Боловсролын зээлийн санд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зээлээр суралцсан 12992 иргэний диплом үнэт цаас хэлбэрээрээ хадгалагдаж байгаа юм. Эдгээр дипломыг зээлээс чөлөөлж эзэнд нь буцаан олгох ажил хийгдэж байгаа аж. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаатай ярилцлаа.
Хөндсөн асуудлынхаа үр дүнг үзэхийн тулд БЗС-гийн даргын саналыг хүлээж авсан
-Таниас ний нуугүй асууя. Анх боловсролын зээлийн асуудлаар шүгэл үлээж гарч ирчихээд одоо сангийнх нь газрын дарга болсонд олон нийт янз бүрээр л хүлээж авах шиг боллоо. Та ч өмнө нь ямар нэг албан тушаалд очихгүй гэж байсан удаатай. Яагаад Ажлын албаны даргаар ирэв?
-Зээлийн сангийн асуудлаар би өмнө нь 1.8 жилийн хугацаанд Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст мэргэжилтнээс нь хэлтсийн дарга болтлоо ажилласан. Энэ хугацаанд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын хэрэгжилтийг хангах, нөгөө талаас аудит болон АТГ-аас ирүүлсэн зөрчил арилгах албан шаардлагуудыг хэрэгжүүлж ажилласан. Ингэхдээ ажлын шаардлагаар салбарын яам болон байгууллагынхаа удирдлагатай санал зөрөлдөж ажлаасаа чөлөөлөгдсөн. Л.Энх-Амгалан сайд буцаад ажилдаа ор гэсэн санал тавьсан. Гэтэл миний ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон учраас очих боломжгүй шүү дээ.
Одоогийн энэ ажлын байрны саналыг УИХ-ын сонгуулийн дараа Боловсролын сайд П.Наранбаяр тавьсан. Үндсэндээ анх л хөндсөн асуудлынхаа үр дүнг үзэхийн тулд саналыг хүлээж авсан. Үе үеийн сайд нарын тушаал хууль зөрчсөнийг хууль хяналтын байгууллага тогтоосон учраас эцсийг нь үзье, ард нь нь гарая гэж бодсон хэрэг. Нэгэнт шүгэл үлээсэн болохоор үр дүнг нь үзэх хэрэгтэй шүү дээ.
- АТГ нэлээн өргөн хүрээнд шалгаж байгаа. Ер нь шүгэл үлээснээс хойш яг ямар үр дүн гарав?
-2013-2020 он хүртэлх долоон жилийн хугацаанд 60 хүний зээл төлөгдсөн. Харин намайг асуудал хөндсөнөөс хойшхи хугацаанд өнөөдөр гадаад зээлийн найман тэрбум төгрөг төлөгдсөн. Өмнө нь огт төлөгддөггүй байсан зээл 2023 онд 2.8 тэрбум төгрөг, 2024 онд хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл төлөгдсөн байна. Энэ мэтээр нэлээн үр дүнгүүд гарч байна.
АТГ-т өнгөрсөн оны зургадугаар сард зургаан сайдын тушаал хууль зөрчсөн болон зээл тэглэсэн асуудлаар өргөдөл гаргасан. Зургадугаар сарын 2-ны өргөдлийн мөрөөр аравдугаар сарын 23-нд хэвлэлийн бага хурал хийхдээ “Хууль зөрчсөн нь үнэн” гэдгийг тогтоосон. Мөн 2023 оныхоо арванхоёрдугаар сард нь БШСУ-ны яаманд зээл тэглэсэн тушаалуудыг хүчингүй болгох албан тоотыг ирүүлсэн байдаг. Гэвч янз бүрийн шалтгаанаар энэ албан тоот ажил хэрэг болоогүй. Харин 2024 оны есдүгээр сарын 30-нд зөвлөмжийг ажил хэрэг болгооч ээ гээд дахиад П.Наранбаяр сайд болон Боловсролын зээлийн санд хандсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороон дээр О.Батнайрамдал гишүүний ахалсан ажлын хэсэг гарлаа.
Зээлийн сангийн гэрээг хараат бус ажлын хэсэг дүгнэх ёстой
-О.Батнайрамдал болон таны хувьд эхлээд гаднаас нь тэмцэж шүгэл үлээсэн бол одоо хоёулаа хүсэл зориг нь байвал үр дүн гаргах боломжтой хэмжээнд ажиллах албан тушаалтай боллоо. Нэг нь парламентын гишүүн, та сангийнх нь даргаар ирлээ. Процесс хэрхэн өрнөх вэ?
-Сайд нарын тушаал хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас тухайн зээлийг тэглүүлсэн 941 хүний хэд нь гэрээний үүргээ биелүүлсэн юм, хэд нь биелүүлээгүй мөртлөө зээл тэглүүлсэн юм гэдгийг тодорхой болгож байна. Хоёрдугаарт, тухайн зээлдэгчийн гэрээний асуудлыг хэн дүгнэх вэ гэдэг чухал. Ажлын төлөвлөгөөгөө салбарын сайдад танилцуулаад явж байна.
-Гэрээг хэн дүгнэх вэ?
- АТГ-аас ирүүлсэн бичиг болон Үндэсний аудитын газрын дүгнэлтээр “Гэрээ дүгнэж, акт үйлдээгүй буюу баримт нотолгоогүйгээр зээл чөлөөлсөн” гэж үзсэн шүү дээ.Санхүүжилтийг зохицуулж ирсэн журмаар бол Зээлийн сан дүгнэнэ. Гэхдээ сангийн өнөөгийн хүний нөөц зэргээс харвал хязгаарлагдмал тал бий. Тиймээс асуудал хөндсөн хүний тухайд биш Ажлын албаны даргын хувиар бодож боловсруулж байгаа төлөвлөгөө бол олон талт оролцоотой, нийтэд ил тод байх хараат бус ажлын хэсэг гэж харж байгаа. Урьдчилсан байдлаар сайдад танилцуулсан.
