УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан, Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Дотоод орчны агаарын чанарын талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хүний нөөц, олон нийтэд шаардлагатай мэдээллийг хүргэх, төсвийн хөрөнгө оруулалтын талаар богино болон дунд хугацаанд анхаарах асуудлын чиглэлээр салбар хоорондын уялдааг хангах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж буйг онцолсон.
Хэлэлцүүлгийн үеэр АШУҮИС-ийн Уушги, харшил судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Маналжавын өгсөн мэдээлэл анхаарал татсан юм. Тэрбээр “Ер нь бид гадаад агаарын бохирдлыг л ярьдаг. Энэ удаа дотоод агаарын бохирдлыг ярьж байгаад талархаж байна. Уушгины хавдрын эхний гурван шалтгааны нэг нь асбест буюу шөрмөсөн чулуу юм. Энэ бодис уушгины хорт хавдар үүсгэдгийг шинжлэх ухаан баталчихсан. Өнгөрсөн жил зохион байгуулсан мэргэжлээс шалтгаалах өвчний олон улсын форумын үеэр Японы эрдэмтэд “Танай монголчуудын уушгины хавдар 2040-2045 онд дээд цэгтээ хүрнэ” хэмээн анхааруулсан. Учир нь үүнийг дэлхийд анх шатдаггүй материал хэмээн нээж байхад “гайхамшигт эрдэнэ” хэмээж байсан бол одоо “энх цагийн бөмбөг” гэж болгоомжилж байна. Шөрмөсөн чулууг 1980-аад оны үед Японд анхлан хэрэглэсэн юм билээ. Өдгөө тус улсад уушгины хорт хавдар дээд цэгтээ хүрээд буй. Харин манайд үүнийг 2000-аад оны үеэс ашигласан учраас 2040-2045 онд хяналтаас гарна гэдгийг тэд зориуд анхааруулсан. Бас нэгэн олон улсын хуралд оролцож байхад илтгэгч дэлгэцэн дээр Ази тивийн нэгэн улсын жишээ болгон асбестийг орон сууцны гадаа хаячихсан байгааг харуулахад тэр нь манай Улаанбаатарынх байсан л даа. Олон улсад үүнийг энгийн нөхцөлд худалдаалж хэрэглэдэггүйг мэдэх ч манайд энэ талын мэдээлэл туйлын хомс байгаа нь харамсалтай” гэв. Шилэн хөвөн гэдгээрээ энгийн иргэдэд танил байж мэдэх материалын галд тэсвэртэй зэрэг давуу талыг нь ашиглан барилга, тэр дундаа түүний дулаалгад илүүтэй ашигладаг билээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч А.Ундраа “Ажлын хэсгийн түвшинд 2021 оноос хойш хуримтлагдсан мэдээллүүдтэй танилцах үедээ анзаарсан нэгэн зүйлийг энэ удаа хангалттай ярьсангүй. Ер нь бохирдуулагчийн талаар яриад байгаа нь гал түлж байгаатай холбоотой. Тэгвэл түлэхгүй байх ойрын болон дунд хугацааны шийдэл нь тухайн барилга, байгууламж, гэрийг эрчим хүчний хэмнэлттэй дулаалгатай болгоход оршиж буй” хэмээн тодотгосон юм.