Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагуудад “Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын алба хаагчдын үүрэг бус, бүх нийтийн оролцоонд тулгуурлах учиртай. Тэр тусмаа хүүхдүүдэд цэцэрлэг, сургуулиас нь эхлээд нэгдсэн мэдлэг, ойлголт өгч, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадварт суралцуулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс  энэ сарын 20-оос зургадугаар сарын 20-ны хооронд нийгмийн орчны аюулгүй байдал, байгаль, цаг уурын гаралтай аюултай үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, ахуйн орчны аюулгүй байдал зэрэг дараах дөрвөн чиглэлээр гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ЕБС-ийн II улирлын бие даалтын долоо хоногийг “Нийгмийн орчны аюулгүй байдал" сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн онцлогт тохирсон хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх, нийгмийн орчны аюулгүй байдал сэдэвт сургалт нөлөөллийн ажлыг өрнүүлж эхлээд байна.