Монгол Улсын гадаад валютын улсын нөөц энэ оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдээд байна. Албан нөөц нэмэгдэхэд экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг Монгол Улс руу орж ирэх ам.долларын урсгал сайжирсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспортын орлого аравдугаар сарын эцэст 13.4 тэрбум ам.долларт хүрч жилийн өмнөхөөс 800 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт экспортын 55 хувь нь чулуун нүүрс, 19.8 хувь зэсийн баяжмал, 6 хувь алтны экспорт бүрдүүлж байна. Оны эцэст уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Дашрамд дурахад, Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:
Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас.Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ.