“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.
-Дөрвөн жил тутам болдог сонгуулиуд өндөрлөлөө. Сонгуулийн үйл явц, үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Ерөнхийд нь дүгнэхэд манай нийгмийн өөрчлөлтийг ил тод харуулж байна. Тэр нь юу вэ гэхээр Монголын нийгэмд бий болсон элит болон бусад гэсэн хуваарилалт, хуваагдал юм. УИХ-ын сонгуулийн хувьд элит хэмээх хэсэг сонгогчдынхоос илүүтэй өөрсдийнхөө хүслийн дагуу явуулсан уу гэдэгт хариулахад хангалттай. Сүүлд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намын удирдлагад хэнийг элитэд сонгох, жагсаалтаас гаргах вэ гэдэг бололцоо бүрдүүлсэн. Тойргийг томсгож, сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан учраас жагсаалтаар нийтэд танигдаагүй, дээрээс тавигдсан хүмүүс сонгогдох нь ойлгомжтой байсан. Нөгөө талаас Монголын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр зардал шаардсан нь бие даагчдын орон зайг ч үгүй хийсэн.
Харин “жижиг” гэгдэх намуудыг азтай гэж хэлж болно. Жишээ нь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг сонгуулийн үеэр сөхөөгүй бол ИЗНН-ыг мартчихсан л байсан шүү дээ. Энэ нь тэдний рейтингийг нэлээд өсгөсөн. Үндэсний эвслийн тухайд ч сонгуулийн штабын байранд нь хийсэн цагдаагийн нэгжлэг олон нийтийн анхаарлыг тэдэн рүү нэлээд татсан гэж харж байна. Манайхаас энэ оны дөрөв, тавдугаар сард хийсэн судалгаагаар Үндэсний эвслийн нэр хүнд ИЗНН-ынхаас доогуур байсан юм. Ер нь Монголын сонгуулийн дүнд хамгийн нөлөөтэй байдаг хүчин зүйл нь сонгогчдын ирц болон эсэргүүцлийн санал. Өнгөрсөн найман жилд АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгээгүй учраас энэ удаагийн сонгуулиар эсэргүүцлийн саналыг цуглуулж чадаагүй. Харин эсэргүүцлийн саналыг ИЗНН, Үндэсний эвсэл авч, УИХ-д суудалтай болсон.
Намыг институцийн хувьд харвал элит ба бусад гэсэн хуваагдал маш хортой
-Элит болон бусад гэсэн хуваагдлын үр дагавар нь юу вэ. Намын дээд хэсэг нь бусдаасаа салаад явчихсан тохиолдолд ямар үр дүн гарах вэ?
-Намыг институцийн хувьд харвал энэ нь маш хортой. Өөрөөр хэлбэл, тойрогтоо нэлээд танигдсан улстөрчдийг өрсөлдөөнөөс хассан учраас тэд хаягдсан. Улмаар нам тэр хүмүүсээр дамжуулан дэмжигчидтэйгээ тогтоосон харилцааг тасаллаа. Ийм үед тухайн намын рейтинг унана. Манайхаас өнгөрсөн дөрөв, тавдугаар сард авсан судалгаагаар гарсан аль аль намын рейтинг сонгуулийн үеийнхээс 4-5 хувиар илүү байсан. Өөрөөр хэлбэл, намын дунд болон доод шатанд нэлээд хортой, тэдний нөлөө, өсөх, дэвжих боломжийг хаачихдаг. Бизнесийн салбараас жишээ татъя. Миний найз Питтер Морроуд ХААН банкийг хүлээлгэн өгсөн хүмүүс тухайн банкийг найдваргүй болсон, хөдөө, хотгүй тарсан хэдэн зуун салбар нь өөдлүүлэхгүй байна гэж хэлсэн юм билээ. Хариуд нь Питтер Морроу “Энэ банкны хамгийн үнэ цэнтэй хэсэг нь дунд болон доод шатныхан, тэнд ажиллаж байгаа хүмүүс нь мэргэжлийн хувьд авч яваа. Удирдлагыг нь солиход нааштайгаар өөрчлөгдөнө” гэж хандсан нь биеллээ олсон. Намуудын хувьд ч тэр хамгийн үнэ цэнтэй хэсэг нь дунд болон доод шатныхан юм. Удирдлага нь ирж, буцаж л байдаг шүү дээ. Намууд хямралд орж, рейтинг нь унаж, хүн ам, гишүүдийнхээ үзэл бодлыг илэрхийлэхгүй болсон нь манай судалгаагаар жил бүр тодорхой харагддаг.
