Ойрын өдрүүдэд Удирдлагын академийн 100 жилийн ой тохиож буй. Намын дээд сургуулиас Удирдлагын академи хүртлэх он жилүүдэд тус академи цаг үе, нийгмийн өөрчлөлтүүдийг даган хөгжиж тэлсээр 100 жилийг үджээ. Монголын төр нийгмийн зүтгэлтэн, төрийн удирдах төвшний мэргэжилтэн, удирдагчдыг бэлтгэдэг уг байгууллагын дарга, захирлаар нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд 20 гаруй хүн ажиллан, удирдан залж, урагшлуулан хөтөлж байв. Тэдний дунд ганцхан эмэгтэй захирал байгааг түүхэн цаг үе, үйл явдлууд онцолдог билээ. Тодруулбал, Удирдлагын академийн одоогийн захирал Д.Сүрэнчимэг юм. Түүнтэй академийн үе үеийн удирдлагуудын ажлын арга барил, бодлого, шийдвэрийн онцлог, тухайн цаг үетэйгээ уялдсан өөрчлөлт шинэчлэл, түүний үр дүн, үргэлжлэн ирсэн туршлага гэх мэт өргөн хүрээнд ярилцсанаа хүргэж байна.
-Монголын нийгэм, боловсролын салбарын 100 жилийн түүхийг бичилцэж буй энэ байгууллагатай та анх ямар учрал тохиолоор холбогдож байв?
-Энэ талаар дурсахад нэлээд урт түүх болно доо. Судлаач эрдэмтдийн онолын зөрүүг доктрантад элсэж хичээлд нь суухаар илүү мэдэрдэг юм билээ. Өмнө нь магистерт сурахдаа ч энэ талаар мөн мэдэрч байлаа. Судлаач эрдэмтдийн онолын зөрүүтэй ойлголт гэж байдаг, одоо ч бий. Байх ч ёстой зүйл юм. Гэтэл тэрхүү онолын зөрүү, өөрсдийнх нь онолын баримжааллууд нь зөрөхөөр шинэ судлаач, магистрант, доктрантууд хэрхэн зөв мэтгэлцэж учир зүйгээ ололцох вэ гэдгээс илүүтэй харилцааны асуудал чухал болж байгаа нь надад хүнд санагдсан. Жишээлбэл, тухайн үеийн их сургуулиудын тэнхим болон эрдэмтэн судлаачид хооронд, багшийн сургуулийн эрдэмтэн судлаачдын онолын зөрүү их хүнд. Тэгээд л илүү их судалж, суралцах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байлаа, олон жилийн өмнө. Ингээд академид доктрантурт элсэхээр ирлээ. Тухайн үед удирдлагын академи “Манайд зөвхөн эдийн засгийн чиглэлээр эсвэл удирдахуйн ухааны суурь болохуйц мэргэжлийн суурьтай хүн доктрантурт элсдэг юм. Та багш мэргэжилтэй учраас манайх элсүүлэх журамгүй” гээд буцаасан. Ингээд 20 гаруй жилийн өмнө энэ академийн босгыг давж чадахгүй буцаж байлаа. Багшийн ажлаас бизнесийн байгууллагад ажиллахдаа “Удирдлагын академийн доктрантурт орохын тулд бизнесийн чиглэлээр сурч менежмент, эдийн засгийн чиглэлээр мэргэшье” гэж төлөвлөөд менежерийн ангид нь орсон. Тэр жилийн академийн менежерийн ангийн элсэлтэд бүх театрын дарга нар хамрагдаж би урлагийн салбарынхантай нэг ангид суралцаж билээ. Энэ хугацаанд академид доктрантурт суралцах хүсэлтэйгээ, гэхдээ эхлээд эдийн засаг болон удирдахуйн суурь мэргэжлээр суралцах шаардлагатай гэдгийг ч холбогдох тэнхим, багш нарт илэрхийллээ. Тэгсэн академиас “Манай дүрэм журам өөрчлөгдсөн. Та шууд доктрантурт элсэх боломжтой болсон” гэсэн хариу өглөө. Ингээд 2005 онд академийн доктрантурт элсээд 2013 онд доктороо хамгаалсан. Удирдлагын академитай холбогдсон түүх маань ийм эхлэлтэй байдаг. Тэр үед академийн багш нартайгаа төрийн албан хаагчид руу чиглэсэн сургалтуудад хамтарч ажиллах зэрэг боломжууд надад олдсон юм. Академид элсэхээс өмнө хувийн сургалтын байгууллага ажиллуулж байсан туршлага маань ч их хэрэг болсон. Тэгсэн нэг өдөр “Манай академид багшлах уу” гэсэн санал ирлээ. Өмнө нь ажилд орох ярилцлагад орж байгаагүй би тэгэхэд Я.Шуурав, Б.Энхбайгаль багш нартай хамт суугаад ажлын ярилцлагад орж билээ. Я.Шуурав багш тухайн үед дэд захирал, Б.Энхбайгаль тэнхимийн эрхлэгч байсан юм. Тэгсэн Б.Энхбайгаль эрхлэгч “Таныг Удирдлагын академид багшаар авах боломжгүй” гэсэн хариу өгөөд тэр удаад би Удирдлагын академи гэх том айлд багтаж чадаагүй юм.
-Академиас та хоёр ч удаа татгалзах хариу аваад буцаж байж. Гэхдээ эргэж ирэхдээ удирдах төвшний албанд томилогдсон нь сонин хувь тохиол юм?
-Энэ их эртнээс, миний хүүхэд, залуу наснаас л эхлэлтэй гэж боддог. Хувь төөрөг, тэмүүлсэн зүйлийнхээ төгсгөл хүртэл хичээж, зүтгэдэг төрөлх араншинтай минь холбоотой байх. Сурагч байхдаа салааны, ангийн, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга байсан. Дараа нь ажил амьдрал дээр гарсан ч тэнхимийн эрхлэгч, ямар нэг алба хэлтэс удирдах ажилтан хийж байсан гэх мэтчилэн. Ер нь л очсон газар, орсон байгууллагынхаа үүрэг, даалгаварт тэнцэж, урдах ажлаа тултал хийнэ гэсэн багын нэг тийм ажлын, үүрэг даалгаврын хэнхэгтэй хүүхэд байснаас л эхлэлтэй болов уу.
-Та сурагч байхаасаа өнөөдрийг хүртэл удирдах хариуцлагатай албанд ажиллаж иржээ. Үүний зэрэгцээ эмнэлэгт асрагчаар ч ажиллаж байсан гэдэг. Энэ тухайгаа дурсвал?
-Би сургуулийнхаа онц сурлагатан, супер сурагч гэх сүрхий цол гуншинтай байсан ч ахлах сургуулиа төгсөөд зорьсон сургуульдаа орж чадаагүй. Тухайн үед Москвагийн их, дээд сургуулийн хоёрхон хуваарь ирсэн. 50 хүртлэх оноогоор нэг, хоёрдугаар байранд орсон хүүхэд л тэр 2 хуваарийг авна. Би тэр шалгалтад 47.5 оноогоор 2-р байранд жагссан ч өмнөх жилийн өндөр оноотой эхний байруудад жагссан ч хуваарьгүй үлдсэн нэг хүүхэд миний урд орсон тул би Москвагийн их сургуулийн хуваарийг авч чадаагүй. Тэгээд л хүүхэд насны дэврүүн, шарлахуу зангаар “Шууд ажил хийе” гээд гэртэйгээ ойрхон байгууллагуудаар ажил сураглаж, сонирхож яваад 3-р эмнэлэг рүү яваад орчихлоо. Тухайн үед 3-р эмнэлэг дөнгөж баригдсан шинэ барилга байв. Автобусаар хажуугаар нь өнгөрөхөд нүдэнд их тод тусна. Энэ гоё газар ажиллана даа л гэсэн хүүхдийн мөрөөдөлдөө хөтлөгдөөд тэр эмнэлэгт очиход эхэндээ “Чамд хийх, тохирох ажил байхгүй” гээд ойртуулахгүй байсан ч хэд хэдэн удаагийн оролдлого минь амжилттай болсон юм. Хамгийн ачаалалтай, хүнд өвчтөн хэвтэж эмчлүүлдэг тасагт асрагч хийдэг байлаа. 18 нас хүрээ ч үгүй надад өвдсөн, шаналсан хүмүүстэй ойрхон ажиллах, асарч байсан хүн маань гар дээр амьсгал хураах гээд цорчирдмоор, ажлаасаа дөлмөөр зүйлс цөөнгүй тохиолддог байсан ч “Би яаж гуйж, хайж сураглаж байж энэ ажилд орлоо доо” гэсэн хариуцлага намайг тэнд үлдээсэн. Эмнэлэг бол асар өндөр хариуцлага, алхам тутамдаа анхаарал сэрэмж, өгөөмөр нинжин сэтгэл л байдаг шүү дээ. Тэндээс л энэ мэтчилэн сайхан чанарт суралцаад, өөрийн болгоод гарсан гэж боддог доо. Тэнд нэг жил ажиллаад ирэх намар нь Монголын анхны хувийн дээд сургууль болох Отгонтэнгэрт орсон юм. Сургуулиа төгсөөд тэндээ багшлах урилга аваад дараа жил нь 24 настайдаа тэнхимийн эрхлэгч боллоо. Цөөнгүй жил тэнд багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Түүний дараа хувийн компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Миний сүлжээ” дэлгүүрт худалдагч хийж дэлгүүрийн лангуун дээр бараа өрж зогсохдоо шавь нартайгаа, оюутнуудтайгаа тараад тэднийг алмайруулдаг байлаа шүү дээ. “Манай багш мөн үү, Тэнхимийн эрхлэгч байна шүү дээ” гэх зэргээр оюутнууд маань гайхаж хараад хоорондоо чимээгүйхэн шивнэж ярина. Тэр үе ажил, карьертаа гаргасан бас нэг сонин, сонирхолтой шийдвэр, алхамуудын нэг байсан. Тухайн үед ажилчидаа, салбараа илүү таньж мэдэх, ойлгохын тулд дэлгүүрт худалдагч, лангууны бараа өрөгч хийдэг байлаа. Тэгэхэд нэг зүйлийг олж харсан юм. Хувийн компаниуд дэргэдээ сургалтын нэгжтэй байх ёстой гэдгийг ойлгосон. Ингээд байгууллагынхаа Сургалтын албыг шинээр байгуулаад ажилд шинээр орох хүмүүсийг сургаж авсны дараа ажлын байранд нь гаргадаг тогтолцоог нэвтрүүлж байлаа. Тэр үед “Номин” зэрэг ижил төстэй байгууллагууд ажилчин авахдаа “Миний сүлжээ дэлгүүр”-ийн сургалтад суусан үнэмлэхтэй бол ажилд авъя гэсэн шаардлага тавидаг байлаа. Бизнесийн байгууллагад ажиллаж байхдаа бас нэг олзуурхмаар зүйл олж харсан нь “Миний өнөөдөр заасан зүйлийн үр дүн сар ч юм уу, жилийн дараа биш. Маргааш нь, тухай бүрт нь тэр хүний ажил, амьдралд хэрэгжиж, үр дүнд хүрч болох юм байна” гэдгийг мэдэрсэн. Ер нь багш хүн судалж, зааж байгаа хичээлээ амьдрал, практиктай л холбохгүй бол ихэнх тохиолдолд хоосон чанарт орж, онол л ярихаас цаашгүй гэх тодорхойлолтод багтчих эрсдэл байдаг. Дараа нь “Өөрчлөлтийг чиглүүлэгч” нэртэй хувийн сургалтын төвөө байгуулсан юм. Тэнд хийж хэрэгжүүлсэн сургалт, хөтөлбөр, бодлого, шийдвэр, үр дүн, ахиц амжилтыг тухайн үеийн салбарын яамны удирдлагууд онцлоод Багш институцийн захирлаар ажиллах санал тавьсан. Тэнд дөрвөн жил болоод одоогийн ажилдаа томилогдсон юм.
