Дөрөвдүгээр сарын 1-нд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөсөн ч тусгай зөвшөөрөл авсан брокерын компани цөөн, бэлтгэл хангагдаагүй болон сонгуулийн өмнөх аливаа эрсдэлээс болгоомжлох үүднээс аравдугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулсан. Гэсэн ч одоог хүртэл хэрхэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Сүүлийн үед уул уурхайн биржийн арилжааны хэмжээ эрс багассаныг тэд дурдаж, төр, засгийн зүгээс дараагийнхаа алхмыг хийхгүй бол энэ салбарын биржийн арилжаа цаашид унах магадлал өндөр байгааг анхааруулж, шийдвэртэй алхам хийхийг хүсэв.  Тусгай зөвшөөрөл авсан брокерын 11 компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангаж, дүрмийн сандаа хамгийн багадаа нэг сая ам.доллар бүрдүүлж, 40 гаруй тэрбум төгрөг цуглуулжээ. 40 тэрбум төгрөгийг хоёр жилээр нь тооцоход их хэмжээний боломж алдсанаа тэд хэлж байна.