Сонгуулийн одоогийн тогтолцооны үед намын дарга нь сонгогдсон гишүүдээ та нарыг ард түмэн биш, би УИХ-д оруулсан гэх байдлаар өөрийнхөө бодлого, үйл ажиллагааг дэмжих ёстой гэх мэтээр хандана. Цаашдаа тэд хөгжлийн талаарх бодлогын талаар удирдлагатай санал зөрөлдөхөд хүрнэ. Жишээ нь, одоогийн эвслийн Засгийн газарт ХҮН нам орохыг гишүүдийнх нь 80 орчим хувь дэмжихгүй байсан. АН-ын хувьд төд, өд гэж хэлж мэдэхгүй ч нэлээд хэсэг нь хамтарсан Засгийн газрыг дэмжээгүй. Гэтэл МАН-д үүнийг эсэргүүцсэн хэсэг хамгийн их байсан. Тухайлбал, үүнийгээ хамгийн их илэрхийлсэн хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Ялсан нам бүх хариуцлагаа үүрээд, хөгжлийн бодлогоо дангаар авч явах ёстойг тэр хэлсэн. Удирдлага болон гишүүдийнх нь стратеги зөрж, Монголын улс төр хаалттай клуб болж байгаа тохиолдолд гаднаас дүгнэх хэцүү.
-Таны хэлээд буй “элит ба бусад” гэсэн хуваагдал хэзээнээс эхэлсэн юм бэ. Бас хаана хүрэх бол?
-Харамсалтай нь, удаан үргэлжлэх байх. Яагаад гэвэл, манай нийгмийн инерци их, өөрсдийн гэх ашиг сонирхлоо хамгаалж чаддаггүй. Сая эхэлсэн юм биш. 1996 онд Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн суурин төлөөлөгч АН-ын дарга М.Энхсайхантай уулзахдаа баталсан намын дүрмийг нь гайхаж байсан удаатай. Том “толгой”-той, хамаг эрх мэдлээ өөртөө авчихсан, жирийн гишүүд, доод шатныхан намын бодлогод нөлөөлөх хөшүүрэг байхгүй болсныг нь хэлсэн хэрэг. Тухайн үед АН сонгуульд ялж, үүнийг тоохгүй орхисон. Үүнээс хойш АН сайжирсан зүйл үгүй. Н.Алтанхуяг ч АН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа намын дүрмийн дагуу их хурлаа ч хуралдуулаагүй шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө манайх МАН, МАХН, АН гэсэн гурван намын гишүүдийн дунд судалгаа явуулж, дотоод ардчиллыг нь үнэлэхэд хамгийн муу үнэлгээтэй, удирдлага нь гишүүдээ тоож үздэггүй гэдгээр АН тодорсон.
-Энэ хуваагдал хүчтэй өрнөж буй ойрын жишээ гэвэл юуг нэрлэх вэ?
-Төв Азийн орнууд бүгдээрээ л ийм байна. Хүн ам ихтэй учраас Казахстанд арай өөр тал бий. Бас бидэнд тэднээс давуу тал ч байгаа.
-Орон нутгийн сонгуулиас онцлох дүгнэлт танд байна уу?
-Үнэндээ намын удирдлага, элит хэсэг орон нутгийн сонгуульд тэгтлээ анхаарал хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн намын дунд болон доод шатныхны тоглоомын талбай нь орон нутгийн сонгууль болдог. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд ирц хэмээх хүчин зүйл тод илэрлээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуулийн ирц 42 хувьтай байсан. Харин аймаг, орон нутагт ирц үүнээс өндөр байсан нь “том” гэгдэх хоёр намын нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзүүлэлт юм.
-Гишүүд нь эсэргүүцсээр байхад Засгийн газарт хамтарсны горыг АН болон ХҮН орон нутгийн сонгуулиар амслаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Тэд УИХ-ын сонгуулиар амласнаа үгүйсгэж, байр сууринаасаа ухарсан шүү дээ. Улс орны эрх ашгийн төлөө гэж сайхан зүйл яриад хамаг зорилгоо хаясан.
-Хамтарсан Засгийн газар байгуулсан тухайд та юу хэлэх вэ?
-Үүнд хоёр хүчин зүйл илүүтэй нөлөөлсөн гэж харж байна. Үүний нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт, нөгөө нь одоо ид яригдаж байгаа 14 мега төсөл. Хоёр “том” гэлтгүй бүх намын нийгмээс авах дэмжлэг улам бүр суларч буй нь олон судалгаагаар ил болсон учраас дангаараа томоохон асуудлыг шийдэх нь хэцүүг мэдэрсэн болов уу. Иймээс ч эвслийн Засгийн газар байгуулах талаар сонгуулийн дараа биш, бүр өмнө нь, өнгөрсөн жилээс ярьсан байх. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед ч ийм асуудал яригдаж байсан юм. Үндсэн хуультай холбоотой асуудлыг бүх намын дэмжлэгтэйгээр шийдэхгүй бол нэлээд хэцүү. 14 мега төсөл ч Монголын нийгмийн хөгжилтэй холбоотой.