-Та академид захирлаар томилогдож ирээд ажлаа юунаас эхэлж байв. Нэн тэргүүнд хийх, өөрчлөх зүйлс цөөнгүй байсан болов уу?
-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улс энэ академиар дамжуулан төрийн албан хаагчаа, төр удирдах хүнээ тодорхой систем, тогтолцоогоор сургаж, бэлтгэж иржээ. Академик боловсрол олгодог тал руугаа илүү түлхүү туршлагажиж, төлөвшсөн байдаг. Хэдий удаан сурч, судална төдий хэмжээгээр илүү боловсорч, мэдлэгждэг. Урт хугацаанд судалж боловсруулсан сургалт тэр хэрээр хүнд хүрэх нь илүү үр дүнтэй гэсэн бодлогыг академи баримталж ирсэн. Гэтэл цаг үе, нийгэм биднээс илүү хурдтай байх, шуурхай ажиллахыг, ингэхдээ чанар болон хүртээмжийн асуудлыг алдахгүйгээр хамтад нь авч явахыг шаарддаг. Засгийн газар ч гэсэн нийгэм, олон улсын өөрчлөлттэй мөр зэрэгцээд явах чиглэлийг барьж байна. Тиймээс маш богино хугацаанд олон хүнийг сургаж бэлтгэх, тухайн хүний ажил албанд нөлөөлж чаддаг байх ёстой юм. Энэ зарчим, энэ шаардлагаар ажиллахад сурч буй хувь хүнтэй тулж ажиллах ёстой болдог. Аливаа боловсролын болон сургалтын байгууллага суралцагчийнхаа сурахад тэмүүлэх, дурлах сэдэл, сонирхолыг төрүүлж, түүнд хөтөлж, уриалж байхгүй бол хэчнээн зааж, давтаад хангалттай үр дүнд хүрдэггүй. Тиймдээ ч хувь хүний, тухайн төрийн албан хаагчийн сурах тэмүүлэл, судалж мэдлэгжих сэдлийг төрүүлэх нь академийн бас нэг гол ажлуудын нэг гэж үзээд энэ чиглэлийн ажлаа эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр энэ цаг үе, нийгмийн хурдтай хэрхэн мөр зэрэгцэн орших вэ. Суралцагчдад богино хугацаанд илүү их агуулга, мэдээлэлтэй сургалтыг, оновчтой ямар арга барилаар хүргэх вэ гэдэг нь маш чухал. Энэ мэтчилэн академик боловсролын үндсэн үзэл санаанаас эсрэг хэрэгцээ шаардлагатай бид нүүр тулж байгаа ч үүнийг өөрчлөх, хөрсөнд нь буулгахаар ажиллаж байна. Мэдээж үүнийг багш нартайгаа хийнэ. Багш нар аливаа шинэ зүйлийг ямар аргаар хэрхэн өөрийн болгох, нутагшуулах вэ гэдэг гарц, замыг судалж олох, бусдад үүнийгээ яаж хүргэхээ мэддэг, чаддаг.
-Үе үеийн захирлууд өөр өөрийн гэсэн онцлог, арга барилаар ажиллаж байсан болов уу. Та удирдах арга барилдаа ямар ялгаа, онцлогийг баримталж байна вэ?
-100 жилийн хугацаанд 21 захирал Удирдлагын академийн үйл ажиллагаа, сургалтыг тухай бүрийн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан удирдан ажиллаж өнөөдөрт хүргэсэн байна. Тэднээс хамгийн урт хугацаанд Б.Хурматбек захирал 17 жил академийг удирдсан байдаг. Дараа нь Г.Миеэгомбо захирал 11 жил ажиллажээ. Энэ мэтчилэн Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтдийн тоонд багтана гэдэг нэг талаараа нэр төрийн хэрэг ч нөгөөтэйгүүр өндөр үүрэг, хариуцлага юм. Намын дээд сургууль гэдэг нэрээр түүх болж, Удирдлагын академи гэх нэршлээрээ олонд танигдсан. Тэр хэрээр босго өндөр энэ байгууллагад харъяалагдах, багт нь орж ажиллана гэдэг амархан зүйл биш. Академид сурахаар зорьж ирж байгаа хүн бүхнийг сурах, судлах, туршлагажих сонирхол, сэдлийг төрүүлж, түүнийг нь тасралтгүй сэргээж байх. Маш богино хугацаанд оновчтой, сонирхолтой аргаар их зүйлийг мэдэж авах нь чухал юм. Жишээлбэл, насанд хүрэгчдийн анхаарал төвлөрөх хугацаа хэдхэн жилийн өмнө 20 минут байсан бол өнөөдөр 6 секунд руу орчихсон. Цаг хугацаа ийм л хурдан болжээ. Ингэхээр бид хурдан байхаас өөр аргагүй. Урт хугацааны судалгаа, шинжилгээнд суурилсан академик боловсролыг богино хугацааны сургалттай нэг зүгт, нэг зорилго руу хамт авч явах, нэгтгэж барих нь гол өөрчлөлтүүдийн нэг. Эдгээр ажлыг эхлүүлэхэд өмнө нь Удирдлагын академид Менежерийн чиглэлээр сурч байхдаа “Насанд хүрэгчдийн сургалтын онцлог”-ын талаар судалсан минь их хэрэг болсон. Гэх мэтчилэн бусад удирдлагуудаас ялгаатай байх. Академид захирлаар ажиллаж байх үеийн бас нэг онцлог гэвэл би ажлаа авахтай зэрэгцээд Төрийн албаны тухай хууль, академитай холбоотой хууль дүрэм өөрчлөгдөн шинээр хэрэгжиж эхэлсэн явдал юм. Тэр өөрчлөлтөөр хуульд “Удирдлагын академи төрийн албаны сургалтын байгууллага байна” гэсэн заалт шинээр орсон. Өөрөөр хэлбэл, академи төрийн албаны сургалтын байгууллагын хэв шинжээр буюу Засгийн газрын чиглэл, шаардлагад түлхүү тулгуурлан ажиллаж эхэлсэн. Зөвхөн төрийн албан хаагчдыг сургаж бэлтгэдэг болсон юм. Энэ өөрчлөлт, шинэ эрх зүйн орчинтой зэрэгцээд академийн сургалт болон суралцагчдын хүртээмжийн асуудал руу орох хэрэгтэй болсон.
Тухайн үед жилд 3600-3900-аад хүнийг сургадаг байсан нь эхний жилд 6000-8000 төрийн албан хаагч сурч төгслөө. Дөрвөн жилд 50 мянган төрийн албан хаагчийг сургалтад хамруулна гэж Засгийн газраас төлөвлөсөн ч бид энэ онд 40-45 мянган төрийн албан хаагчийг сургалт, хөтөлбөртөө хамруулах нөөц, боломжоо хангаад байна. Манай улс 225 мянга гаруй төрийн албан хаагчтай. Сургалтын хүртээмжийг янз бүрийн урт, богино сургалтаар шийдэж болдгийг манай багш нар харууллаа. Энэ нь академид гарсан бас нэг өөрчлөлт дэвшил юм.
-Та Удирдлагын академийн анхны эмэгтэй захирал. Энэ утгаараа боловсролын ууган, том байгууллагын алсын хараанаас эхлээд жижиг гэлтгүй ажилд нэг бүрчлэн илүү мэдрэмжтэй ханддаг болов уу?
-Жендерийн тухайд тийм нь ч тийм. Гэхдээ ямар ч үед, аль ч тохиолдолд тухайн цаг үе, нөхцөл байдлыг мэдрэх нь их чухал. Тиймдээ ч бидний эхлүүлсэн бас нэг ажил бол академийн үйл ажиллагаа, сургалтыг дижитал болгох, нээлттэй, ил тод байлгах юм. Энэ системийг өнгөрсөн жилээс эхлүүлж, хөгжүүлээд явж байна. Товчхондоо академийн энэ системээр төрийн, хувийн хэвшлийн гэлтгүй дурын байгууллага сургалтаа, судалгаа шинжилгээний бүтээлээ хэрэглэгчдэд, зах зээлд нийлүүлнэ. Тэндээс хэрэглэгч, суралцагч өөрөө сонголтоо хийнэ. Ингэхээр тэнд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болж түүнийг дагаад чанар ч сайжирна. Цаг хугацаа, орон зай, зардал мөнгөний тухайд ч маш оновчтой гарц шийдэл болж байгаа. Монголын баруун хязгаарт, зүүн захад, дэлхийн аль нэг тивд ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид заавал энд ирж сурах гэж олон хоног ажлаа алдахгүй, зардлаа ч хэмнэх боломж бүрдсэн. Төр өөрөө хэмнэлтийн тухай хууль, дүрэмтэй болчихлоо шүү дээ. Энэ системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг, эрх үүргийг нь хувийн мэдээлэл технологи, IT-ийн компаниудад нээлттэй өгсөн. Бид нарийн шаардлага, санал хүсэлтээ тодорхой өгнө. Үүнийг академийн төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр шийдсэн.
“СУРГАЛТЫГ ХЭРЭГТЭЙ, ШААРДЛАГАТАЙ ХҮНД НЬ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭНЭ”
-Ингэж шийдэх бүрэн боломжтой гэж үү?
-Тухайн компанийн хийж хөгжүүлсэн программаар академи болон бусад сургалтын байгууллага сургалтаа хэрэглэгч буюу суралцагчдадаа хүргэсний хариуд борлуулалтын тодорхой хувийг тэр IT-ийн компанид өгөх юм. Өөрөөр хэлбэл, сургалтыг хэрэгтэй, шаардлагатай хүнд нь шуурхай, хүртээмжтэй хүргэж дамжуулна. Хариуд нь тухайн сургалт болон үйлчилгээг хэрэглэгч худалдан авахдаа төлсөн төлбөрөөсөө энэ системийг хөгжүүлсэн компанид бас төлж байгаа юм. Ингээд программ, системийг хөгжүүлж байгаа компанийн ашиг орлоготой холбоод өгчихөөр цаашдын хөгжүүлэлт, найдвартай тогтвортой ажиллах гэдэг хариуцлагын асуудлыг тухайн компани давхар аваад явчихаж байгаа юм. Бид энэ системийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд ковидын үед ажилласан арга, туршлага их хэрэг болж байна. Намайг ажлаа авсны эхний хоёр жилд дэлхий нийтээр ковид тархаж, хөл хорионд орсон. Ийм гэнэтийн цаг үед яаж илүү үр дүнтэй ажиллах вэ, хэрхэн оновчтой бодлого, алхамуудыг хийх вэ гэсэн гарц шийдлийг улс даяараа эрж хайсан, хийж туршлагажсан цаг байсан. Эндээс бид их зүйл сурч мэдэж авсан, арга технологи, туршлагатай болсон байна.