-Боловсролын зээлийн сан цаашид хэрхэн шинэчлэгдэх, өөрчлөгдөх ёстой вэ. Хараат бус, шударга ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
-Боловсролын зээлийн сан гэдэг нэршлээсээ харахад зөвхөн зээл олгодог юм шиг ойлгогдоод байна. Гэтэл манай дэмжлэгийн нэлээдгүй нь тэтгэлэг, буцалтгүй тусламж байдаг. Энэ утгаараа боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлдэг Боловсролын хөгжлийн сан болгох. Санг ажиллуулахын тулд бие даасан, хараат бус, олон талт эх үүсвэртэй байхгүй бол зөвхөн төсвөөс санхүүжих нь хязгаарлагдмал. Нөгөө талаас зээлийн эргэн төлөлтийг сан бие даан зарцуулах боломжтой болох юм бол албан хаагчдыг идэвхжүүлэх, урамшуулах, дараа дараагийн зээлдэгчдийг хараат бусаар шалгаруулах боломжтой. Ийм эрх зүйн зохицуулалт, шинэчлэл хэрэгтэй.
БЗС-нд 12992 иргэний 14.4 тэрбум төгрөгийн диплом зээлийн барьцаанд хадгалагдаж байна
-Зээлээр сурсан ч дипломоо аваагүй хэдэн хүн байгаа вэ. Тэр хүмүүстэй бүгдтэй нь холбогдож байгаа юу?
-Үнэт цаасны хэлбэрээр нь хадгалж байгаа дипломын тухайд дотоод зээлдэгчийн асуудал. Өөрөөр хэлбэл, намайг ажил хүлээж авахад 1993-2016 оны хооронд дотоодоос зээл авсан 13200 хүний диплом байсан. Яг өнөөдрийн байдлаар 12992 хүн буюу 14.4 тэрбум төгрөгийн зээл яригдаж байгаа.
Энэ дунд 2004 онд Засгийн газрын 22-р тогтоол, 2008 онд 178-р тогтоолоор сургалтын зээлийг чөлөөлөх шийдвэрээр боломж олгосон байдаг. Эдгээр чөлөөлөгдсөн хүмүүсийн диплом бас бий. Тодруулбал, дотоодын коллеж, их дээд сургуульд бакалавр, дэд бакалавраар төгссөн хүмүүсийг нэг удаа хөнгөлж аймгийнх нь Боловсролын газарт хүргүүлсэн байдаг юм билээ. Мөн мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан голч нь 2.8-аас дээш дүнтэй хүмүүсийн дипломыг зээлээс чөлөөлөх зохицуулалт үйлчилж байна. Шалгуурыг нь хангасан хүмүүс рүү манай мэргэжилтнүүд холбогдож байгаа. Түүнчлэн нас барсан 180 гаруй хүний дипломыг ар гэрт нь хүлээлгэж өгөх юм.
2008 оноос хойшхи суралцагчид Монгол банкны дэргэдэх зээлийн мэдээллийн санд мэдээллээ нийлүүлэх үүрэгтэй юм билээ. Энэ бэлтгэл ажлыг хийж байгаа. Тиймээс 2022 оны арваннэгдүгээр сар болон энэ оны есдүгээр сард дипломоо аваарай гэсэн мэдээллийг суралцагчдын цахим шуудангаар нэг бүрчлэн хүргэсэн. Мэдээллийн дагуу зээлээ төлөөд дипломоо авах эс бөгөөс Монгол банкны мэдээллийн сан буюу олон нийтийн хэллэгээр “хар жагсаалт”-д мэдээллийг нь нийлүүлэхээс өөр аргагүй.
-Бараг 30 гаруй жилийн дипломын хадгалалтын асуудал яригдах нь. Энэ арав гаруй мянган дипломыг хадгалахад хэр хэмжээний зардал гардаг вэ?
-Үнэт цаасны хадгалалт, үр ашиггүй зардал, авлагын асуудал үүсэж байгаа учраас дипломыг эзэнжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Энэ мэтээр сангийн хөрөнгө ашиглалтыг эдийн засаг талаас нь сайжруулах шаардлага бий. Суралцагчид 100 мянгаас найман сая хүртэлх төгрөгийн хооронд суралцсан хугацааныхаа төлбөрийг төлөөд дипломоо авах боломжтой.
Зээлийн сан үндсэн байргүй. Нүүх асуудал нэлээн гардаг учраас тэр болгонд үнэт цаасны хадгалалт эрсдэл дагуулж байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд ч удаа дараа туссан байдаг. Дипломын хадгалалт гэхээс илүү үндсэн хөрөнгөтэй холбоотой зардал гардаг. Хамгийн гол нь зээлийг эргэн төлүүлэх нь чухал гэж үзэж байгаа.
-Зарлаад мэдэгдээд авахгүй бол шууд Монгол банкны “хар жагсаалт”-д оруулах уу. Хэр хугацааны боломж байна вэ?
-Хуулийн дагуу явна гэвэл 30 хоног буюу арваннэгдүгээр сард хүргүүлэх ёстой. 2022, 2024 онд хүмүүст мэдээллийг хүргэсэн. Мэргэжилтнүүд маань нэг бүрчлэн утасдаж мэдэгдэж байна. Зээлдэгчийн мэдээллийг эзэнд хүргэх чиглэлээр улсын бүртгэл, прокурорын байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Харин 2016 оноос хойшхи Оюутны хөгжлийн зээлийн тухайд манайд диплом хадгалагддаггүй.