14 мега төслийг хэрэгжүүлэхэд зарим хүн баяжаад үлдэх биз
-14 мега төслийг яагаад нэрлэв?
-Оростой харьцуулбал манай хоёр улсын аль алинд нь нийгмийн баялгийг үндсэндээ хуваарилаад дууссан. Сул үлдсэн хөрөнгө гэж бараг байхгүй. Шинээр баяжиж, олигарх болох сонирхолтой хүн зөндөө бий. Жишээ нь, хойд хөршид хувьчлалыг буруу хийсэн гэдгээр прокурорын байгууллагаас 800 хэрэг үүсгэчихсэн, хөрөнгийг нь хурааж, шинэ эзэнтэй болгох маягаар хуваарилж байна. Монголын хувьд аз болоход арай ч ингэж шийдэхгүй байх шиг. Гэхдээ л шинээр хөрөнгөжих, баялгийн хуваарилалтад оролцох сонирхол улс төрд орж ирэгсдэд байгаа учраас 14 мега төслийг яриад байгаа юм. Ямартай ч эдгээр төслийг хэрэгжүүлэхэд зарим хүн баяжаад үлдэх биз. Тэд элит гээд байгаа хэсэгт багтах болно. Гишүүд нь эсэргүүцээд байхад намын удирдлага нь зүтгээд, хамтарсан Засгийн газарт орсон нь улс орныг хөгжүүлэх гэхээс илүүтэй мега төслийн хэрэгжилтэд оролцох сонирхол ихээхэн байгаа нь ойлгомжтой.
-Мега төслүүд манай хөгжлийг урагшуулахгүй гэж үү?
-Монголын нийгэмд эерэг, сөргийн алинаар нь нөлөөлөх бол. Харьцуулж харъя л даа. Манайд хүний нүдэнд тусахуйц мега төсөл хоёр л бий. Эдгээрээс хөрөнгөжсөн хүн ч цөөнгүй байгаа. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэлье. Ураныг ашиглах төсөл иймэрхүү зам туулж магадгүй гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. “Оюутолгой” төслийг эхлүүлэхдээ өрхийн орлогыг 40 хувиар нэмнэ гэх мэтээр нэлээд зүйл амласан. Хүлээлт ч өндөр байлаа. Тухайн үед “Айвенхоу майнз” манайд захилга өгч, Монголын нийгэм энэ төслийн талаар ямар санал бодолтой байгааг тандсан судалгаа хийлгэсэн юм. Бидний судалгааны үр дүнг захиалагч талаас хэвлэлээр нийтэлж, олон нийтэд хүргэхдээ хүн бүрийн орлого нэмэгдэнэ гэж гэдгийг онцолж байсан ч чухам талуудын оролцоо ямар байхыг огт дурдаагүй. Хөрөнгө оруулагч ч, манай Засгийн газраас ч ингэж л зарласан. Улмаар уг төслөөс хувь хүртээгүй АН-ынхан эвгүйцэж эхлэхэд С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр тохиролцож, “стандарт бус” Засгийн газар байгуулснаар бялуугаа хувааж эхэлсэн л дээ. Тухайн үеийн тооцооллоор бидний орлого 40 хувиар нэмэгдэх байсан ч өнөөдөр тэр нь яагаад үлгэр болов. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Тухайн үед би “Сант марал” -аас гадна Монгол дахь “Транспэрэнси интернэшнл” байгууллагыг удирдаж байсан юм. “Транспэрэнси интернэшнл”-д хаягласан, авлигын талаарх хэд хэдэн гомдлын дагуу “Оюутолгой” төслийн удирдагчтай уулзах гэхэд зугтаж, дөлсөн л дөө. Үүнээс хэдэн жилийн дараа “Зууны мэдээ” сонинд уг төслийн гадаад сүлжээний тухай нийтлэл гарсан юм. Менежментийн алдааных нь талаар ч олон удаа хэлж, бичиж ирсэн. Ураны төсөл ч ийм зам туулахгүй гэх газаргүй. Яагаад гэвэл, хүмүүс нь өөрчлөгдөж, орчин нь сайжирсан зүйл одоогоор надад лав ажиглагдахгүй байна. Төв азийнхны ярьдаг нэгэн онигоо байдаг юм. Нэгэн хаан ихэд хайрладаг илжигтэй байж. Илжгээ дарга болгох гээд эхлээд бичиг ном сургасан хүнд нь хоёр шуудай алт өгөхөөр болсон юм байна. Үүний дагуу нэгэн домогт баатар сонгон шалгаруулалтад оролцож, илжгийг нь дагуулаад нутагтаа ирж л дээ. Нутгийнхан нь илжгэнд хэрхэн эрдэм ном заахыг нь гайхаж, лавлахад “Хаантай таван жилийн гэрээ байгуулж, урьдчилгаанд нэг шуудай алтыг нь авсан. Таван жилийн дараа хаан, илжиг, магадгүй би үхчих ч юм бил үү” гэж амыг нь хаасан гэдэг. Өөрөөр хэлбэл, аль нэгэн