“Falling Walls Lab Mongolia 2024” олон улсын эрдэм шинжилгээний форумын ялагч, МУИС-ын дэргэдэх Нано шинжлэх ухаан, нано технологийн төвийн судлаач О.Эрдэнэчимэг өнөөдөр шагналаа гардан авлаа.

Тэрээр тус форумд оролцох үедээ магистрын ажлын судалгаагаараа Япон улсад ажиллаж байсан бөгөөд эх орондоо эргэн ирэх үед нь Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга И.Батхүү шагналыг албан ёсоор гардуулан өгч 11 сарын 7-9 хооронд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах “Falling Walls Science Summit, Falling Walls Lab International” арга хэмжээнд нь амжилт хүслээ.

О.Эрдэнэчимэг “Biodegradable polymer" судалгааны төслөөрөө тэргүүн байранд шалгаран, үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн арван нэгдүгээр сарын 7-9ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах “Falling walls lab Int. Finale"-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг гардан авсан юм. Төслийн дэмжигч ШУТСАН нь үндэсний ялагчийн “Falling Walls Science Summit” арга хэмжээнд оролцох зардлыг хариуцан, залуу эрдэмтэн судлаач нараа олон улсын тавцанд өөрийн судалгааны ажлаа танилцуулах, олон улсын сүлжээнд нэвтрэх боломжийг дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн “Falling Walls Lab Mongolia” 2024 форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, мөн Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Их Сургууль; INWES - Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо, MонЦаМэ агентлаг, хэвлэлийн түншээр Mongolia press, “Energy Insight” сэтгүүл тус тус дэмжин хамтран ажилласан юм.