амьтдад халдварласан мэдээллүүд байдаг юм билээ. Дорноговьд хонь өвчилсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ бид хонин сүрэгт тандалт хийж байна.
-Одоо годронгийн вакцин тарьж байгаа юу?
-Үгүй. Вакцин нь манайд байхгүй.
-Нэгэнт энэ өвчний голомт үүсчхэж байгаа учраас вакцины нөөцтэй байх ёстой. Бид өөрсдөө үйлдвэрлэх чадах уу?
-Годрон гараагүй ч гэсэн Био үйлдвэр 2013 он хүртэл бэлэн байдлын нөөц болгож вакциныг нь үйлдвэрлэж байсан. Нэгэнт 70 гаруй жил годрон гараагүй учраас 2013 оноос үйлдвэрлэлээ багасгасан гэж дуулсан.
Монгол Улс годронгоор эрүүл гэдэг статусыг хүлээн зөвшөөрүүлэх ажилруугаа анхаарал хандуулж байсан. Ямар нэг өвчнөөр эрүүлийг зарлана гэдэг чухал ач холбогдолтой зүйл байдаг.
-14 мянган ямаа устгажээ. Нэг өвчтэй мал гарахад л хотон дахь бүх ямааг нь устгаж байгаа нь хэр шударга юм бэ. Эрүүл ямаанд нь вакцин хийх зэргээр уян хатан шийдэх боломжгүй байсан уу?
-Одоогийн хэрэгжүүлж арга хэмжээ нь ДМАЭМБ-аас зөвлөсөн зааврын дагуу хэрэгжүүлж байгаа. Олон улсын түвшинд ч гэсэн мөрдөгдөж байгаа арга хэмжээ юм билээ. Аливаа өвчний шинэ халдвар, тохиолдлын үед арга хэмжээг оновчтой сонгож хэрэгжүүлдэг. Мал эмнэлгийн байгууллага, салбарын яам, мэргэжлийн байгууллагууд санал бодлоо солилцоод хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
-Годронгоос урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Дахин гарах эсэхийг хэлэхэд эрт байна. Магадгүй тодорхой хугацааны дараа дахихыг үгүйсгэх аргагүй. Устгалын дараа өвчин намдчихлаа гэж тайвшрахгүйгээр үргэлжлүүлэн тандалт, үзлэг шалгалт, мониторинг хийх шаардлагатай. Мэдээллийг маш сайн цаг тухайд нь дамжуулдаг байх шаардлагатай, нөгөө талдаа малын худалдааг бүрэн хянах туйлын бэрх. Малаа хэнд, яаж худалдаалах вэ гэдэг нь зах зээлийнхээ журмаар явж байдаг. Энэ мэт байдлаар халдвар тархаж болзошгүй юм. Тиймдээ ч энэ нь зөвхөн Хатанбулаг, Хөвсгөл сумдын асуудал биш. Зэргэлдээ аймгуудын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалдаг шат шатны байгууллагуудын чухалчлан анхаарах ёстой асуудал болоод байна.