төслийг эхлүүлээд, мөнгийг нь зарцуулаад эхлүүлж л байвал боллоо гэдэг хандлага харагдаад байгаа юм. Эдгээр 14 төслийн баталгаа юу юм, мөнгийг нь хаанаас гаргах юм бэ. Мэдээж ард түмний халаасыг ухах биз. Удахгүй эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэмэх сурагтай. Мега төсөл хэрэгжүүллээ гэхэд мөнгө нь шууд орж ирэхгүй, хэдэн жилийн дараагаас л гоожиж эхлэх байх. Мега төслүүдээ баталлаа гэхэд эрх баригчдад АН, ХҮН намынхны хэрэг байх уу, үгүй юү гэдгийг бодох л ёстой. Өөрөөр хэлбэл, цаашдаа тогтворгүй байдал үүсэх магадлал ихтэй. Жишээ нь, өнөөгийн үнийн өсөлтийг хэцүү гэж харж байгаа хүмүүс 2023, 2024 оныг ямар сайхан байж вэ гэж хэлэхийг хэн мэдлээ. Эдийн засагч биш ч гэлээ дэлхийн эдийн засгийн төлөв байдал ч тогтворгүй байна.
2000 онд Монголын нийгэм сөрөг хүчингүй үлдэхэд Ерөнхийлөгч энэ үүргийг гүйцэтгэсэн
-Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар Монголын эвслийн Засгийн газруудын түүхийг л давтана гэж хэлэх гээд байна уу?
-Үүнээс өөр байна гэдэг нь үлгэр. Эвсэл байгуулсан нь сөрөг хүчин байлгахгүй байх зорилготой. 2000 онд АН-ынхан улс төрийн тавцангаас арчигдаж, нөлөөгүй болох үед Монголын нийгэм сөрөг хүчингүй үлдэхэд Ерөнхийлөгч энэ үүргийг гүйцэтгэсэн. Эрх баригчдын бодлогод хориг тавих байдлаар нэлээд сайн ажилласан гэж үздэг. Харин одоо Төрийн тэргүүний зүгээс дорвитой үйлдэл хийж байгааг нь би лав олж харахгүй байна. Ерөнхийлөгчийг улираан сонгохоос илүүтэй эрх мэдлийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэвэл сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх бололцоо гарч ирнэ. 2000 оны үйл явдал давтагдах ч юм бил үү. Харилцан хяналт, тэнцэлтэй байлгахгүй бол одоогоор иргэдийн ухамсар, санаачилгад найдаад хэрэггүй санагдаж байна.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг харин ч хасах хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ.
-Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх вий гэсэн айдас бий учраас ингэж яриад байгаа юм. Энэ институцийг өөдтэй зүйл хийж чадахгүй хэмжээнд хүргэх гэсэн санаачилга УИХ-аас цухалзаж ирсэн. Парламент үүргээ бүрэн гүйцэтгэж байсан бол өөр хэрэг. Тэр тусмаа өдгөө намын удирдлага нь тасарч, дунд, доод шатныхантайгаа холбоогүй болчихсон үед байдал бүр ч хэцүүднэ. Энэ бол олон жилийн турш яригдаж буй тогтолцооны хямралын илрэл. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх замаар сайжруулахдаа косметик засвар л хийсэн.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар улиран сонгогдох гэж байна хэмээн яриад эхэллээ. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ бол буруу, улс төрийн алдаа. Үнэндээ манай ямар ч судалгаагаар Монголын хүн ам хууль дээдлэхийг илүүд үздэг гэдэг нь илэрдэг. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг ойлгож байгаа үед хуулиараа оролдох нь нийгмийн дургүйцлийг хүргэнэ. Хуульчид ч хэлж байна. Бас л манай судалгаагаар хуулийн хэрэгжилт муу байгаа нь тодорхой харагддаг. Дээрх алхмыг хийвэл энэ үзүүлэлт улам муудна. Хууль үйлчлэхгүй бол юу ч хийж болох юм байна гэсэн ойлголттой болж үлдэнэ.
-Засгийн газарт хамтраагүй ИЗНН, Үндэсний эвсэл хоёр сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэж, нөлөөгөө бэхжүүлэхийн тулд яах ёстой юм бол?
-ИЗНН-ын тухайд хэлж мэдэхгүй юм. Н.Номтойбаяр бол үг, үйлдлээрээ жинхэнэ улс төрч гэдгээ харуулж байгаа. Цаашдаа живэхгүй, алга болохгүй гэж бодож байна.