-Академийн сургалт, үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдлын хувьд илүү шат ахисан амжилт гарчээ. Харин чанар нь олон нийтэд хэр өндөр сэтгэгдэл төрүүлж байгаа бол?
-Чанарыг яаж хэмжих вэ гэдэг нь бас чухал. Насанд хүрэгчдийн сургалтын үр дүнг хэмждэг 4 үе шат байдаг. Үүний хамгийн эхнийх нь Сэтгэл ханамжийн судалгаа авах юм. Өөрөөр хэлбэл, бид сургалтаа хүргэж дууслаа. Энэ хугацаанд суралцагчдад ямар сэтгэгдэл төрүүлснийг тандаж мэдэх арга. Манайх өнөөдөр богино, алсын зайн, урт хугацааны гэх зэргээр бүх сургалтад хамрагдсан хүмүүсийнхээ сэтгэл ханамжийг шинжлэх ухааны аргаар хэмжиж, судалж, судалгааны хариуг эргээд сургалтын чанараа сайжруулахад хэрэглэж байна. Нөгөө талаар тухайн сургалтад хамрагдсан хүний ажил, карьерт ямар ахиц өөрчлөлт гарав, хариуцсан ажил нь хэрхэн өргөжиж тэлэв, яг зорьсон зорилгод нь ямар арга туршлагаар яаж хүрэв. Дараа нь энд сурснаар тухайн хүний зан авир, хандлагад ямар өөрчлөлт оров, тэр нь ажилд нь хэрхэн нөлөөлж байна вэ гэх зэргээр сургалтын чанарыг тодорхойлох, хэмжих хэд хэдэн үе шат бий. Үүнд академид захирлаар ирсэн өдрөөс эхлэн илүү анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байна. Ингэж бүх үе шатаар нь, бүтнээр нь хэмжих тогтолцоо манайд одоогоор байхгүй. Гэхдээ үүнийг бий болгох, ийм тогтолцоотой болгохоор ойрын төлөвлөгөөндөө багтаасан. Тэгэхээр яг “Манай сургалтын чанарыг төгсөгчид, суралцагчид ийм, ийм судалгаа шинжилгээний хариугаар ингэж, ингэж тодорхойлсон” гэж хэлж чадахгүй байгаа юм. Харин төрийн байгууллага, харъяа нэгж газрын одоогийн үйл ажиллагаа, үйлчилгээгээр бас шинжилгээ, дүгнэлтийг хийж болох юм.
-Сайн баг, хамт олон удирдах ажилтнаа манлайлалд хүргэдэг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү. Сайн баг бүрдүүлсэн үү?
-Удирдлагын академийн захирлаар томилогдож ирээд нэг ч хүнийг ажлаас нь сольж, өөрчлөөгүй. Сайн баг бүрдүүлэх тухайд янз бүрийн ойлголтууд багтах байх. Менежментээр мэргэшсэн хүний хувьд надад сайн баг бүрдүүлэх нь маш чухал. Гэхдээ 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдал, өрнөлүүдээс харахад “Сайн баг бүрдүүлнэ гэдэг нь өөртэйгээ ойлголцдог, өөрийг нь л сайн ойлгож дэмждэг хүнийг багтаа авах юм” гэж ташаа ойлгож иржээ. Өөрийнх нь үгийг дагадаг, үзэл санааг нь дэмждэг, үйл хэргийг нь дууриадаг, өөрийг нь хүлээн зөвшөөрдөг хүнээ байгууллага руугаа татан оруулахад маш их ач холбогдол өгч байсан. Энэ нь хууль бус зүйл ч гэлээ ямар нэг аргаар үүнийг хийх нь чухал гэж үзэж тэр ч хэрээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үр ашиггүй зардал их гаргаж байсан жишээ олон.
Харин миний хувьд “Сайн баг гэдэг бол өөр үзэл бодолтой, өөр төвшний боловсролтой хүмүүс нэг зорилго дор нэгдэж нэг зүгт тууштай явах учиртай” гэж үздэг, үүн дээрээ бат зогсдог. Тэгээд ч аль хэдийнэ намайг энд ирэхээс өмнө зорилго, үнэт зүйл нь тодорхой, түүнийхээ төлөө их, бага хэмжээгээр туршлага, мэдлэг хуримтлуулаад явж байгаа хүмүүсийг нааш, цааш болгох ямар ч шаардлагагүй. Энэ олон жил оршин тогтнож, өөрийн гэсэн байр суурь, түүх, соёлыг бий болгочихсон байгууллага, хамт олны онцлог, нарийн учир зүйг нь сайн мэдэхгүй байж өөрчилж хөдөлгөнө гэдэг бас боломжгүй зүйл. Мэдээж цаг үе, нийгмийн хөгжлийн шаардлагаар өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж байна.
