Өнөөгийн нийгэмд өсвөр насны хүүхдүүд түц болон бусад газраас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч идэх нь нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зөв хооллож, чанартай хүнс хэрэглэх нь эрүүл байхын үндэс билээ. Монголд төдийгүй дэлхийд өсвөр үеийнхний дунд илүүдэл жин, таргалалт ихсэж байна. Хоногт хоол хүнсээр авах илчлэг болон хөдөлгөөний илч зарцуулалт хоорондын тэнцвэрт бус байдлаас үүдэн биеийн жин нэмэгдэж, илүүдэл жин буюу таргалалт үүсдэг. Дэлхийн хүн амын дунд илчлэг өндөртэй боловч шимт чанар багатай, тос, чихэр, давс ихтэй эрүүл бус хүнсний хэрэглээ нэмэгдсээр.

Сургуулийн хүүхдүүдийн хувьд эрүүл бус хоол, хүнсэнд багтдаг хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, бялуу, жигнэмэг, нарийн боов, чипс, шаржигнуур тэргүүтэй шарж бэлдсэн хоол хүнс ихээр хэрэглэж буй. Энэ нь илүүдэл жин, таргалалттай болох нэг шалтгаан. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр 340 сая гаруй 5-19 насны хүүхдүүд илүүдэл жин, таргалалттай буюу тархалтын хувь 18.0 байна. Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтарч "Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа" нэртэйгээр 2022-2023 онд хийжээ. Судалгааны явцад БЖИ-ийн үнэлгээ хийжээ. Энэ үзүүлэлт нь 2013 оны судалгааны дүнтэй харьцуулахад хүйсийн хувьд өссөн байна. Тэгвэл 2013 онд хийсэн судалгаагааны дүнгээр нийт суралцагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй байгаа юм.

2023 оны судалгаагаар гэрт нь хангалттай хоол хүнс байгаагүйн улмаас өлссөн суралцагчдын хувь өссөн байна. Энэ үзүүлэлт нь 2013 онд 2.4 хувь байсан бол энэ удаагийн судалгаагаар 3.1 хувь болж нэмэгджээ.

Хоол тэжээлийн илүүдлээс үүсэх таргалалт нь өсвөр насны оюун ухаан бие махбодын хөгжилд сөрөг үр дагавартай. Цаашлаад зүрх судасны өвчин, чихрийн шижин, элэг цөсний эмгэг болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдэлд хүрдэг. Тиймээс өсвөр насанд бичил шимт бодисыг хангалттай авахын тулд хоногт 2-3 аяга хүнсний ногоог идэх чухал ажээ. Мөн хүний яс булчингийн хөгжил өсвөр насанд эрчимтэй явагддаг тул энэ үед кальци хэрэгтэй. Тухайлбал, өсвөр үе буюу 11-18 насанд өдөрт авах кальцийн хэмжээ 1300 мг болж өсдөг.