Гаалийн шинэчлэлийн хүрээнд гаалийн үйлчилгээг ил тод нээлттэй, хүртээмжтэй болгох, иргэд, ААН-д үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс зогсоож, цахимд шилжүүлж байгаа юм.  

2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газар 150,342 гаалийн бүрдүүлэлт хийж байсан бол 2024 онд мөн 200,268 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс суудлын авто машины бүрдүүлэлт 2023 онд 51.4 хувийг эзэлж байсан бол 2024 онд 57 хувийг эзэлж байна.

Импортлогч иргэн, ААН-үүд гаальд бараагаа мэдүүлэхээс эхлээд хүлээн авах хүртэлх цагийг хэмжиж үзэхэд дөрвөн авто машинтай чингэлэгт 300 минут буюу 5 цаг зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг цахим болгосноор импортлогч иргэн, ААН гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг бараа эзэмшигч E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх эсхүл гаалийн зуучлагч байгууллагаас хэвлүүлж авах боломжтой байх юм.

Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл жилд 1,8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.