Тухайлбал, шинээр хэрэгжиж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуулиар “Төрийн байгууллагууд Дэд захиралгүй байна” гэсэн шийдвэр гарсан. Үүний хүрээнд академийн бүтцэд өөрчлөлт орсон. Манайх Санхүү аж ахуй, Сургалт, Эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ гэсэн гурван салбар хариуцсан гурван дэд захиралтай байсан. Ингээд салбар хариуцсан захирлууд ажлаа хүлээлгэж өгснөөр байгууллагын удирдлагын ачаалал нэмэгдсэн. Тэр хэрээр хэрхэн, яаж, ямар гарц шийдлээр, оновчтой арга технологиор ажиллах, ачааллыг хуваарилах зэрэг асуултуудтай тулж ажил, арга барилын хувьд ч их бага хэмжээний өөрчлөлт хийх хэрэгтэй болсон юм. Өмнө нь дэд захирлуудаар дамжин нэгж, ажилчдадаа хүрдэг байсан бол шууд нэгж, багш, ажилтан бүрт хүрч ажиллах болсон. Ингээд үүнийгээ дагаад сар бүр Удирдлагын мэдээллийн цагтай болж, сард нэг удаа тэнхимийн эрхлэгч зэрэг удирдах ажилтнуудтайгаа уулзаж тэдний тухайн сард хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, ямар асуудал, хүндрэл байгаа, түүнийг хэрхэн шийдэх, гарц гаргалгааг нь хамтдаа олох талаар ярилцаж, зөвлөлдөж, нэгжийн удирдлагууд хийсэн бүтээснээ тайлагнадаг боллоо. Нөгөө талаар сард хоёр удаа багш, ажилтнууд дээрээ өөрөө очиж нөхцөл байдал, тухайн орчин нөхцөлтэй танилцан санал бодол, болж бүтэхгүй байгаа зүйлс, түүнийг засаж залруулах талаар хамтдаа ярилцдаг болсон юм. Тэр үеэр академид 35 жил ажилласан нэг багш “Намайг энд энэ олон жил ажиллахад ингэж хүн бүртэй уулзан тулж ажиллаж, хүмүүсийнхээ санал бодол, алсын зорилт, төлөвлөгөө, асуудал бэрхшээлийг асууж, сонсдог, хамт шийдье, хамтдаа ярилцъя гэдэг ийм тохиолдол байгаагүй” гэж хэлж байсан л даа. Тэгэхэд бүх нэгжтэй нэгбүрчлэн уулзаад гарахдаа багш, ажилтан нараас “Юу хийгээсэй, ямар өөрчлөлтийг гаргаасай” гэж хүсэж байгаа талаар нэр, мэргэжил зэрэг мэдээлэлгүйгээр санал хүсэлт авахад 500 гаруй санал ирсэн. Энэ саналыг агуулгаар нь 17 бүлэг ангилалд хувааж, хуваарилаад академийн үйл ажиллагаанд, ажлынхаа стратеги төлөвлөгөөнд холбож, уялдуулан ажиллаж эхэлсэн. Одоо ч тэр зарчмаар ажиллаж байна. Бас нэг шинээр академид нэвтрүүлсэн соёл гэвэл удирдлага нь хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого шийдвэрээ хамт олондоо албан ёсоор, боловсронгуй байдлаар тайлагнадаг болсон. Мэдээж төрийн байгууллага тул холбогдох газар, яам руу тайлангаа илгээж, тавьж байгаа. Гэхдээ хамт олондоо, хамтарч ажиллаж байгаа багтаа хийсэн, хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрээ тайлагнана гэдэг бол түүнээс ч дутахааргүй чухал.
-Аливаа байгууллагын удирдлага өөрчлөгдөхөд ёс юм шиг бүтцэд нь их өөрчлөлт, халах солих асуудал үүсдэг. Та тэгвэл энэ “ёс”-ыг тойроод явчихсан юм биш үү?
-Халаа сэлгээнээс илүү чухал ажил, асуудлууд байгаа шүү гэдгээ ажлаа авангуутаа л өөртөө хэлж байсан. Нөгөө талаар Ерөнхий сайд /Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан/ надад онцолж захисан нэг зүйл нь “Учир шалтгаангүйгээр академийг битгий бужигнуулаарай” гэж. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд хийсэн бүтцийн өөрчлөлтөөр сандал ширээ, албан тушаалын өөрчлөлт гэхээс илүү үйл ажиллагаа, бодлогын төвшний өөрчлөлтүүд гарсан. Үүний хүрээнд хийсэн бас нэг өөрчлөлт бол Удирдлагын академийн жендерийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн ажил. Тэр мэргэжлийн дүн шинжилгээгээр академийн ихэнх ажлыг хэн хийгээд, үр дүн нь хаана, хэн дээр илүү гараад байна. Нөгөө талд цалин хангамж, ажлын үнэлгээ хэр үнэн шударгаар оногдож байна. Судалгааны ажилд эмэгтэй багш нараас хэдэн хувь нь хамрагдаж байна вэ, хэд нь эрэгтэй багш нар байна. Академийн Эрдэмийн болон Удирдах зөвлөлд эмэгтэй эрдэмтэд, багш нар хэд байна гэх зэргээр жендерийн харьцуулалт хийх, тэдний оролцоо хэр тэнцвэртэй байгааг, үнэлэмжийн асуудал хэр үнэн зөв байгааг харьцуулж харах, дүгнэлт хийх боломж бүрдсэн. Дүн шинжилгээгээр академийн ихэнх ажлыг эмэгтэй ажилтнууд хийдэг ч эрэгтэй ажилтнууд тэднээс илүү цалин авдаг. Удирдах төвшиний ажлыг ихэвчлэн эрэгтэй ажилчид хийж байна гэсэн хариу гарсан. Ингээд бүтцийн өөрчлөлтөөр нийт удирдах ажилтныхаа жендерийн оролцоог эн тэнцүү болгоод 50:50% болгосон. Энэ бол академийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй тэнцвэртэй хувь үзүүлэлт болсон. Мөн академийн удирдлагуудад залуу үе, шинэ үеийг түлхүү оруулахыг хичээж байна. Удирдах ажилтны насыг 10 насаар буулгасан. Ажил, асуудалд туршлага гэдэг зүйлдээ дөрөөлж, дулдуйдаж хандахаас илүү аливаа зүйлд шинэ соргогоор, цаг үетэйгээ мөр зэрэгцэж, зоригтой шийдэмгий хандах хэрэгцээ шаардлагатай бид нүүр тулсан. Тийм ч учраас энэ өөрчлөлтүүдийг хийгээд явж байна.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ҮЕ, ҮЕИЙН ЗАХИРЛУУДАД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БАГШ НАР БАЙСАН
-Магадгүй 100 жилийн хугацаанд академийн гадаад харилцаа энэ цаг үед хамгийн өргөн хүрээнд хүрч чадсан болов уу. Өнөөдрийн дэлхий нийтийн хөгжил, Монголын нийгэм, цаг үетэй нь ч холбоод харахад?
-Намайг ажлаа аваад удаагүй байтал дэлхий нийтээрээ цар тахал, хөл хорионд орж энэ байдал хоёр жил орчим үргэлжилсэн. Энэ хугацаанд академийн багш, эрдэмтэд гадагшаа явах, туршлага судлах, солилцох зэрэг ажлууд зогссон ч урт хугацааны харилцаатай гадны байгууллагуудтайгаа хүрээгээ улам тэлэх, харилцаа холбоо илүү нягт, уялдаа холбоотой болох зэрэгт ахиц дэвшил гарсан. Дараа нь хөл хорио тавигдаж гадаад харилцаанд чиглэсэн ажил, арга хэмжээг илүү өргөн хүрээтэй, хурдтай, хүртээмжтэй болгоход түлхүү анхаарч ажиллаж үүний хүрээнд тодорхой үр дүнгүүд ч гарсан. Ковидын дараахан 2022 онд академийн зөвхөн дотоод ажилчдаас 65 хүн гадны орнуудад сурч, ахиж дэвшсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд дотоодод хэрэгжиж байгаа гадны орнуудын, олон улсын төсөл хөтөлбөрт манай багш нарын оролцоо, хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа, сургалт хүрээгээ тэлж, өсөн нэмэгдсэн. Ерөнхий сайдын дэргэд Солонгосын төрийн захиргааны институт гээд төрийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийдэг байгууллага байдаг юм билээ. Тэр байгууллагаас манай гадаад харилцаа руу холбогдоод “Бид энэ жил Ерөнхий сайдынхаа нэрэмжит шагналд танай академийг, танай захирлыг дэвшүүлж байна. Энэ жил Монгол, Солонгос хоёр улсын төрийн албаны төвшний харилцааг өөр төвшинд гаргахад нөлөөлсөн хүн гэдэг номинацид танай захирлын нэрийг дэвшүүлж байна” гэсэн мэдээллийг өгсөн байсан. Энэ нь академийн гадаад харилцаанд хийж байгаа бидний ажлуудад тавьсан бас нэг дүн, үнэлгээ болов уу гэж харж байгаа.
-Илүү төлөвшсөн, боловсорсон хүмүүст хичээл заадаг гэдэг утгаараа академийн багш нар бусдаас түрүүлж, нэг алхам урд явах учиртай гэдэг. Багш нараа хөгжүүлэх, чадавхижуулахад ямар бодлого барьж байгаа вэ?
-Нэг байтугай олон алхам урд явах ёстой. Удирдлагын академийг авч явахад хамгийн гол тулгуур багана нь багш нар л байдаг. Тэр хэрээр багш нартаа тавих шаардлага, тэднийг хөгжүүлэх асуудал маш чухал. Миний хувьд яаж багшаа нэмэгдүүлэх вэ, академийн багш нар мэдлэг туршлагыг олон хүнд хэрхэн хүргэх вэ гэдэгт илүү анхаарч ирсэн. Гэхдээ өмнөх үе үеийн захирлуудад ч гэсэн багш нар нь хамгийн чухал нь байсан. Би академийн багш нарт “Докторын зэрэггүй бол Удирдлагын акакдемид багшлах боломжгүй” л гэсэн зарчмыг барьж ирлээ. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энд шинээр багшаар орсон хүмүүс бүгд докторын зэрэгтэй байсан юм. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтээрээ, нэн ялангуяа манай улс багшийн хомсдолд ороод байна. Тэгэхээр яалт ч үгүй “Заавал доктор багшийг академид авна” гэдэг бодлогодоо буулт хийхээс өөр аргагүй болж байна. Багш нартаа ч гэсэн “Бид хойч үеийн багшаа бэлдэх, ирээдүйгээ бэлтгэхэд ямар нэг сургалт, сургуульд найдах биш. Туршлагатай багш нартаа, багш хүн өөртөө найдах ёстой юм байна. Залуу, шинэ багш гэлтгүй өөрийнхөө залгамж халаа, дараа үеэ, өөрийн шавиа заавал бэлдэх ёстой” гэдгийг онцолж хэлж, захилаа л даа. Мэдээж энэ маш өргөн хүрээтэй ажил, асуудал. Багш нараа хөгжүүлэх, тасралтгүй өсөж дэвшихэд нь чиглэсэн хэд хэдэн ажил, арга хэмжээ төлөвлөснөөс хамгийн ойрын болон 100 жилийн ойг угтаж багш нарынхаа дунд ерөнхий гурван төрлийн шалгууртай уралдаан зарласан. Та бүхэн “Хоёр төрлийн хичээлийн хөтөлбөр боловсруулчих. Хөтөлбөр боловсруулж байхдаа давхар тэр хичээлээ заах чадварт суралцчихна. Хоёр богино сургалт бэлдчих. 2-4 хөн цагийн дотор шинжлэх ухааны агуулгыг хүмүүст хүргэнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ тэр хэрээр та нар маш нарийн чадварт суралцаж өөрийн гэсэн арга туршлагатай болно. Дараа нь хоёр цахим хичээл боловсруулчих. Эдгээр гурван зүйлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа багтаасан, магистр зэрэгтэй багшийг доктрантурт элсүүлсэн зэрэг үзүүлэлт чинь давуу тал болно”. Эдгээр хийж бүтээсэн зүйлээр нь багш нарынхаа ур чадварыг уралдуулж тэргүүлж манлайлсан багшаа 10 сая төгрөгөөр урамшуулах юм.
