Эрэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Н.Нансалмаатай эрэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар ярилцлаа. Эр бэлгийн дааврын бууралт нь анхдагч буюу төмсөгнөөс, хоёрдогч буюу тархинаас, гуравдагч буюу наснаас хамаардаг аж. Бэлгийн дааврын наснаас хамааралтай бууралтыг энгийнээр эрчүүдийн цэвэршилт гэж хэлдэг юм байна.
-Эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж юуг хэлээд байна вэ?
-Эрэгтэйчүүдийн бэлгийн даавар буюу тестостероны бууралтыг цэвэршилт гэж ойлгож болно. Ер нь эрэгтэй хүмүүсийн бэлгийн даавар 35 наснаас эхлэн жилд нэг хувиар буурдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тэр хүртэл бэлгийн бойжилтын үеэс эхлэн 35 нас хүртэл бэлгийн даавар хамгийн өндөр байдаг. Цаашлаад 45-50 наснаас бэлгийн дааврын бууралтын хурд жилд нэгээс илүү болж нэмэгддэг. Зарим шалтгааны улмаас эр бэлгийн даавар огцом буурахтай холбоотойгоор гарч буй үзэгдлийг эрэгтэйчүүдийн цэвэршилт (андропауз) гэдэг. Ер нь эр бэлгийн дааврын бууралт нь анхдагч буюу төмсөгнөөс, хоёрдогч буюу тархинаас, гуравдагч буюу наснаас хамаардаг юм. Бэлгийн дааврын наснаас хамааралтай бууралтыг энгийнээр эрчүүдийн цэвэршилт гэж хэлээд байгаа юм.
-Тестостерон буурч, цэвэшилт эхлэхээр ямар шинж илэрдэг вэ?
-Энэ даавар нь эрэгтэй хүнийг булчинлаг, хүч чадалтай, эмэгтэйчүүдийг бодвол бэлгийн сонирхол нь өндөр байлгадаг. Иймд буураад ирэхээр булчингийн масс багасаж, хэвлийгээр таргалах, бэлгийн сонирхол буурах, бэлгийн амьдралынх нь чанар муудаж, яс сийрэгждэг. Бэлгийн дааврын наснаас хамаарсан бууралтын үед гурван бүлэг шинж тэмдэг илэрдэг.
Юуны түрүүнд, бэлгийн сонирхол буурах, өглөөний хөвчрөл алга болох, таашаал, мэдрэмж нь багасах, бэлгийн харилцаанд орох давтамж цөөрдөг.
Хоёрдугаарт, бие махбодийн буюу булчингийн жин, хүч чадал буурах, нурууны яс сийрэгжих, өвдөх, архаг даралт, цус багадал үүсэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Гуравдугаарт, сэтгэл санааны хувьд өөрчлөгдөх нь бий. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд орж, зан ааш нь яхир болдог. Хийж чаддаг байсан зүйлсээ чадахгүй болохоор эрэгтэйчүүд “оргил үе” нь өнгөрлөө гэж бодох гэх мэтээр сэтгэл зүйд нь нөлөөлдөг. Хангалттай нойр авч чадахгүй болдог нь ч сэтгэл гутралд хүргэх нь бий. Цаашлаад тархины үйл ажиллагаанд нөлөөлж, танин мэдэх, аливаа зүйлд анализ, оюун дүгнэлт хийх чадвар нь удааширч эхлэхээр өөртөө тавих үнэлэмж нь сэтгэл санааг нь доройтуулж болно.
-Бодибилдинг, фитнесээр эрчимтэй хичээллэдэг эрчүүд тестостероноо эрт алддаг гэх яриа бий. Энэ нь хэр үнэний ортой вэ?
-Дааврын бэлдмэлийг замбараагүй хэрэглэж болохгүй. Сүүлийн үед Монголд гэлтгүй олон улсад энэ төрлийн спортоор хичээллэж байгаа хүмүүс даавар, тестостерон бүхий уургийг хэт их хэрэглэснээс болж төмсөг хатингирших нь нэмэгдэж байна. Тестостероны 90 хувь нь төмсөг, 10 хувь нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Төмсөг өөрөөсөө буюу дотроосоо ялгаруулдаг дааврыг гаднаас хэрэглэж, дарангуйлснаар бэлгийн даавар нь эрт, залуудаа буурах үйл явцыг эхлүүлж болно.
Нэмэлтээр даавар хэрэглэснээр булчингийн масс нь нэмэгдэх ч нөхөн үржихүйн талаасаа төмсөгний үйл ажиллагааг дарангуйлах сөрөг нөлөө илрэх эрсдэлтэй. Тамирчид олон янзын уураг, бэлдмэлийг дийлэнхдээ эмчийн хяналтаас гадуур, маш замбараагүй хэрэглэж байна.
Багш, дасгалжуулагчийнхаа заавраар хэрэглэж байгаад, төмсөг нь жижгэрч, үргүйдэлтэй болсныхоо дараа эмчид хандах нь элбэгшсэн. Зарим тохиолдолд төмсөг нь эдгэршгүйгээр жижгэрэх эрсдэлтэй. Мөн эсийн түвшинд байгаа хавдрыг ч сэдрээхээс гадна эмчилгээний хугацаа урт, үнэ,төлбөр нь ч өндөр болдог. Угтаа ямар ч хүний эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Тамирчдын хувьд тэмцээн, уралдаанд орохын сацуу дааврын эмчилгээ хийлгэж байгаа бол жилдээ ядаж хоёр удаа нарийн мэргэжлийн эмчид хандаж, хянуулж байх ёстой.
-Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үйл явцыг удаашруулах, зарим нь бүр зогсооно гэж элдэв эм, бэлдмэл хэрэглэдэг. Энэ нь зарим талаар сөрөг нөлөөтэйг эмч, мэргэжилтнүүд анхааруулж ирсэн. Эрчүүдэд ч мөн адил уу?
-Уг нь дааврын эмчилгээнээс дандаа айх ёстой юм биш л дээ. Эрчүүд даавар нь буурч байгаа үед зөв, зохистой тунгаар хэрэглэвэл эрүүл мэндэд нь чухал хэрэгтэй. Тиймээс ч эр бэлгийн дааврын наснаас хамаарсан бууралтын үед үүнийг дэлхий нийтээрээ л хэрэглэж байна. Гэхдээ дааврын сөрөг нөлөөг заавал эмчээр тооцуулж, урьдчилан сэргийлэх ёстой. Монгол хүний онцлог, газар зүйн болоод хоол хүнсний өвөрмөц хүчин зүйл, агаарын чанар гэх мэтийг тооцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дааврын эмчилгээг заавал эмчийн хяналтын дор хийлгэх ёстой. Жишээ нь, 16-64 насны монгол эрчүүдийн хоёрны нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа 10 гаруй жилийн өмнө гарсан. Сүүлийн үед утаат тамхи татах нь багассан байлаа ч цахилгаан тамхи татах болсон. Энэ нь ялгаагүй л хортой. Мөн Монгол Улс Төв Азийн өндөрлөгт оршдог учраас агаарын найрлага нь өөр, цаашлаад Улаанбаатарын агаарын чанар ямар байгаа билээ. Энэ мэт олон зүйлийг тооцож байж дааврын эмчилгээг хийдэг гэсэн үг.
-Эрчүүдийн цэвэршилт залуужих хандлага ажиглагдаж байна уу. Залуу эмэгтэйчүүд цэвэршлээ гэх яриа нэг бус сонссон учраас асууж байгаа юм.
-Амьдралын хэв маягаас нь ихээхэн хамаарна. Монголчуудын дунд хийсэн судалгаагаар эрчүүдийн 25-26 хувь нь 40-70 насандаа бэлгийн дааврын бууралтад өртдөг гэх дүн гарсан байдаг. Мэдээж хүн бүрд адил шинж тэмдэг илрэх албагүй. Тодруулбал, хөдөлгөөний хомсдолтой, жингийн илүүдэлтэй, чихрийн шижинтэй, эсвэл хууч өвчин, ялангуяа, бөөрний архаг дутагдал, элэгний эмгэгтэй, зарим төрлийн эм, бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэдэг бол тестостерон арай эрт буурч болно. Спортоор хичээллэдэг, илүүдэл жингүй, тамхи татдаггүй, зүрх судасны өвчний эрсдэлгүй эрчүүдийн бэлгийн амьдрал хожуу дуусдаг. Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн нөхөн үржихүйн чадвар 70 нас хүртлээ ч хадгалагдаж, хүүхэдтэй болох нь бий. Амьдралын эрүүл хэв маягтай эрчүүдэд л ийм шинж ажиглагддаг. Эсрэгээрээ чихрийн шижин өвчнөөр эрт өвчилсөн, жингийн илүүдэлтэй залуучууд эрт цэвэрших эрсдэлтэй байдаг.
Үүнээс гадна хуванцар, химийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлж буйг дэлхий даяар ярьж байна.
1970 онтой харьцуулахад эр бэлгийн эсийн тоо хоёр дахин буурсныг саяхны судалгаанд дурдсан байсан. Үүнтэй адил эмэгтэйчүүдийн өндгөн эсийн нөөц ч бас л эрт дуусаж байна.
-Үүнтэй холбоотойгоор үргүйдэл гэж юу болохыг энгийнээр тайлбарлахгүй юу?
-Хосууд хамт амьдраад нэг жилээс дээш хугацаанд жирэмснээс хамгаалах ямар ч арга хэрэглэхгүй, тогтмол бэлгийн харьцаатай байгаа атлаа жирэмслэхгүй бол үүнийг үргүйдэл гэж томьёолдог. Анхдагч болон хоёрдогч үргүйдэл гэж бий. Анхны хүүхэд нь тав, зургаан нас хүрчихсэн, жирэмслэхээс огт хамгаалаагүй байхад жирэмслэхгүй байгаа бол үргүйдэл гэж үзнэ. Иймд эмчид хосууд хамтдаа үзүүлэх ёстой. Эрэгтэй, эсвэл эмэгтэйгээс дангаар нь шалтгаантай байхын сацуу хоёулангаас нь болсон байхыг үгүйсгэхгүй. Эрэгтэйгээс шалтгаалсан үргүйдэл 30-40, эмэгтэйгийнх 40 орчим хувийг эзэлдэг бол хоёулангаас нь хамаарсан үргүйдэл 20-30 хувь байдаг.
-Тэгвэл эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэлд юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Нэгдүгээрт, төмсөг хожуу буух эмгэг гэж бий. Нэг талын төмсөг нь хуухнагтаа байсаар хожуу буухыг хэлж байгаа юм. Иймд төрөнгүүт нь төмсөг нь буусан, эсэхийг мэдэх ёстой. Буугаагүй бол аль болох багад нь мэс засал хийлгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, судасны өргөсөл нэлээд элбэг байдаг. Энэ нь эмгэг биш боловч физиологийн хувьд венийн судасны хавхлаг цавины орчимд байдаггүйтэй холбоотой. 5-6 хүн тутмын нэгнийх нь венийн судас төмсөг орчимд өргөн байдаг. Төмсөгнөөс дулаан орчин үүсгэсэнтэй холбоотойгоор эр бэлгийн эсийн тоо цөөн, эсвэл хөдөлгөөн удааширдаг. Судасны өргөсөлтэй бол үрийн шингэний чанарын шинжилгээг аль болох эрт өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гуравдугаарт, үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдвараас шалтгаалдаг. Түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчнөө дутуу эмчилснээс шалтгаалж үргүйдэх нь бий. Бэлгийн эрүүл мэндийн боловсролтой байх нь маш чухал.
Үүнээс гадна өсвөр насандаа гахайн хавдар өвчнөөр өвдсөнөөс болж төмсөг жижигрэх, химийн туяа бүхий орчин, эсвэл хэт халуун нөхцөлд ажиллах гэх мэт мэргэжлийн онцлогоос шалтгаалж болно.