Монголчуудын архидалт хэрээс хэтрээд удаж байгаа. Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд бүр ч утгаа алдаж байна. Түүний балгаар осгож, хөлдөж хөл, гараа тайрууллаа гэх харамсалтай мэдээ ч эхнээсээ хөвөрч эхэлсэн. Өнөөдөр монгол хүнд ногдох нэг жилийн архины хэрэглээ 54 литр байна.
Энэ тоо буурахгүй бол 2050 он гэхэд Монголд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ.
Өнөөдрийнхөөс ч их архинд донтогчид биднийг хүрээлнэ гэсэн үг. Архидалтыг дагаад ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэрэг гаарах нь бичигдээгүй хууль. Энэ зам руу хөтөлж буй хууль дүрмээс давсан олон хүчин зүйл бидний амьдралд байна.
Эхний жишээ нь архи, согтууруулах ундаа хаягаар хүргэх үйлчилгээ. Фэйсбүүкт “архи хүргэлт” гээд л хайхад архи, согтууруулах ундаа хүргэх хэдэн арван хаяг гарч ирж байна. Холбогдох утасны дугаар нь ч ил тод аж. Залгаад асуувал хаана ч, хэдийд ч ер нь хэнд ч хүргэнэ л гэнэ. Тэдэнд захиалагчдын насанд хүрсэн хүрээгүй эсэх нь огтоос падгүй бололтой. Тэд ямар ч айдас хүйдэсгүйгээр цахимд утасны дугаараа дэлгэн архи шаглаж байгааг бодоход өөрсдийгөө хууль зөрчөөгүй л гэж сэтгэж байх шиг.
Угтаа хаягаар архи, согтууруулах ундаа хүргэх нь, дээрээс нь захиалга өгч буй хүн насанд хүрсэн эсэхийг асуухгүй байгаа эс үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.
Түүнчлэн 21-ээс доош насны хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай хуулийн заалтыг хүнсний 8 нэрийн дэлгүүр, хорооллын доторх супермаркетууд зөрчиж байна. Хүүхдүүд ч таньдаг дэлгүүрээсээ ээж, аав захиж байна гэж худал хэлэн согтууруулах ундаа худалдан авах нь байдаг аж. Мөн архи, согтууруулах ундааг сурталчлах явдал гаарсан. Бүр нэвтрүүлэгтээ урьсан зочноо архиар шахаж, дайлж, согтоож байгаад хамаг паянг нь яриулах нь энүүхэнд болсон. Энэ нь Архи согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 29.1.1-ийг зөрчдөг. 29.1.1-т Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах гэж заасан байдаг.
Энэ мэтчилэн хуулийн хэрэгжилт өдөр бүр, цаг тутам алдагдаж байна.
Хуулиас давсан, архидалтыг өдөөсөн энэ үйлдлүүдийг хянаж байж сая архины хэрэглээг хянах, бууруулах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ бүгдийг зөвхөн хууль хүчний байгууллага хянах ёстой гэвэл өрөөсгөл.
Тийм боломж ч үгүй. Гагцхүү олон нийт хуулийн хэрэгжилтэд дор бүрнээ анхаарч, хяналт тавьж байж үр дүн гарна. Бурууд нүд хурц байж гэмээнэ бид үр хойчдоо хамгийн сайн ирээдүйг бүтээнэ.