-Удирдлагын академи аль цаг үедээ хамгийн сайн, чадварлаг төрийн албан хаагч, өөрөөр хэлбэл “жинхэнэ төрийн хүн”-ийг бэлтгэж гаргасан байдаг юм бол. Энэ талаар та хэрхэн харж, харьцуулж байдаг вэ?
-Бид эдгээр өдрүүдэд 100 жилийн хугацаанд хийсэн ажлаа нэгтгэж байна. Энэ цаг үед төрийн албаны тогтолцоо үүсч хөгжөөд, тодорхой төвшин хүрээд явж байгаа нь нэг талаар ховор хувь тохиол гэж харж байна, миний хувьд шүү дээ. Энэ цаг үед хувь тохиолоор удирдах албыг хариуцаж байгаагийн хувьд хоёр гол зүйлийг хийх ёстой гэж үзсэн. Нэгдүгээрт, 100 жилийн хугацаанд төрийн албан хаагчийг сургаж бэлтгэж ирсэн тогтолцооны хувьд тухайн үед хэзээ, хэдийд, хаана юу болов, тэр үеийн онцлог, гол бодлого шийдвэрүүд нь юу байв, тэр нь дараагийн үед хэрхэн нөлөөлөв гэх зэргээр цаг хугацааны замнал, түүхийг төрийн албан хаагчдадаа тодорхой болгож өгөх ёстой гэж үзсэн. Тиймээс бид холбоотой ажлуудыг хийгээд явж байна. Дараа нь төрийн албан хаагчаа бэлдэж байсан уламжлал, түүний үнэт зүйлүүд нь юу байв гэдгийг багш нартайгаа судалсан.
Өөрөөр хэлбэл, Монгол төрийн албан хаагчийг зөвхөн энэ 100 жилийн хугацаанд гэхгүйгээр өнгөрсөн түүхэнд хэрхэн бэлтгэж байв, ямар шалгуураар сонгож байсан, хэрхэн хүмүүжүүлж байв гэдгийг ч манай багш нар судаллаа. Ямар шалгуураар хэрхэн яаж шагнаж урамшуулж байсан, яагаад шийтгэж байв гэх зэргээр өнгөрсөн түүхэнд “төрийн хүн”-ээ хэрхэн бэлтгэдэг байсанд судалгаа, шинжилгээ хийлээ. Үүнийгээ бид нэгтгээд шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол болгож байна. Хүн болгонд хүргэхээр маш ойлгомжтой сонирхолтой, хүртээмжтэй байхаар хийж байна.
Монгол төрд ийм уламжлал, түүх, туршлага, үнэт зүйлүүд байсан шүү гэдгийг мөн олон улсад хүргэж, таниулж сурталчлах юм. Энэ судалгааныхаа бүтээл дээр суурилж Монгол төрийн уламжлалыг харуулсан баримтат кино хийж байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн 100 жилийг харууулсан, өгүүлсэн бүтээл биш хэдэн зуун жилийн өмнөх Монгол төрийг харуулсан бүтээл болох юм. Энэ цаг үед тавигдаж байгаа бас нэг шаардлага гэвэл Удирдлагын академи төрийн өндөр албан тушаалтнуудад чиглэсэн, зорьсон сургалтуудыг явуулах ёстой юм байна. Бид өнөөдөр сайд нарыг, төрийн гурван өндөрлөгт зөвлөж байгаа зөвлөхүүдийг, Их хурлын гишүүдийг хамруулсан сургалт явуулдаггүй, тэдгээр албан тушаалтныг сургадаггүй. Энэ мэтчилэн шийдвэр гаргах төвшний хүмүүсийг академи сургадаггүй. Тиймээс ийм сургалтын агуулгыг боловсруулаад шинээр сонгогдох Их хурлын гишүүд, шинээр томилогдох сайд нараас өгсүүлээд сургах шаардлагыг хэрэгжүүлэх даалгавар бидэнд байна. Бид ямар уламжлалыг яаж дамжуулж түгээх вэ гэдгийг Их хурлын гишүүдээс, хууль тогтоогчдоос эхлээд мэдрэх ёстой гэж харж байна. Тэр хүмүүст хийх хамгийн эхний сургалтын агуулга энэ кино байх ч болов уу. Алив зүйлд дээрээс нь эхэлж цэвэрлэх, сургах хэрэгцээ байнга байж байдаг. Удирдлага хэр зөв зүг рүү зөв аргаар чиглүүлж залж байна тэр хэрээр тэнд өрнөж байгаа ажил, асуудал илүү үр дүнд хүрдэг.