“Family optic” эмнэлгийн хараа зүйч эмч Т.Гэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2004 онд АШУҮИС-ийг нүдний эмчээр төгсөж, 2008 оноос хүүхдийн хараа зүйгээр дагнан ажиллаж буй.

-Хүүхдийн хараа зүйгээр дагнан ажиллаж буй эмчийн хувьд сүүлийн 5-10 жилд нийтлэг ажиглагдаж буй зүйл юу байна вэ?

-Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор хүүхдүүд чөлөөт цагаараа утас, компьютер зэрэг дэлгэцтэй их ойр байх болсон. Манайд үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн бараг 70-80 хувьд нь хугарлын гажиг илэрч байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ харааг хамгаалах, муудахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлэх нь ихсэж байгаа нь сайшаалтай. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нүдний шил зүүх хүүхдийн тоо ихэссэн нь илт анзаарагдаж байна.

-Хугарлын гажиг гэдгийг тайлбарлахгүй юу?

-Энэ нь нүдний өвчин биш л дээ. Нүд нь эрүүл ч хэлбэрийн хувьд том, жижиг, эсвэл зуувандуу буюу хэвийн хэмжээнээс арай өөр байснаараа бүдэг хараад байгааг хугарлын гажиг гэдэг. Үүнийг шил зүүлгэж засдаг. Гэхдээ сул хараа, сохролын шалтгааны дийлэнхийг хугарлын гажиг эзэлдэг.  

-Ийм гажгийн шалтгаан нь юу юм бол?

-Ихэвчлэн удмын буюу генийн шалтгаантай байдаг. Харин үүнд нөлөөлөх хүчин зүйлс бий. Тухайлбал, амьдралын хэв маягаас шалтгаалан байнга ойрын харааны ачаалалтай байх нь харааг муутгаж байгааг олон судалгаагаар баталсан. Тиймээс ч хараа муудахыг хотжилттой холбон тайлбарладаг. Холын юм харахгүй, гадагш гарахгүй, дотор орчинд ойрын юм харах нь харааг муутгах үндсэн шалтгаан болж байна.

-Хугарлын гажгийг шил зүүлгэж засна гэлээ. Шилээ тогтмол, зөв зүүгээд харааны гажгаа бүрэн засах боломжтой юу?

-Аливаа зүйлийг тод харуулах гэж шил зүүлгэж байгаа юм. Түүнээс биш гажгийг нь засаж, тогтоогоод, нэмж муутгахгүй гэсэн үг биш. Хүүхэд өсөж, том болохын хэрээр хувцас, гутал нь таарахгүй болдогтой адил нүднийх нь хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, шилнийх нь хэмжээ ч өөрчлөгдөнө гэсэн үг. Тухайн хүүхдийн нас, хугарлын гажгийн хэлбэр, харааны чадал, нэмэх, эсвэл хасах шил зүүхээр байна уу гэх мэт олон зүйлээс хамааран ямар давтамжтай үзүүлэх вэ гэдэг нь ялгаатай. Зарим нь зургаа, эсвэл дөрвөн сар тутам үзүүлэх жишээтэй.

Ер нь шил зүүчихвэл хараа муудахгүй гэсэн үг бас биш. Жишээ нь, хасах шил зүүдэг хүүхдийн шилний хэмжээ нэмэгдэх буюу хараа нь нэмж муудах гээд байдаг. Мөн түрүүнд хэлсэнчлэн ойрын харааны ачааллаас хамаарна. Гэтэл нэмэх шил зүүдэг хүүхдийнх томрох тусмаа хараа нь сайжирч, зүүхээргүй болох тохиолдол ч бий.

-Хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд эцэг, эх, асран хамгаалагч нар хамгийн түрүүнд юуг анзаарах ёстой вэ?

-Хүүхэд тань гурван нас хүрсэн л бол заавал эмчид харааг нь үзүүл гэж байнга хэлдэг. Аав, ээж нь нүдний шил зүүдэг үү, хараа нь сайн, эсвэл муу юу, хүүхдэд зовиур илэрсэн, эсэхээс үл хамааран гурван нас хүрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүлж байж л асуудал байна уу, үгүй юү гэдгийг мэднэ.

Жишээ нь, нэг нүднийх нь хараа сайн, нөгөө нь муу бол тухайн хүүхдэд ямар ч шинж тэмдэг илрэхгүй, хараад мэдэх боломжгүй. Мөн төрөлхийн хараа муутай хүүхэд юмсыг анхнаасаа бүрсгэр, сарнисан байдлаар харж өсөж байгаа учраас өөрийгөө хараа муутай гэж мэддэггүй. Тиймээс ч хүүхдээ гурван нас хүрэхээс нь өмнө заавал эмчид үзүүл гэж хэлээд байгаа юм.

Ингээд хараа нь зүгээр бол жилдээ нэг удаа үзүүлэхэд болно. Бас хүүхэд тань онийж, толгойгоо далийлгаж, духаараа харах, нэг нүдээ аньж харах, хичээлдээ дургүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл анхаарахгүй орхиж болохгүй. Тухайлбал цлиндртэй шил зүүхээр байгаа хүүхэд  духаараа харах, толгойгоо далийлгаж хажуулдаж харах шинж илрэх нь элбэг байдаг. Нүүр, толгойны байрлалаа өөрчилж харахаар сарнилт нь багасаж, арай тод хардаг учраас далийж хардаг гэсэн үг. Бас дөнгөж сургуульд орсон хүүхдүүд шугамнаас хэтрүүлж, эсвэл хэт том бичих зэрэг нь хараа муутайн шинж байх тал ч бий.

-Аль болох эрт, хүүхдийг багад нь үзүүлсний ач холбогдлыг ойлгуулах жишээ, тохиолдол байвал хуваалцахгүй юу?

-Залхуу нүд буюу мохос хараа гэж та сонссон байх. Хүүхдийн хараа муу,  хүчтэй шил зүүхээр байсныг мэдэхгүй удвал нүд нь бүдэг хардаг чигээрээ үлдэх аюултай. Шил зүүгээд ч тод харахгүй гэсэн үг. Хүүхдийн хараа гурван нас хүртлээ эрчимтэй хөгждөг. Тухайн хүүхэд төрөлхийн хараа муутай байлаа гэхэд гурван нас хүртлээ бүх зүйлийг бүрсгэр, сарниаж хараад дасчихаар тохирох шилийг нь зүүлгээд ч сайн харахгүй, засрахгүй байх жишээтэй. Гэтэл манайхан хүүхдийг сургуульд орсных нь дараа л сая анзаарч, эмчид үзүүлэх явдал нэлээд түгээмэл байна.

Ялангуяа хоёр нүднийх нь хараа өөр байгаа тохиолдолд сайн нүдээрээ хараад, муу хардаг нүд харах үйл ажиллагаанд оролцохгүй, идэвхигүй байсаар шилээр засрал авах нь муу болчихдог.

Ийм тохиолдолд шил зүүхээс гадна нүдний хаалт, эмийн эмчилгээ зэрэг олон арга хэмжээ авч байж бага багаар сайжрах ч хожуу оношлох тусам их цаг хугацаа, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Бас шил зүүхээр хүүхдийг хайхрахгүй удаан явбал хялар хараад эхэлдэг. Энэ мэт харааны асуудал нь хүүхдийн сурлага, спортын амжилт,өөртөө итгэх итгэл, цаашдын амьдралын чанарт маш нөлөөтэй.

-Хүүхдийн хараа зүйгээр дагнан ажиллахын онцлог нь юу гэж хэлэх вэ?

-Хүүхэд тохирсон шилээ зүүхээр нүүрэнд нь инээмсэглэл тодорч, дуу нь чангарч, цовоо болоод, энэ өнгө ийм гоё тод юм уу, ээж ээ, та ийм хөөрхөн юм уу гээд баярлаж байгааг нь харах сайхан байдаг.

Нөгөө талаас бүр бага, хоёр нас ч хүрээгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй хүүхдийн харааг үзэхэд амаргүй. Эмч биднээс бүрэн хамаарах учраас багажийн шинжилгээнд үндэслэн тэдний харааг тодорхойлох болдог. Шилний хэмжээг маш багаар зөрүүлэхэд л хүүхдийн нүдийг ядрааж, бүрэлзүүлдэг учраас маш хариуцлагатай ажил.

-Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан та зөвлөгөө өгөхгүй юү?

-Хүүхдийн нүдийг жилд нэг удаа заавал үзүүлж хэвшээрэй. Тэр тусмаа түрүүнд хэлсэнчлэн онийж, хялайж харах, наранд гарахаараа нэг нүдээ анидаг бол заавал үзүүлээрэй. Ер нь бага ангид байхдаа хүүхдүүдийн хараа сайн байдаг нь урьдчилан сэргийлэх үзлэгээр харагддаг. Харин дунд, ахлах ангид хараа нь муудаж, шил зүүх хүүхдийн тоо нэмэгддэг. Энэ нь нөгөө л ойрын харааны ачаалал нэмэгддэгийн илрэл гэж хэлж болно. Сүүлийн үеийн судалгааны нэгэн сонирхолтой үр дүн бий. Хүүхдийг гадаа гаргах нь хүүхдийн хараа муудахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм. Тодруулбал, өдөрт хүүхдийг хоёр цаг гадаа байлгавал хараа муудах магадлал нь бага байгааг тогтоосон. Жишээ нь, 35-аас дээш насныхны дунд холын хараа муу байх тохиолдол бусад насныхныг бодвол бага байдаг. Энэ үеийнхний өссөн орчин өөр шүү дээ. Гадаа л тоглож өссөн байдаг. Иймд биеийн тамираас гадна өөр бусад хичээлийг гадаа орчинд заахыг зорих болсон байна. Нөгөө талаас бидний амьдралаас дэлгэцийн хэрэглээг нэгэнт хасаж чадахгүй учраас 20 минут тутамд 20 секундын турш 20 feet (зургаан метр) зайд харж нүдээ амраах дүрмийг баримталж хэвшээрэй. Мөн хүүхдүүд хичээлээ давтахдаа зөв сууж сурах ёстой. Ширээн дээрх ном, дэвтрээс нүд хүртэлх зай тохой хэртэй байх шаардлагатай. Суухдаа бөгтийж, тонгойж хэт ойроос харах тусам нүдний ачаалал нэмэгддэг учраас хараа муудахад нөлөөлдөг. Зарим оронд хүүхдийг зөв суулгахын тулд ширээнд нь зориулалтын хаалт хийсэн байх жишээтэй.