Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг Боловсролын зээлийн сангийн шинэчлэл ид өрнөж байна. Парламент дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулагдаад буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Тэгвэл Ажлын хэсэг 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа аж.

Шинэчлэлээс хамгийн анхаарал татаж буй нь төрийн албан хаагчдыг Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт хамруулахаар яригдаж буй аж.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал “Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно.

Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Мөн бакалаврын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан түвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв гэж үзсэн байна.  Өөрөөр хэлбэл, ахисан түвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон гэж үзсэн байна.

2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. “Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан” гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна.